Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э ургийн овогт Б-ийн О-д холбогдох эрүүгийн 2135000000160 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э ургийн овогт Б-ийн О, 1978 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын нэгдүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар: ............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Увс аймгийн Зүүнхангай сумын нэгдүгээр багийн нутагт хохирогч Б.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр талууд эрүүгийн 2135000000160 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 03-05 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 9 дүгээр хуудас/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 10-12 дугаар хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 14-17 дугаар хуудас/, хохирогч Б.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Б.О-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Ш.Т-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч М.С-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Д.Б-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Б.Б-оос мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Ц.Б-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, согтуурал шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 419 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 62-63 дугаар хуудас/, криминалистикийн шинжээчийн 21/58 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 73-79 дүгээр хуудас/, хохирогч Б.Б-ын Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдлийг /хх-ийн 133 дугаар хуудас/, яллагдагч Б.О-гийн Увс аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтийг /хх-ийн 139 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэрч Ж.Б-оос мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, шүүгдэгч Б.О-гоос яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг /хх-ийн 100 дугаар хуудас/, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 701 дугаартай албан бичгийг /хх-ийн 105 дугаар хуудас/, Увс аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаартай албан бичгийг /хх-ийн 107 дугаар хуудас/, Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн Засаг даргын тодорхойлолтыг /хх-ийн 120 дугаар хуудас/, гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбарыг /хх-ийн 121-126 дугаар хуудас/, малын А дансны хуулбарыг /хх-ийн 127-130 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О “Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байтал Б.Б, Ц.Б, Б.Б-ийн эхнэр н.Наранцэцэг гурав орж ирсэн. Тэгээд эхнэр маань хоол хийгээд, би авдарт байсан 0.75 литрийн хэмжээтэй архийг гаргаж задлаад бид тавуулаа хувааж уусан. Тэгж байтал Б.Б өврөөсөө нэг шил архи гаргаж ирснийг уугаад, мөн Ц.Б гэрээсээ архи авч ирсэн бөгөөд түүнийг уугаад сууж байтал Б.Б гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд Б.Б манайхаас яваад би ч согтоод болсон үйл явдлыг сайн мэдээгүй, хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна. Гэрт байсан хутгаар Б.Б-ын биед халдсан нь миний буруу” гэх мэдүүлэг гаргажээ.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

- Хохирогч Б.Б-ын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...Д ах Б.Б бид хоёрыг гэр ачаад өг гэсэн тэгээд Б.Б-ийн портер загварын машин асааж Д ахын сумын төвд байх гэрт нь очиход Д ах Б.Б бид хоёрт нэг шил Экс нэртэй 0.5 литрийн архи задалсан. Бид гурав тэр архийг хувааж уугаад гэртээ очоод байж байгаад эргэж хашаан үүдэн дээр гарч иртэл Б.Б-ийн машин Б.О-гийн хашааны гадна талд зогсож байсан. Би Б.О-гийн гэрт явж ороход Б.О, түүний эхнэр н.С, Б.Б, түүний эхнэр н.Наранцэцэг, Ц.Б тавуулаа нэг шил 0.5 литрийн Экс нэртэй архи уугаад сууж байсан. ...Баагийг явуулчхаад Паасгийн гэрээс гараад явж байтал Б.О ээж н.Цэндээгийн хашааны үүдэн дээр зүүн гартаа хутга барьчихсан зогсож байсан. Би “чи унтаж амрахгүй хутга барьчихсан юу болж байна” гэхэд “чамд хамаа байхгүй” гэж хэлээд миний баруун гуя руу шир хийгээд хутга орсон. Тэгээд би гэрийн хашааны дааман нээлттэй байсан тул гэр лүүгээ гүйж ороход ээж, аав хоёр гэрт байсан...” гэх мэдүүлэг[1],

