Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 112

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1965 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багт оршин суух Харчу овгийн Гомбосүрэнгийн Оюунчимэгийн /РД:АМ65020222/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1962 онд төрсөн, хувийн малаа малладаг, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1-р багт оршин суух Боржигон овгийн Балдангийн Пүрэвжавт /РД:АИ62030119/ холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Оюунчимэг, хариуцагч Б.Пүрэвжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Г.Оюунчимэг нь Б.Пүрэвжавтай 1997 онд танилцан, улмаар хамт амьдарч бидний хамтын амьдралын хугацаанд 1999 онд хүү П.Ананд, 2004 онд хүү П.Аюушжав нар мэндэлсэн. Бид хамтран амьдарч гэр бүл болсноос хойш 20 гаруй жил хамт амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ албан есоор бүртгүүлээгүй. Манай нөхөр Пүрэвжавын зан ааш 2012 оноос эхлэн эвдэрч намайг байнга зодох болсон бөгөөд хэл амаар доромжилж хоёр хүүхэдтэй минь гэрээс хөөж туун хамт амьдрахад хэцүү дарамттай байх болсон юм. Хамгийн сүүлд 2016 оны 11 сарын 30-нд намайг зодсоны улмаас миний баруун талын 2 дахь хавирга хугарч, баруун чихний зөөлөн эд гэмтсэн. Одоо миний хоёр чих хоёулаа хий юм шуугисан, юм дуулахгүй, тархи доргилттой, явган явж байхад толгой өвддөг, дотор муухайрдаг зовиуртай болсон. Би цаашид Пүрэвжавтай хамт амьдрах хүсэлгүй болж, 2016 оны 11 сарын 30-наас хойшхи хугацаанд тус тусдаа амьдарч байна. Хүү П.Ананд 2017 оны 01 сарын 08-нд 18 насанд хүрнэ. Бага хүү П.Аюушжав одоо 13 настай эсэн мэнд эрүүл бойжиж байна. Бага хүүгээ би өөрийнхөө асрамжинд авах хүсэлттэй, цаашид Пүрэвжавтай хамт амьдрахгүй. Иймээс бага хүү Аюушжавыг миний асрамжинд үлдээн, Пүрэвжаваас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. ... Б.Пүрэвжавын нэр дээрх Хаан банкны дансанд бидний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн мөнгөн хөрөнгө байгаа. Энэ мөнгөн хөрөнгө нь бидний малын ашиг шимийн үр дүнд бий болсон, хамтын хөдөлмөрөөр олсон орлого бөгөөд дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн юм. Иймээс хариуцагч болох Б.Пүрэвжаваас 2 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Пүрэвжав шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Пүрэвжав миний бие Г.Оюунчимэгтэй 1995 оноос хойш амьдарч 1999 онд хүү Ананд, 2004 онд хүү Аюушжав нар мэндэлсэн. Бид хамтран амьдарч гэр бүл болсноос хойш 20 гаруй жил хамтран амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. Хүү Ананд 2017 оны 01 сарын 08-нд 18 насанд хүрсэн. Хүү Аюушжав 14 хүрч байгаа. Бага хүү Аюушжавыгаа өгөхгүй өөрийнхөө асрамжинд байлгана. Цаашид Г.Оюунчимэгтэй хамт амьдрах хүсэлттэй байна. Нэхэмжлэгч Г.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ хадгаламж нь миний нэр дээр байдаг миний хувийн өмч. Миний нэр дээрх Хаан банкны дансан дахь мөнгөнөөс Г.Оюунчимэгт 2016 оны 12-р сарын 14-ний өдөр би 2.000.000 төгрөгийг Г.Оюунчимэгийн Төрийн банкан дахь 18210003773 тоот дансанд шилжүүлсэн. Одоо миний дансанд нэг ч төгрөг байхгүй. 2 хүүхдийн хэрэгцээнд үлдсэн мөнгөө зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Пүрэвжав нь 2012 оноос эхлэн намайг зоддог болсон. Тэгж байгаад нэг хэсэг зодох нь гайгүй болсон боловч 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс илүүтэй зоддог болсон. Ер нь Б.