Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2018/ДШМ/036

 

О.Бт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Д.Э

Яллагдагч О.Б

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний 2018/ШЗ/244 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №06 тоот эсэргүүцлээр О.Бт холбогдох эрүүгийн 201705000182 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Гарамгүнтэн овогт О.Б, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

О.Б нь “Баянхонгор аймгийн төвд супермаркетийн сүлжээ дэлгүүр байгуулж, их хэмжээний ашиг олно, өөрийн “******* *******” ХХК-ийн 40 хувийг өгнө гэх зэргээр итгүүлж, зээл хэлбэрээр гэрээ байгуулан хохирогч Д.Эаас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр их хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: О.Бын Баянхонгор аймагт ирж “******* *******” ХХК-ийн маркетинг болон цаашдын зорилго, төлөвлөгөөний талаар сургалт хийсэн, “******* *******” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулхаар Д.Эаас мөнгө зээлсэн” гэх мэдүүлгээс үзэхэд “******* *******” ХХК-ийг /хуулийн этгээд/ үүсгэн байгуулж Улсын бүртгэлийн №0000083955 дугаар гэрчилгээтэй, гүйцэтгэгч захирлаар О.Б томилогдсон тухай улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлтийн талаар 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл бичилт хийгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл бичилт хийгдээгүй ба “******* *******” ХХК нь одоо үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх, уг хуулийн этгээд нь хуульд заасан журмын дагуу татан буугдсан, улсын бүртгэлээс хасагдсан эсэх, мөн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргах албан тушаалтан байгаа эсэх буюу хэдэн хүний гишүүнчлэлтэй талаар холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 2-т “Хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтны, эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө үйлдэл хийсэн хүний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамт явагдана” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж тус тус заасан байхад “******* *******” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хуульд тодорхойлон заасан байхад огт ажиллагааг хийгээгүй орхигдуулсан.

2. Яллагдагч О.Бын “Д.Э бид 50.000.000 төгрөгийг 2 сарын хугацаагаар, 10 хувийн хүүтэй, нэг хоногийн алдангийг зээлсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож өгөхөөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулж Д.Э нь “******* *******” ХХК-ийн Голомт банкны дансанд хийсэн, дараа буюу 2016 оны намар Д.Э бид хоёр Улаанбаатарт уулзаад 50.000.000 төгрөг, түүний алданги нэмэгдээд нийт 70.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай буцааж өгөхөөр дахин гэрээ байгуулж нотариатаар батлуулсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Эын “50.000.000 төгрөг зээлчих, би танд 100.000.000 төгрөг болгоод өгнө, би Баянхонгор аймагт “******* *******” гээд сүлжээ дэлгүүр нээнэ тэгэхээрээ танд 40 хувийг нь өгнө, итгэхгүй бол та надтай нотариатаар гэрээ байгуулчих гэхээр би зээлийн гэрээ байгуулж мөнгийг өөрийн данснаас түүний ******* ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлгүүд, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан, зээлийн гэрээнд зээлдүүлэгч Д.Э, зээлдэгчээр О.Б, *******, ******* нар гарын үсэг зурсан байхад *******, ******* нараас уг гэрээнд ямар учраас гарын үсэг зурсан, “******* *******” ХХК-ийн гишүүнчлэлтэй эрх бүхий этгээд мөн эсэх талаар тодруулж мэдүүлэг аваагүй.

3. Голомт банкны 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №10/263 тоот “тус банкинд Отгондэлгэр овогтой Б /ПЕ89030839/ хадгаламжийн данс байхгүй, харин ******* Холдинг ХХК нь тус банкинд харилцах болон хадгаламжийн данстай” гэх албан бичиг,

Голомт банкны “******* Холдинг” ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөгийн орлого Д.Эаас зээлүүлэв” гэх дансны хуулга хэрэгт авагдсан боловч аливаа хуулийн этгээдэд холбогдох гүйлгээ, зарлагыг хийхдээ баталгаат гарын үсгээр гүйлгээ хийдэг талаар Банкны тухай хуульд хуульчилсан бөгөөд тухайн хуулийн этгээд нь харилцах данснаас гүйлгээг хэний баталгаат гарын үсгээр хийгддэг талаар Голомт банкнаас баримт авагдаагүй буюу хэний баталгаат гарын үсгээр уг гүйлгээ хийгдсэн болох.

4. Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн № 04 дугаар, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №10 дугаар, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10 дугаар прокурорын даалгавраар хэрэгт ажиллагаа хийлгэхээр даалгасан боловч уг прокурорын даалгаварт заагдсан ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл Прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №04 дүгээр даалгаврын 6 дахь хэсэгт “шаардлагатай зүйлийн талаар өөрийн санаачлагаар асууж тэмдэглэлд тусгах зэрэг асуултуудыг тавьж гэрчээр мэдүүлэг авч, программд үзлэг хийж тэмдэглэл, баримтыг ирүүлэх” мөн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №10 дугаар, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10 дугаар даалгаварт “хохирогч нараас мэдүүлэг авах” гэх мэт.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.3-т “шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх” гэж заасан байхад 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн даргын тогтоолоор мөрдөн байцаагч Б.Исагаас мөрдөн байцаагч *******эд шилжүүлсэн боловч мөрдөгч *******ээс мөрдөгч *******д шилжүүлсэн тогтоол байхгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заагдсан нотолбол зохих байдлыг нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №06 дугаар эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. ******* ******* ХХК-ний бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт хавсаргасан. Уг ХХК нь О.Бын үүсгэн байгуулсан нэг хүний компани юм. Уг компани нь 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй болох нь яллагдагчийн мэдүүлгээр тодорхой авагдсан. Гишүүнчлэлийн хувьд уг хэрэгт 1000 гаран хүн асуух шаардлагатай байсан тул хэргийг тусгаарлаж зөвхөн Д.Эыг залилж 50 сая төгрөг авсан үйлдэлтэй холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн тул шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийлгэх шаардлагагүй болно.

2. Яллагдагч О.Б нь хохирогч Д.Эаас 50 сая төгрөгийг авахдаа дангаараа гэрээ байгуулсан. Сүүлд нь зээлээ төлөхгүй удаашрахдаа дахин гэрээ байгуулсан бөгөөд энэ үед *******, ******* нараар хамт гарын үсэг зуруулсан. О.Б нь анх үйл ажиллагаа явуулах боломжгүй байхдаа хохирогчийг төөрөгдүүлж мөнгө залилсан. Иймд дээрх хүмүүсийг гэрчээр асуух шаардлагагүй болно.

3. Зарлагын гүйлгээг зөвхөн О.Бын гарын үсгээр хийгддэг талаар хэрэгт О.Б мэдүүлсэн болно.

4. Прокурорын даалгавруудад заагдсан ажиллагааг бүрэн хийгдээгүй гэсэн нь үндэслэлгүй. 2014 оны 11 дүгээр сард супермаркетийн сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна гэж элсэлтийн хураамж нэрээр 15.000 төгрөгийг нийт 1000 хүнээс цуглуулж 15 сая төгрөг, үйл ажиллагааны зардал гэж нэр бүхий 5 хүнээс 4.550.000 төгрөг залилж авсан гэх эрүүгийн 201705000154 дугаартай хэрэгт хийгдэх ажиллагааг зааж бичсэн бөгөөд эрүүгийн 201705000154 дугаартай хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно.

Эрүүгийн 201705000182 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон буюу яллагдагчийн хохирогч Д.Эаас 50 сая төгрөг залилсан гэх хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Мөн эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуулийн этгээдийн талаар тусгаагүй болно.

Харин 201705000154 дугаартай 2014 оны 11 дүгээр сард супермаркетийн сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна гэж элсэлтийн хураамж нэрээр 15000 төгрөгийг нийт 1000 хүнээс цуглуулж 15 сая төгрөг, үйл ажиллагааны зардал гэж нэр бүхий 5 хүнээс 4.550.000 төгрөг залилж авсан гэх хэрэгт олон хохирогч тогтоон холбогдох ажиллагаа хийгдэх шаардлагатай тул хэргийг тусгаарлаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

