| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Оюун |
| Хэргийн индекс | 116/2020/0006/З |
| Дугаар | 06 |
| Огноо | 2020-03-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “******* Баяндун *******” ЗБН-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* Баяндун *******” ЗБН-ийн захирал Ө.*******, хариуцагч Баяндун сумын ИТХ-ын дарга Б.*******, түүний өмгөөлөгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* Баяндун *******” ЗБН шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* Баяндун *******” ЗБН нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоол, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт зэрэгт нийцүүлэн сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус сумын Түргэн багийн “Нүхт” гэх газарт хайлуур жонш олборлох бичил уурхайн үйл ажиллагааг 2018 оны 11 сараас эхлэн явуулж байна. Биднийг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон төлөөлөгч нарын зүгээс үйл ажиллагааг зогсоох зорилго бүхий олон удаагийн шахалт, дайралтыг үзүүлсээр ирсэн. Дээрх ажиллагааны нэг жишээ нь тус нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг мөн хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор хууль бусаар хүчингүй болгосон явдал юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороог байгуулан ажиллуулж, хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана”, 24 дүгээр зүйлийн 24.1 “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3 “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гэрээ шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заажээ.
Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар тогтоолоор хуралдааны товыг тогтоож, хэлэлцэх асуудлыг баталсан хэдий ч 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолыг хэлэлцэхээр батлаагүй болно. Өөрөөр хэлбэл хэлэлцэх асуудлын хүрээнд хамрагдаагүй тогтоолыг тухайн өдрийн хуралдаанаар шууд хэлэлцүүлэн хүчингүй болгосон нь холбогдох хуулийг зөрчсөн асуудал болжээ.
Иймд Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Баяндун сумын ИТХ-ын дарга Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн иргэдийн Hийтийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тус багийн “Нүхт” нэртэй газар бичил уурхайн чиглэлээр “*******” уул уурхайн нөхөрлөлийг иргэдийн олонхийн саналаар дэмжиж, дээд шатны байгууллагад уламжилж ажиллахыг багийн Засаг даргад даалгажээ.
...“******* Баяндун *******” ЗБН нь Газрын тухай хуулийн 16.1.11, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 3.4-т заасны дагуу кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж бичил уурхайн үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулалгүй хууль зөрчиж байгаа талаар сумын иргэдээс өргөдөл гаргаж уг бичил уурхайн үйл ажиллагааг зогсоохийг шаардаж ирсэн. . ..Баяндун уулыг Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор 25 жилийн хугацаатайгаар тусгай хамгаалалтанд авсан.
Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “...хурлаар хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж батална...” гэж заасан. Энэ заалтын дагуу өмнө гаргасан тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох, иргэдийн өргөдөл гомдлыг хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдсан байдаг. Хуралдаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч болон Засаг дарга асуудал оруулах эрхтэй байдаг. Хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэх явцад Хурлын төлөөлөгчөөс хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор санал гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Хурлын хуралдааны дэгийг баталсан. Энэхүү дэгийн дагуу дээрх асуудал хэлэлцэгдэж, олонхийн саналаар дэмжигдсэн учир тухайн шийдвэр гарсан. Батлагдсан дэгийн дагуу үйл ажиллагаа явагдсан учир хууль зөрчсөн зүйл байхгүй.
Иймд “******* Баяндун *******” ЗБН-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан дээрх тогтоол хамааралгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар эдгээр субъектүүдэд эрхийг нь зааж өгсөн. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар дээрх субъектүүд тухайн шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал оруулаагүй бол хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт хэрэгжих боломжгүй. Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны явцад Хурлын төлөөлөгч *******оос 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох санал гаргасан. Үүнийг хэлэлцэх эсэх асуудлыг хуралдааны дэгээр “...Төлөөлөгч хэлэлцэх асуудлаас өөр асуудлаар санал гаргавал тухайн асуудлыг хэлэлцэх эсэх асуудлаар нийт төлөөлөгчөөс санал хураалт явуулж дийлэнх олонхи дэмжсэн тохиолдолд шийдвэрлэнэ...” гэж зохицуулж өгсөн байдаг. Үүний дагуу шийдвэрлэсэн. Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тус Хурлын хуралдааны дэгийн 12.5-д “...хурлаар хэлэлцэж байгаа асуудлаас гадна иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хурлын явцад нэмж асуудал хэлэлцүүлэх санал гаргасан бол санал хураалт явуулж олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол шийдвэр гаргаж болно...” гэж заасан. Үүнийг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар баталсан хэлэлцэх асуудлаас гадна нэмж 2 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. “******* Баяндун *******” ЗБН нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 9 дүгээр хуралдааны 13 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 355 дугаар тогтоолыг зөрчсөн гэж нийт төлөөлөгч нар үзсэн.
