| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2017/00309/И |
| Дугаар | 294 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 294
2017 оны 06 сарын 06-ны өдөр Дугаар 129/ШШ2017/00294 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Өгийнуур сум, Дойт багт оршин суух, Шорвог овогт Банзрагчийн Баасанцэрэн /РД:АЖ62062405/-ийн хүсэлттэй
Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1981 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч Б.Баасанцэрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэггүй, бичилт дутуу хийгдсэнээс болоод шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Баасанцэрэн нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тул энэ хүсэлтийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Б.Баасанцэрэн нь Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Мал ашиг шим төллүүлэх тухай” 75 дугаар тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 53 дугаар тушаалын хуулбар,
- Банзрагчийн Баасанцэрэнгийн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1988 оны 01-02, 07 дугаар саруудад малчнаар ажиллаж авсан цалингийн 236 дугаартай тодорхойлолт,
2. Б.Баасанцэрэнгийн 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нээллгэсэн:
- 1984 оны 05-08, 11-12, 1985 оны 01-06, 08, 1986 оны 01-11 дүгээр саруудад ажиллаж авсан цалингийн бичилт бүхий зохих тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтэр,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан:
Гэрч В.Түмэнжаргалын ... Миний бие Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн Тоглох бригадад 1984-1990 оныг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Би 1981-1983 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан. Намайг 1984 оны 01 дүгээр сард Туяа нэгдлийн Тоглох бригадад малчнаар ажилд орох үед Б.Баасанцэрэн тус бригадад малчнаар ажиллаж байсан. Б.Баасанцэрэн бид хоёр Туяа нэгдлийн Тоглох бригадад 1984-1990 оныг дуусталх хугацаанд малчнаар хамт ажилласан нь үнэн. Б.Баасанцэрэн надтай хамт ажиллаж байх хугацаандаа өөр сум, нэгдэл рүү шилжин ажиллаж байгаагүй ... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримтын хуулбар,
Гэрч Н.Оюунчимэгийн ... Миний бие Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдлийн Тоглох бригадад 1983 оны 09 дүгээр сараас 1991 оныг хүртэлх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан. Намайг 1983 оны 09 дүгээр сард Өгийнуур суманд бэр болоод очиход Б.Баасанцэрэн тус сумын Туяа нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан. Б.Баасанцэрэн манай хоёрынх Тоглох бригадад олон жил айл аймаг нутагласан. Б.Баасанцэрэн бид хоёр Туяа нэгдлийн Тоглох бригадад 1983 оны 09 дүгээр сараас 1991 оныг хүртэлх хугацаанд малчин, саальчнаар хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед нэгдлийн даргаар Бадрах гэдэг хүн ажиллаж байсан ... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримтын хуулбар зэрэг болно.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Шорвог овогт Банзрагчийн Баасанцэрэнгийн Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