О.Б нь “Баянхонгор аймгийн төвд супермаркетийн сүлжээ дэлгүүр байгуулж, их хэмжээний ашиг олно, өөрийн “******* *******” ХХК-ийн 40 хувийг өгнө гэх зэргээр итгүүлж, зээл хэлбэрээр гэрээ байгуулан хохирогч Д.Эаас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр их хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогдож түүнд Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс О.Бын үүсгэн байгуулсан “******* *******” ХХК нь одоо үйл ажиллагаа явуулдаг эсэх, уг хуулийн этгээд нь хуульд заасан журмын дагуу татан буугдсан, улсын бүртгэлээс хасагдсан эсэх, мөн хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргах албан тушаалтан байгаа эсэх буюу хэдэн хүний гишүүнчлэлтэй талаар холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хуульд заасан байхад “******* *******” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар холбогдох ажиллагааг хийлгүй орхигдуулсан,

Хохирогч Д.Этай 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан, зээлийн гэрээнд зээлдүүлэгч Д.Э, зээлдэгчээр О.Б, *******, ******* нар гарын үсэг зурсан байхад *******, ******* нараас уг гэрээнд ямар учраас гарын үсэг зурсан, “******* *******” ХХК-ийн гишүүнчлэлтэй эрх бүхий этгээд мөн эсэх талаар тодруулаагүй,

Голомт банкны “******* Холдинг” ХХК-ийн данснаас гүйлгээг хийхдээ хэний баталгаат гарын үсгээр хийгддэг талаар лавлагааг гаргуулж аваагүй,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт хийгдвэл зохих прокурорын даалгаварууд бүрэн гүйцэт хийгдээгүй,

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч нар эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн хэмээн нийт таван үндэслэл дурдаж хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүхээс О.Бт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

О.Б нь хохирогч Д.Эаас 50.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх гэмт хэргийг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн байх бөгөөд хэрэв түүнийг шүүхээс уг гэмт хэрэгт нь гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд түүний үүсгэн байгуулсан гэх “*******” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжгүй бөгөөд энэ талаар дурдсан шүүгчийн захирамжийн 1 дэх хэсгийн холбогдох заалтууд үндэслэлгүй байна.

Учир нь: Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн, О.Быг 2015 оны 4 дүгээр сард тухайн гэмт хэргийг үйлдэхэд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” хэмээн заасан бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” хэмээн заасан тул түүний “*******” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд заасан дээрх зарчмыг зөрчсөн зөрчилд тооцогдох учир шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн уг хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин шүүгчийн захирамжид дурдагдсан бусад үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт “Нотолбол зохих байдал”-д хамаарч байгаа буюу зайлшгүй хийгдвэл зохих ажиллагаанууд байх тул хэвээр үлдээн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн О.Бт холбогдох 201705000182 дугаартай хэргээс гадна түүний 2014 оны 11 дүгээр сард супермаркетийн сүлжээ дэлгүүр Баянхонгор аймгийн төвд байгуулна гэж элсэлтийн хураамж нэрээр 15000 төгрөгийг нийт 1000 хүнээс 15 сая төгрөг, үйл ажиллагааны зардалд нэр бүхий 5 хүнээс 4.550.000 төгрөг залилж авсан гэх эрүүгийн 201705000154 дугаар хэргийг тусгаарлан шалгаж байгаа талаар холбогдох баримтууд хэрэгт авагдсан байгаа бөгөөд түүний үйлдсэн гэх дээрх гэмт хэргүүдэд нь шүүхээс гэм буруутай гэж үзвэл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдвол эдгээр шийтгэх тогтоолуудыг хэрхэн нэмж нэгтгэх талаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд зохицуулагдаагүй тул эрүүгийн 201705000182 дугаартай хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн уг хоёр хэргийг нэгтгэн шалгахад хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх, О.Бт хүнд ялтай ялтай хуулийн зүйл хэсэг заалт хэрэглэх үндэслэл байгаа эсэх, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлөх зэргийг хянан үзэлгүйгээр хэргийг тусгаарласан нь буруу байх тул О.Бт холбогдох эрүүгийн 201705000182, 201705000154 дугаартай хэргүүдийг нэгтгэн шалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид нэмэлт өөрчлөлт оруулсан болно.

Иймд хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЗ/244 дүгээр шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 1 дэх заалтын энэ магадлалд дурдсан зарим хэсгийг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №06 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. О.Бт холбогдох эрүүгийн 201705000182 дугаартай хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд дурдсан үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаасугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