Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

         Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Б даргалж, шүүгч В.Ц, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Ц нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х овогт Аийн Э /РД:ЗЮ7208718/

Хариуцагч: Дундговь аймгийн Гын газрын дарга Э.Ч,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар захирамжийн хоёр дахь заалтад заасан үүргээ хэрэгжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2859/, хариуцагчийн төлөөлөгч Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             А.Э шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: А овогтой Э миний бие 2010 онд “Д б" ХК-ийн эзэмшил газрыг барилга байгууламжийн хамт 65000000 төгрөгөөр худалдаж авсан. Олон удаа нүүдэл хийсний улмаас холбогдох бичиг баримтаа ололгүй уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй явсаар  2017 онд  бичиг баримтыг олж аймгийн Гын газарт хүсэлтээ 2018 оны 7 дугаар сард тавьсанаар аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 тоот “газар эзэмшүүлэх тухай”  захирамж гарсан юм.

Дээрх захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар Дундговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуупалтын газарт хандсан боловч тус газрын Удирдлагын хэлтсийн даргын 2019 оны  02 дугаар сарын 26-ны өдрийн 2/70 дугаартай албан тоотоор газрын суурь үнэ болох 166574400 төгрөгийг төлөхийг шаардсан мэдэгдлийг өгсөн  бөгөөд уг мэдэгдлийг  эс зөвшөөрч Дундговь аймгийн Гын газрын даргад хандаж өргөдөл /гомдол/ гаргасан боловч 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/82 тоот албан бичгээр өргөдлийг /гомдлыг/ хүлээн аваагүй.

Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж гарсаар байтал уг захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахгүй байгаа эс үйлдэхүй, мөн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж байгаа дээрх үйлдэл нь хуульд нийцэхгүй бөгөөд иргэн миний хуулиар олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах улмаар хуульд заасан газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн  гэж үзэж байна.

Иймд А.Э миний бие Дундговь аймгийн Гын газрын удирдлагын хэлтсийн даргын 2019 оны 02 сарын 26-ны-өдрийн 2/70 дугаартай албан бичгээр газрын суурь үнэ болох 166574400 төгрөгийг төлөхийг шаардсан мэдэгдлийг,  мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахаас татгалзаж байгаа эс үйлдэхүйг тус тус  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг  тогтоолгож , газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож , гэрээ байгуулахыг даалгах  нэхэмжлэлийг  хангаж  өгнө үү” гэжээ[1].

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э тайлбарлахдаа:

            “...А.Э нь 2010 онд “Д б” ХХК-ийн эзэмшиж байсан 34703 м.кв талбайтай газар болон үүний дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авахдаа 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж үнийг бүрэн төлсөн...2019 онд Дундговь аймгийн Засаг даргад эзэмших эрхийн гэрчилгээ гаргах захирамж гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу Дундговь аймгийн Засаг даргаас 2019 оны 2  дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаартай “газар эзэмшүүлэх тухай” захирамж гарсан. Уг захирамжийн 1 дэх заалтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр, Алтанговь ХХК-ийн зүүн урд байршилтай 34703 м.кв буюу 3.4 га газрыг А овогтой Эод үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2 дахь заалтаараа уг газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулахыг Дундговь аймгийн Гын газарт даалгаж шийдвэрлэсэн... Гэтэл Дундговь аймгийн Гын газрын дарга, удирдлагын хэлтсийн дарга нараас 2019 оны 2 дугаар сарын 26-ны 2/70, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 1/82 дугаартай хариу мэдэгдэх хуудсуудаар Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 208 дугаартай тушаалаар баталсан газар эзэмших, ашиглах дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлно гэсний дагуу газрын суурь үнэ 166574400 төгрөгийг төлсний дараагаар газар эзэмших эрхийн гэрээ байгуулж гэрчилгээ олгоно гэсэн хариуг ирүүлсэн тул Дундговь аймгийн Гын газрын даргын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзаад байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгоод Засаг даргын захирамжийн 2-т заасны дагуу гэрээ байгуулж гэрчилгээ олгох үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү...” гэв.

            Хариуцагч Э.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн А.Эын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж  байна. Үүнд:

            Иргэн А.Э нь Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтанговь” зочид буудлын зүүн урд байрлах хуучнаар тоосгоны үйлдвэрийн барилгыг “Дээд баян” ХК-иас худалдан авсан  гэх боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй бөгөөд газар эзэмшиж байсан талаар ямар нэгэн нотлох бичиг баримт байхгүй тул А.Эын 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар захирамжаар 34704 м2 газрыг шинээр эзэмшүүлсэн.

            Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаар тушаалаар 1 м2 газрын суурь үнэлгээ шинэчлэгдэн батлагдаж Сайнцагаан сумын 1-р бүсэд худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар эзэмших газрын 1м2 үнэ 4800 төгрөг болсон. Дээрх захирамжаар иргэн А.Эод 34703 м2 газрыг шинээр эзэмшүүлсэн бөгөөд газрын суурь үнэ болох 166574400 төгрөгийг тушаасны дараа газар эзэмшүүлэх гэрээ байгуулан газрын гэрчилгээ олгох тул иргэн А.Эын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ” гэжээ[2].