Иймд энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Түүнчлэн одоо үйл ажиллагаа явуулж байгаа газар нь Баяндун сумын Түргэн багийн нутаг дэвсгэрт байх “Дун” уул байгаа. Үүнийг Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор 25 жилийн хугацаатайгаар тусгай хамгаалалтанд авсан. “******* Баяндун *******” ЗБН-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газар нь кадастрын бүртгэлд бүртгэгдээгүй, хуулиараа газрыг тусгай хэрэгцээнд авсан бол дүгнэлт гаргуулж байж тухайн газарт үйл ажиллагаа явагдах ёстой. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль ойлгоогүйгээс болсон байна.
Иймд тус Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоол нь хууль зөрчөөгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* Баяндун *******” ЗБН нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1]. Тэрээр үндэслэлээ: ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хуралдааны тов тогтоож, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэлэлцэхээр батлаагүй, ...нөхөрлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар урьдчилж мэдэгдээгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг зөрчсөн гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор[2] сумын ИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг[3] хүчингүй болгосон байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу, Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдааныг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, тус хуралдаанаар[4]:
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны ажлын тайлан,
2.Сумын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт,
3. Сумын 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай,
4. Сумын 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөө батлах тухай,
5. Сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах,
6. Сумын ИТХ-ын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хэрэгжилт, иргэдийн өргөдөл хүсэлт хэлэлцэх” зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр тогтжээ.
Үүний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сумын “Соёлын төв”-д ...ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч оролцсоноор 90.4 хувийн ирцтэйгээр эхэлж, ...хуралдааныг Хурлын дарга Б.******* удирдан явуулж ...дээрхи асуудлыг хэлэлцүүлсэн болох нь сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 28 дугаар тогтоол, Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл[5], сумын ИТХ-ын хуралдааны тэмдэглэл[6], хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлын 6-рт[7] “2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолын хэрэгжилт, иргэдийн өргөдөл хүсэлт хэлэлцэх тухай асуудал”-ыг танилцуулан хэлэлцүүлэх явцад “******* Баяндун *******” ЗБН холбоотой асуудал хөндөгдөж, ... сумын Засаг дарга[8] нь Хурлын төлөөлөгчдөд хандаж, ... “******* Баяндун” ******* нөхөрлөлтэй хийсэн ...гэрээгээ цуцлах ёстой гэж ойлгоод байх шиг... 2015.05.22-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарсан, ...151 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу гэрээ байгуулж ажилласан, ... 2015.10.06-ны өдрийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа хэмээн тайлбарлан танилцуулж, Тодруулбал: 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрыг тогтоох тухай” 03 дугаар тогтоол нь “Бичил уурхайн зориулалт”-аар ...дүгнэлт гаргуулахаар Геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлт тавихыг сумын Засаг дарга /Б.Батжав/-д зөвшөөрсүгэй гэжээ.
Сумын Засаг дарга нь дээрхи шийдвэрийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1/474 дүгээр албан бичгээр[9] Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агегтлаг Ашигт малтмалын газарт уламжилсаны дагуу ...2016.01.26-ны өдрийн 5/515 тоот[10] ...тус солбицол бүхий газрыг дахин судлан үзээд 2015.12.04-ний өдрийн 6/9620 тоот албан бичгээр[11] боломжтой гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байдаг.
