| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2017/00306/И |
| Дугаар | 297 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 297
2017 оны 06 сарын 06-ны өдөр Дугаар 129/ШШ2017/00297 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Цэнхэр сум, 1 дүгээр баг, Орхоны хөрвөөлөг нэртэй газар оршин суух, Хайрхан овогт Вандан-Ёндонгийн Дуламсүрэн /РД:АО62100601/-ийн хүсэлттэй
Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1978 оны 06 дугаар сараас 1992 оныг хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч В.Дуламсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч В.Дуламсүрэн нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тул энэ хүсэлтийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч В.Дуламсүрэн нь Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Саальчдын гарын бэлэг зарлага болгох тухай” 74 дүгээр тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Болзол биелүүлсэн саальчдыг шагнах тухай” 88 дугаар тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Сүү тосны завод, тасгуудад ажиллах ажилчдыг батлах тухай” 38 дугаар тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Болзол биелүүлсэн зарим малчид, төлчид, саальчдыг шагнах тухай” 19 дүгээр тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Зарим тэргүүний саальчид, төлчдийг шагнах тухай” 16 дугаар тогтоолын хуулбар,
- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материалын хуулбар,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан:
Гэрч Ц.Чимэдцэрэнгийн ... Миний бие Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1956-1990 оныг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Би В.Дуламсүрэнг хүүхэд байхаас нь сайн мэднэ. В.Дуламсүрэнгийн аав нь Вандан-Ёндон, ээж нь Дош гэдэг хүмүүс байсан. Манайхан айл аймаг нутагладаг байсан. В.Дуламсүрэн нь 1978 оноос Социализмын зам нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Намайг 1990 онд нэгдлээс гарахад В.Дуламсүрэн нэгдэлдээ ажлаад үлдсэн. В.Дуламсүрэнг яг хэдэн онд нэгдлээс гарсанг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан В.Дуламсүрэн нэгдэлд ажиллаж байсан нь үнэн. Манай Социализмын зам нэгдэл 1956 онд байгуулагдсан бөгөөд би нэгдлийн анхны гишүүн нь байгаа юм ... гэх мэдүүлэг,
Гэрч А.Дагвадоржийн ... Миний бие Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1972-1974 оныг хүртэлх хугацаанд хурга маллаж байсан. Тэгээд би 1974-1977 оны хооронд хугацаат цэргийн алба хаасан. Би 1977 онд цэргээс халагдаж ирээд буцаад нэгдэлдээ ажилласан. Миний бие нэгдэлд ажиллаж байгаад 1980-1983 оны хооронд Сэлэнгэ аймгийн Алтан булагийн техникумд суралцсан. Сургуулиа төгсөөд буцаад Социализмын зам нэгдлийн Орхон бригадад 1983-1992 оныг хүртэлх хугацаанд малын эмчээр ажилласан. Манай Социализмын зам нэгдэл 1992 онд татан буугдсан. Намайг 1980 онд сургуулиа төгсөөд Социализмын зам нэгдлийн Орхон бригадад малын эмчээр ирэхэд В.Дуламсүрэн фермд үнээ сааж байсан. В.Дуламсүрэн Социализмын зам нэгдэл тартал саальчнаар тасралтгүй ажилласан нь үнэн. В.Дуламсүрэн нь өөр сум, нэгдэл рүү шилжин ажиллаж байгаагүй. Манай нэгдлийн даргаар Төмөрбаатар, Хүрэлбаатар гэдэг хүмүүс ажиллаж байсан ... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримтын хуулбар зэрэг болно.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хайрхан овогт Вандан-Ёндонгийн Дуламсүрэнгийн Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