Хариуцагчийн төлөөлөгч Б.Р шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“...А.Э “Д б” ХХК-иас газар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан бөгөөд тухайн үед 3.4 га газар эзэмшиж байсан гэх нотлох баримт одоог хүртэл олдоогүй. Нэхэмжлэгчийн кадастрын зураг 2008 онд Кадастрын мэдээллийн санд “Д б” ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж орсон байгаа. Газар эзэмших захирамж дээр үндэслээд гэрчилгээжүүлэх боломж байдаггүй... Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаартай тушаалаар аргачлалын дагуу аймгийн төвийн газар эзэмших эрхийн суурь үнэлгээнүүдийг бодож гаргасан. Бүсчлэлээрээ энэ газар нь 1-р бүсэд хамаарч байгаа учраас 4800 төгрөгөөр м.кв-ын суурь үнэлгээ бодогдсон. Суурь үнэлгээг тушаасны дараа газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно. Учир нь шинээр эзэмшиж байгаа хэлбэр учраас мөнгө тушаалгахгүй бол эргээд төрийн байгууллага дээр Аудит, Мэргэжлийн хяналт зэрэг холбогдох газруудын шалгалт орж ирэхэд суурь үнэлгээг тушаалгаагүй байна гээд акт тавигддаг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эаас Дундговь аймгийн Гын газрын даргыг хариуцагчаар тодорхойлон  “Дундговь аймгийн Гын газрын даргын “Гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар захирамжийн хоёр дахь заалтад заасан үүргээ хэрэгжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.

Нэг: Үйл баримтын талаар:

 Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн /хуучнаар/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын “Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрийг хувьчлах тухай” № 07 тоот тогтоол[3] гарснаар, Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэр хувьчлагдан 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Нөхөрлөл, компанийн тухай” хуулийн  дагуу “Д б” ХК болон зохион байгуулагджээ[4].

               Гэвч Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр[5] “Д б” ХК-ийг татан буулгасан.

               2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  нэхэмжлэгч А.Э Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д б” ХК-ийн эзэмшил 34727 кв.м талбайг эзэлсэн обьект /хуучнаар тоосгоны үйлдвэр/-г газрын хамт бүхэлд 65.000.000 төгрөгөөр худалдан авсан[6] бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч маргадаггүй болно.

               Уг эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт  зэргийг үндэслэн[7] Дундговь аймгийн Засаг дарга О.Б нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр  зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т  заасныг  баримтлан  Сайнцагаан сумын  төвийн 7 дугаар багийн  нутаг дэвсгэрт /Алтанговь ХХК-ий зүүн урд/ их  тойруу 6-601-т  байршилтай 34703 м.кв /3.4 га/ газрыг А  овогтой Эод үйлчилгээтэй орон сууцны  зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар  эзэмшүүлэхээр шийдвэрлэн, дээрх иргэнд  газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг аймгийн Гын газарт /Э.Чид/ үүрэг болгожээ[8].

Иргэн А.Э “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гарсны дараа “гэрээ байгуулах, гэрчилгээ авах” хүсэлтийг аймгийн Газрын албанд гаргасан боловч захиргааны байгууллага, албан тушаалтаны 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 2/70 дугаартай мэдэгдлээр “...газрын суурь үнэ болох 166.574.400 төгрөгийг Төрийн сан банкны 100080000962 тоот дансанд төвлөрүүлэх...”-ийг шаардан гэрээ байгуулахгүй, гэрчилгээ олгохгүй гэжээ.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “...Уг газрыг худалдан авсан учраас эзэмших эрхийн гэрчилгээ гаргах захирамж гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Нэгэнт хариуцагч байгууллагад дээд шатны байгууллага буюу Засаг даргаас нь захирамжаар үүрэг болгоод шийдвэрлэчихсэн байгаа. Энэ үүргээ биелүүлэх нь зүй ёсны асуудал...” гэж маргаж байгаа бол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “....энэ нь газар шинээр эзэмшиж байгаа хэлбэр учраас мөнгө тушаалгахгүй бол эргээд төрийн байгууллага дээр Аудит, Мэргэжлийн хяналт зэрэг холбогдох газруудын шалгалт орж ирэхэд суурь үнэлгээг тушаалгаагүй байна гээд манай дээр акт тавигддаг...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарласан болно.

Хоёр: “Дундговь аймгийн Гын газрын даргын “Гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг, хууль бус болохыг тогтоох” шаардлагын  тухайд:

Тус хэрэг маргааны үйл баримттай холбоотойгоор Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаас үзэхэд хуульд заасан журмаар гаргасан Засаг даргын захирамж, газрын алба /даамал/-тай байгуулсан гэрээ, тэдгээрээс олгосон гэрчилгээ нь цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулдаг гэж үзэхээр байна.