Хариуцагч Хурлын дарга нь шүүх хуралдаанд ...өмнө нь энэ асуудлыг хэлэлцэхээр тогтсон зүйл байхгүй, сумын Засаг даргын мэдээллийг сонсох явцад төлөөлөгчөөс санал гаргаад шийдвэрлэсэн, ...өөр тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээллийг Засаг даргаас сонсох асуудал орсон учраас нөхөрлөлд мэдэгдэх шаардлагагүй... гэж үзсэн[12] хэмээн “******* Баяндун” ЗБН-д мэдэгдэж, оролцуулаагүй талаар тайлбарлаж байгаа боловч, түүний өмгөөлөгч нь сумын ИТХ-ын хуралдааны дэгийн 12 дугаар зүйлийн 12.5[13] “Хурлаар хэлэлцэж байгаа асуудлаас гадна иргэдийн Төлөөлөгч Хурлын явцад нэмж асуудал хэлэлцүүлэх санал гаргасан бол төлөөлөгчийн гаргасан саналаар санал хураалт явуулж олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргаж болно” хэмээн тайлбарласны дагуу Хурлын хуралдааны тэмдэглэлээс үзэхэд: ...холбогдох асуудлын талаар хуралдааны эхэнд төлөөлөгч албан ёсоор санал оруулаагүй, хуралдааны явцад хэлэлцэгдэж буй асуудалтай холбогдуулан Хурлын төлөөлөгч Х.*******[14] ... материал юмаа бэлдээд оруулах, ... тооцоо судалгаа харах материал байхгүй юмыг хэлэлцүүлнэ” гэж байхгүй хэмээн тайлбарлаж бусад төлөөлөгчид нь ч дэмжсэн байдаг. Гэтэл Хурлын төлөөлөгч Б.*******[15] нь хуралдааны явцад 2015.10.06-ны өдрийн 03 дугаар тогтоол хүчинтэй байгаа, ...хүчингүй болгох талаар санал оруулна хэмээн хэлэлцэх асуудлын талаар урьдчилан судалж бэлтгээгүй, ... шийдвэр гаргах хүрээнд тавьж байгаа нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. “Аймаг, Нийслэл, сум дүүргийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах” ..., 24 дүгээр зүйлийн 24.3. “... холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” заасныг зөрчжээ.
Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 “хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” дагуу сумын ИТХ-ын 2016 оны 03 дугаар тогтоолоор баталсан дээрхи Хурлын хуралдааны дэгийн 12 дугаар зүйлийн 12.5 ...холбогдох хуульд нийцүүлэн, тодорхой болгох нь зүйтэй.
Сумын ИТХ-ын төлөөлөгчид нь эрх хэмжээнийхээ хүрээнд захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах”, 26 дугаар зүйлийн 26.1 тухайн шийдвэрийг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгох, 27 дугаар зүйлийн 27.4. “...сонсох ажиллагааг явуулах” заасныг зөрчсөн байна.
Хариуцагч Баяндун сумын ИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хурлын хуралдаанаар хэлэлцэхээр тогтоогүй асуудлыг хөндөж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болох 09 дүгээр тогтоолыг батлан гаргаж байгаа нь, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6. ” ...зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хэрэгжүүлээгүй байна.
Иймд Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* Баяндун *******” ЗБН-ийн, Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сумын ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “******* Баяндун *******” ЗБН-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баяндун сумын ИТХ-н ажлын албанаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОЮУН
[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас
[2] Хавтаст хэргийн 31-р хуудас
[3] Хавтаст хэргийн 72-р хуудас
[4] Хавтаст хэргийн 30-р хуудас
[5] Хавтаст хэргийн 115-119-р хуудас
[6] Хавтаст хэргийн 103-114-р хуудас
[7] Хавтаст хэргийн 103-105-р хуудас
[8] Хавтаст хэргийн 106-р хуудас
[9] Хавтаст хэргийн 73-р хуудас
[10] Хавтаст хэргийн 89-р хуудас
[11] Хавтаст хэргийн 5-р хуудас
[12] Хавтаст хэргийн 106-107-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл
[13] Хавтаст хэргийн 139-р хуудас
[14] Хавтаст хэргийн 104-р хуудас
[15] Хавтаст хэргийн 104-р хуудас