Пүрэвжав намайг зодож байхад ах дүү нар нь “Та нарын амьдрал бид нарт хамаагүй” гээд бараг л больж гээд ерөөсөө авч хэрэгсдэггүй. Би одоо өөрийнхөө дүүтэй хамт гэр барьж амьдарч байгаа. Б.Пүрэвжавын охин дүүгийнхтэй нь айл байхад нэг удаа муудалцсан. Тэгээд дүүгийнд нь орчихоод гараад ирсэн чинь Б.Пүрэвжав 2 сандал давхарлаж тавиад тооноос хазаарын жолоогоор гогцоолдчихсон байсан. Тэгээд буулгатал боосон мяндсаараа хоолой нь хэрчигдсэн байсан. Б.Пүрэвжав бид гурвыг гурвууланг нь дарамталж, загнадаг. Хоёр хүүхдээ үзэхээр илүүтэй хэрүүл хийдэг. Бид 2 ажлаас болж маргалддаггүй. Дандаа намайг муу муухайгаар бодож, хардаж хэрүүл хийдэг. Б.Пүрэвжав эрүүлдээ ч согтуудаа ч намайг зоддог. Б.Пүрэвжав намайг байнга толгой руу цохиж, зоддог. Хүн чинь энэ тэнд нь цохиод хөхрүүлдэг байтал Б.Пүрэвжав ерөөсөө тэгдэггүй. Газар савж унагааж байгаад ар дагзаар дандаа нүддэг. Тэрнээс болоод одоо би тархи толгойн өвчтэй, 2 чих дүлий болсон. Алсаас амны багцаагаар л ойлгодог. Өвөл зодуулаад 2 чих таг дүлий, явж чадахгүй болчихсон. Б.Пүрэвжавыг зодож, цохиж байхад нь Хотонтын цагдаад хэлж байсан. 2012, 2013 онд байсан санагдаж байна. Сая зодоод бүр болохгүй болохоор нь цагдаад өгсөн. Гэмтлийн зэрэг нь хөнгөн гэмтэл гэж гарсан. Гэтэл Б.Пүрэвжав “Би шоронд явах болчих гээд байна. Намайг мултлаад өгөөч” гээд гуйгаад байхаар нь хоёр хүүхдээ бодоод хэдэн мал авч, эвлэрээд салсан. Өөрийн зан төрх гэдэг ерөөсөө өөрчлөгддөггүй юм билээ. Дахин эвлэрэх боломжгүй. Бид хоёр нийлэх үед Б.Пүрэвжавын дансанд ч тэр, миний дансанд ч тэр нэг ч төгрөг байгаагүй. Хамтран амьдрах хугацаандаа 10.000.000 төгрөгтэй болсон. Энэ мөнгө бол бид хоёрын дундын хөрөнгө, малынхаа ашгаар олсон мөнгө. Тэр мөнгөнөөс өвөл 2000000 төгрөг эмчилгээнд өгсөн. Голдуу хувийн эмнэлгээр явж үзүүлсэн. Хувийн эмнэлэгт үзүүлэхээр мөнгө их ордог юм билээ. Нааш цааш их явсан учир мөнгөө дуусгасан. Цаашид би 2 чих, ууц нуруугаа үзүүлж, эмчилгээнд явахад мөнгө хэрэгтэй байгаа тул хамтын хөрөнгөөс 2000000 төгрөг нэхэмжилж байгаа. Би Б.Пүрэвжаваас дундын хөрөнгөөс мөнгө нэхэмжилж байгаа болохоос биш Б.Пүрэвжавын хувийн хөрөнгө рүү орох гээгүй. Б.Пүрэвжав бид 2 малаа тушаачихаад хэдэн сая төгрөгтэй болоод банкин дээр мөнгө тушаахаар ирэхэд банкинд техникийн үзлэг ирчихсэн, их дараалалтай байсан. Хоёр хүүхэд сургуульд явчихсан, малаа эзгүй орхиод хоёулаа хонио хашаад ирсэн байсан учир буцах гэж яараад банкны эрхлэгчид нь “Б.Пүрэвжавын нэр дээр хийчих” гээд хэлчихээд явсан. Хоёулаа буцсан учир миний гарын үсэг байхгүй. Б.Пүрэвжав сүүлд нь очиж гарын үсэг зурж байсан. Үүнээс биш уг мөнгө бол бид хоёрын хамтын хөрөнгө. Б.Пүрэвжав хүүхдээ эхийг нь байхад  зодож загнадаг учир 2 хүүхдээ өөрийнх нь асрамжид авах хүсэлттэй байна. Том хүү 18 нас хүрсэн учир бага хүү П.Аюушжавыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Би П.Аюушжавыг авна, П.Анандыг авахгүй гээгүй. П.Ананд 18 нас хүрсэн учир асрамж тогтоолгох боломжгүй юм байна. Би 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс хойш Б.Пүрэвжаваас тусдаа амьдарч байгаа. Үүнээс хойш хүүхдүүд ирдэг, хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаг. Би аашилж загнаж байгаагүй. Харин Б.Пүрэвжав хүүхдүүдтэй утсаар ярихаар цаанаас нь үг зааж өгдөг болохоор хүүхдүүд аашилж загнадаг. Тэрнээс биш өөрсдөө ирэхээр өмнөх шигээ сайхан л харьцаатай байдаг. Гэрээс ярихаар Б.Пүрэвжав хүүхдэд үг зааж өгөөд хүүхдүүд элдэв ааш гаргадаг. Хоёр хүүхэд эх дээрээ байя л гэсэн саналтай байгаа. “Тань дээр очихоор энэ нэг юмыг чинь яах юм бэ?” гэж хэлдэг гэв.