- Гэрч Ш.Т-ын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...17 цагийн үед манай хамар хашааны Б.О гэгч залуу манай хүү Б.Баас 2019 онд нэг адуу авсан юм. Тэрний үнэ 500’000 төгрөгийг авах санаатай ороход Б.О, түүний эхнэр М.С, манай хүү Б.Б, Ц.Б, Б.Б, түүний эхнэр н.Наранцэцэг нар архи ууцгааж байсан. Би “та нар ууж идэх болохоор мөнгө төгрөгтэй болчихдог, хүнээс авсан юмаа өгөхөө мэддэггүй” гэж хэлэхэд “би танд өгөхгүй гэж байгаа юм биш, өгнө” гэж Б.О хэлсэн. ...оройн 22 цагийн үед манай залуу Б.Б гаднаас гүйж орж ирээд биен чичрээд дээлийнхээ бүс тайлж байтал өмд нь цус болчихсон байсан. ...Б.Б-аас юу болсон талаар асуухад “би хашаан гадна талд Ц эгчийн гэр лүү орж байтал миний урд талаас Б.О гарч ирээд үгийн зөрөөгүй миний гуя руу хутгалчихлаа, би догонцож зугтаад гэр лүү орж ирлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[2],

- Гэрч Д.Б-ын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Зүүнхангай сумын Хайрхан багийн 2-11 тоотод байх өөрийн гэрт 11 цаг 05 минутад халдваргүйжүүлэгч эмч н.Б-ын хамт очиж үзлэг хийсэн. Тухайн үед Б.Б-ын биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, артерийн даралт 140/100, сатурац 96%, зүрхний цохилтын тоо 82 баруун талын хөлийн гуяны ар хэсэгт нэлэнхийдээ хавдартай шилбээр дарж үзэхэд эмзэглэлтэй гуяны ар хэсэгт 2-3 см орчим зүсэгдсэн шархтай цус бага зэрэг шүүрч байсан...” гэх мэдүүлэг[3],

- Б.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...архи уугаад сууж байтал тэдний гэрт Б.Б гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд Ц.Б-гийн авч ирсэн архийг бид зургаа уугаад юм яриад сууж байтал Б.Б-ын ээж Түмээ эгч орж ирээд Б.О-той зүүн орон дээр сууж байгаад чи тэр найзаасаа авсан 500’000 төгрөг өгөөч гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг[4],

- 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 419 дугаартай “...Б.Б-н баруун гуянд зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ....Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Баруун гуяны зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл юм...” гэх дүгнэлт [5],

- Шүүгдэгч Б.О-гийн яллагдагчаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...Тиймээ би иргэн Б.Б-ыг хутгалсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учраас тийм үйлдэл гаргасан. Би гаргасан буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг[6] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Увс аймгийн Зүүнхангай сумын нэгдүгээр багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Б.О согтуурсан үедээ хохирогч Б.Б-ын баруун гуянд нэг удаа хутгалж, хохирогчийн биед баруун гуяны зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн биед учирсан “баруун гуяны зүсэгдсэн шарх, цус хуралт” гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 419 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Б.О нь үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг хэрэглэж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.О-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.Б “...Б.О нь эмчилгээний зардал болон бусад зардлыг барагдуулж өгсөн болно. Тийм учраас Б.О-гоос нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх хүсэлт[7] гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “...шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500’000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх...” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байгаа. Энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй. Прокурортой ял тохиролцсон учир энэ хэмжээнд нь ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч П.П-гийн “...Б.О нь бусдад их тусархуу байгаа зүйлээрээ тусалдаг. Миний хувьд их сайхан сэтгэлтэй болов уу гэж анзаарагддаг. Гэр бүлийн хувьд тогтвор суурьшилтай...” гэх мэдүүлэг[8], гэрч Ж.Б-ын “...Б.О нь бусдад их тусархуу эелдэг зантай. Өөрөө хэл муутай тул бусадтай нэг их харилцаад байдаггүй...” гэх мэдүүлэг[9], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн Засаг даргын тодорхойлолт[11], Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[12] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багт эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнссэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг болон эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор өнгийн иштэй төмөр хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ургийн овогт Б-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Б.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор өнгийн иштэй төмөр хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 20-21 дүгээр хуудас

[2] хх-ийн 25-26 дугаар хуудас

[3] хх-ийн 31 дүгээр хуудас

[4] хх-ийн 36-37 дугаар хуудас

[5]  хх-ийн 62-63 дугаар хуудас

[6] хх-ийн 93-94 дүгээр хуудас

[7] хх-ийн 133 дугаар хуудас

[8] хх-ийн 42-43 дугаар хуудас

[9] хх-ийн 45-46 дугаар хуудас

[10] хх-ийн 111 дүгээр хуудас

[11] хх-ийн 120 дугаар хуудас

[12] хх-ийн 114-118 дугаар хуудас