Дундговь аймгийн Гын газрын удирдлагын газар бол Дундговь аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн төлөв, хэрэгжүүлэх үе шатны зорилттой уялдуулан барилга, дэд бүтэц, хот байгуулалт, хот суурины ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө болон барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээртэй холбогдолтой судалгаа хийж, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах талаар аймгийн Засаг даргын шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх эрх бүхий захиргааны байгууллага юм.

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн төслийг манай Кадастрын мэргэжилтэн бэлдэж оруулсан” гэж мэдүүлсэн[9] атлаа  Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хэрэгжилтийг биелүүлэхгүй “газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзаж” байгаа эс үйлдэхүйг  хууль бус гэж үзэхээр байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”. Хуулийн  энэ тодорхойлтоор бол “эс үйлдэхүй” гэдэг нь захиргааны “идэвхгүй үйл ажиллагаа “ гэж ойлгохоор[10] байна.

Тодруулбал, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгэх  явцад 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”-х ажиллагаа явагдаагүй.

 Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно”, 36.2-т “дуудлага худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна” заасан хуулийн шаардлагыг хангасан баримт байхгүй болох нь тогтоогдсон.

Мөн энэ тухай Дундговь аймгийн Засаг дарга О.Б бичгээр ирүүлсэн тайлбартаа[11] огт дурьдаагүй, тухайн газрыг иргэн А.Эод эзэмшүүлэхтэй холбоотой захирамжийг хууль бус байсан талаар аливаа гомдол, маргаан Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гуравдагч этгээдээс гаргаагүй.

Түүнчлэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т ”Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” заасны дагуу өнөөдрийг болтол хүчин төгөлдөр хэвээр байна.

Үүнээс үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр нэхэмжлэгчид дээрх газрыг эзэмшүүлсэн гэж дүгнэхээр байна.

Нөгөөтээгүүр хэрэгт нотлох баримтаар авагдсан нэгж талбарын 18599070606157 дугаар кадастрын зураг[12] болон дээрх дүгнэлтүүдийг нэгтгэвэл нэхэмжлэгч А.Э Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр /Алтанговь ХХК-ийн/  зүүн урд Их тойруу 6-601-т байршилтай 34703 кв.м газрыг эзэмших эрх цоо шинээр үүсээгүй.

Тэрээр 2010 онд уг газар дээрх обьектыг /хуучнаар тоосгоны үйлдвэр/ газрын хамт худалдаж авснаар түүнд обьектыг өмчлөх, түүний доорх газрыг шударгаар эзэмших эрх нь үүссэн гэж үзэхээр байсан.

                          Нэхэмжлэгч өөрийн хэнэггүйгээс болж 2010 оноос хойш өөрийн газрын гэрчилгээг гаргуулаагүй нь түүний буруу боловч энэ үндэслэлээр түүнийг газар эзэмших дуудлага худалдааны суурь үнэ төлөхийг шаардах эрх газрын албанд үүсээгүй байна.

                          Гурав: Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар захирамжийн хоёр дахь заалтад заасан үүргээ хэрэгжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах” шаардлагын тухайд:

Даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийн тулд 1/-рт Эс үйлдэхүй байх 2/-рт уг эс үйлдэхүй хууль бус байх, 3/-рт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой.

Шийдвэрийн хоёр дахь хэсэгт гэрээ байгуулж, гэрчилгээ олгох хүсэлт гаргасан нэхэмжлэгч А.Э зохих үүргээ биелүүлсээр байтал захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох талаар   хангалттай хууль зүйн дүгнэлт өгсөн.

Товчхондоо хариуцагч болон түүний удирдаж байгаа байгууллагын зүгээс төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх; нийтлэг үүргээ биелүүлэхгүй хууль бус үйлдэл, эс үйлдэхүй буюу хууль бус татгалзал гаргасан.

Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тул хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга  хот байгуулалтын газрын дарга Э.Чид хуулийн хүчин төгөлдөр байгаа Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар захирамжийн хоёр дахь заалтыг хэрэгжилтийг хангаж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ”Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан ажиллагаа хийж, Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид А.Эод олгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Дундговь аймгийн Гын газрын даргын гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар захирамжийн хоёр дахь заалтад заасан үүргээ хэрэгжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Дундговь аймгийн Гын газрын дарга Э.Чид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Гын газрын даргаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.Б

ШҮҮГЧ В.Ц

  •  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 1-2 хуудас

[2] Хавтас хэргийн 40 хуудас

[3] Хавтас хэргийн 113 хуудас

[4] Хавтас хэргиийн 106-112 хуудас

[5] Хавтас хэргийн 71-72,  хуудас

[6] Хавтас хэргийн 7-9, 165-168 хуудас

[7] Хавтас хэргийн 219 хуудас

[8] Хавтас хэргийн 10 хуудас

[9]  Шүүх хуралдааны тэмдэглэл 10 хуудас

[10] Г.Банзрагч”Захиргааны процессын эрх зүй” 192 тал

[11] Хавтас хэргийн 209 хуудас

[12] 2 Хавтас хэргийн  5  хуудас