 

Хариуцагч Б.Пүрэвжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Оюунчимэг бид хоёр 20 жилийн турш хамт амьдарч байна. 20 жил амьдрахдаа Г.Оюунчимэг бүтэн нэг жил гэртээ байдаггүй байсан. Би тэр болгонд нь аргадаад авчирдаг байсан. Г.Оюунчимэгийн өөрийнх нь ах дүүс хүртэл аваад ирдэг байсан. Насны эцэст 2 хүүхэд том болоод сайхан болоод ирэх үед ах дүү нар нь гэр бүлийн маргаанд оролцож, Г.Оюунчимэгийг өмөөрдөг болсон. Тэгээд л машин ирээд авч явдаг. Би араас очиж, гуйж байгаад авчирдаг байсан. Надад салах сонирхол байхгүй. Хоёр хүүхэд хүртэл “Та хоёр битгий салаарай. Насны эцэст болохгүй шүү” гэж захисан. Том хүү маань надтай байгаа. Бага хүү П.Аюушжав маань ахыгаа дагаад надтай цуг амьдарна гэсэн. Би 2 хүүхдээ хоёуланг нь өөрөө авна. Би хадгаламжинд байсан мөнгөөрөө хүүхдүүддээ хувцас, морь, хазаар эмээл авч өгсөн. Би энэ хэдэн төгрөгийг өөртөө бус 2 хүүхдээ л зарцуулсан. 2 хүүхдээ би Г.Оюунчимэгт өгөхгүй. 2000000 төгрөг мөн өгч чадахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Г.Оюунчимэгийг зодож цохисон нь үнэн. Г.Оюунчимэг одоо бол 2 хүүхэд гээд сайхан юм ярьж байна. Гэтэл өөрөө 2 хүүхдийнхээ сэтгэлийг хөргөчихсөн. Г.Оюунчимэг 18 хүрсэн П.Ананд хамаагүй гэж байна. П.Аюушжав “Ахыгаа дагаад аавтай хамт амьдарна” гэсэн. Би 2 хүүхдээ өөртөө авна. 2016 оны 11 сараас хойш ээж дээрээ П.Ананд 2-3 удаа очсон, П.Аюушжав 2 удаа очсон байх. 2016 оны 12 сард хотод байхад П.Анандыг ээж дээрээ очоод ир гээд явуулсан. Би хүүхдүүдээ ээж рүү нь явуулдаг. Ээжтэйгээ ярьж учраа ол гэдэг. Том хүү “Ээжийн зөрүүд зан нь хөдөлчихсөн. Хэцүү юм” гэж хэлдэг. Надад зодъё гэсэн хүсэл байдаггүй. Уг нь 20 жил хамт амьдарсан. 20 жилийн турш би Г.Оюунчимэгийн хойноос нь гүйлээ. Залуу байхад мэддэггүй, мэдэрдэггүй л байж. Гэтэл нас ахиад ирэхээр хэн аль нь зүрхний өвтэй болчихсон. Тэгээд юм л болвол барьцалдаад авдаг. Тэр нь миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Би архийг дахиж амсахгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Оюунчимэг нь Б.Пүрэвжавд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, 2.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

П.Аюушжав нь Б.Пүрэвжавын хүүхэд мөн эсэх болон Г.Оюунчимэг, Б.Пүрэвжав нар гэрлэлтээ бүртгүүлээгүй асуудал дээр талууд маргаагүй, түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 2004 оны 04-р сарын 06-ны өдөр төрсөн хүү Аюушжавын эцэг нь Балдангийн Пүрэвжав /РД:АИ62030119/, эх нь Гомбосүрэнгийн Оюунчимэг /РД:АМ65020222/ болох нь 0004467 тоот төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогддог.

Хариуцагч Б.Пүрэвжав нь хүүхдийн асрамжийн талаар маргаж байна. Хүүхдийн нас, хүүхдэд тавих анхаарал халамж, хүчирхийлэл үйлдэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 2004 оны 04-р сарын 06-нд төрсөн Аюушжавыг эх Г.Оюунчимэгийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заажээ. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг тул П.Аюушжавыг эцэг Б.Пүрэвжаваар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Г.Оюунчимэг нь хариуцагч Б.Пүрэвжаваас 2.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч Б.Пүрэвжавтай хэдэн төгрөгийн үнэ бүхий ямар хөрөнгийг дундаа хамтран өмчилдөг болох, уг хөрөнгө нь талуудыг дундын хөрөнгө мөн эсэхийг нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Пүрэвжаваас 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 04 сарын 06-ны өдөр төрсөн Боржигон овгийн Пүрэвжавын Аюушжавыг эх Харчу овгийн Гомбосүрэнгийн Оюунчимэгийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар Боржигон овгийн Пүрэвжавын Аюушжавыг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Боржигон овгийн Балдангийн Пүрэвжаваар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хариуцагч Б.Пүрэвжаваас 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.150 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Пүрэвжаваас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюунчимэгт, 47.052 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

5. Эцэг, эхийн хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төвлөрүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд туслах үүрэг хэвээр байхыг дурдсугай.

6. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА