Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2018/ДШМ/037

 

Д.Г, Э.С, Л.Б, L., Г.Э,

Д.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч Э.С, Л.Б

Өмгөөлөгч *******, *******, *******, *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2017/ШЗ/275 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №11 дүгээр эсэргүүцлээр Д.Г, Э.С, Л.Б, L., Г.Э, Д.Т нарт холбогдох эрүүгийн 201605000348 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бум овогт Г.Э, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Бүгд Найрамдах Хятад д улсын иргэн, Liu овогт L., эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Урианхан овогт Л.Б, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн дулааны инженер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Буйластын боржигон овогт Д.Г, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Дарь өв овогт Д.Т, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Хотон овогт Э.Б, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2006 оны 2 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 212.500 төгрөгөөр торгох ялаар, 2013 оны 7 дугаар сарын 01-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,

Д.Г, Э.С нар нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож их хэмжээний буюу 265.157.994 төгрөгийн хохирол учруулсан,

Л.Б, L. нар нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож их хэмжээний буюу 65.157.994 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Э, Д.Т нар нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож их хэмжээний буюу 200.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Г, Л.Б, L., Г.Э, Д.Т, Э.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Д.Ст мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн үйлдсэн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот яллах дүгнэлтийн Тогтоох хэсэгт яллагдагч Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч яллах дүгнэлтийн Тэмдэглэх хэсгийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга гэсэн хэсэгт яллагдагч Э.Сын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа үндэслэл, гэмт хэргийн товч агуулгыг огт дурдаагүй орхигдуулсан, яллагдагч Д.Г, Э.С, Л.Б, L., Г.Э, Д.Т нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг яллах дүгнэлтэд тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагад нийцээгүй,

Мөн яллах дүгнэлтийн Тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.С гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасан төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.” гэж зааснаас үзэхэд тухайн гэмт хэргийн субъект нь яллагдагч Э.С бус “******* *******” ХХК байх ёстой атал “******* *******” ХХК-ийн захирал Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Прокуророос тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж буй бол хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлээс 20.6 дугаар зүйлүүдэд заасан тусгай журмыг баримталж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн яллагдагчаар хуулийн этгээдийг татвал зохино.

Иймд дээр дурдсан асуудлын талаар яллагдагч L.-ны өмгөөлөгч *******гийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн, хэрэгт ач холбогдолтой ямар ч нотлох баримт яллах эсхүл цагаатгах, хөнгөрүүлэх агуулгатай байж хэргийн аль нэг талд ашигтай байдгаас хөндлөнгийн байр суурь бүхий шүүх нотлох баримт цуглуулахад оролцох нь мэтгэлцэх зарчимд нийцэхгүй тул яллагдагч L.-ны өмгөөлөгч *******, яллагдагч Л.Бийн өмгөөлөгч ******* нарын бичгээр гаргасан хүсэлтэд дурдсан холбогдох гэрч нарыг асуулгах, яллагдагч Д.Гантулгын өмгөөлөгч *******ийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээтэй холбоотой шинжээчийн дүгнэлтүүд нь үндэслэлтэй эсэх зэрэг асуудлуудаас гадна дутуу хийгдсэн ажиллагааг нэг бүрчлэн заагаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэн хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Э.Г 2018 оны №11 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Үүнд: Яллагдагч Э.С нь “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд түүнийг нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрийдлээр Баянхонгор аймгийн Өлзийт сумтай нөхөн сэргээлт явуулах гэрээг хийж, гэрээнд заасан ажлыг нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, ашигт малтмал олборлох эрхгүй буюу тусгай зөвшөөрөлгүй этгээдүүд болох яллагдагч Д.Г, Л.Б, L., Г.Э, Д.Т нараар нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хийлгэж, тухайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанаас олсон ашигт малтмалаас хувь авсан буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө ашигт малтмал олборлосон гэж үзсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож яллагдагчаар татсан болно.

Мөн Э.Сын үйлдсэн гэмт хэргийг яллах дүгнэлтэд тэмдэглэх хэсэгт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж дүгнэсэн хэдий ч ТОГТООХ хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхой бичсэн болно.

Харин тухайн яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн Э.Сын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Сын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэж бичсэний Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 гэж, мөн Д.С гэж бичсэн нь прокуророос яллах дүгнэлтэд бичиг техникийн алдаа гаргасан гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4 дүгээр зүйлд зааснаар прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт гаргасны үндсэн дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр засч болохоор хуульчилсан тул дээрх үндэслэл нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

Яллагдагч Э.С нь “******* *******” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал ажилтай тул түүнийг “******* *******” ХХК-ийн нэрийн өмнөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр бүлэгт зааснаар хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч, энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу “******* *******” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх бүхий гүйцэтгэх захирал болох Э.Сыг эрүүгийн хариуцлагад татсан нь үндэслэлтэй болно.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох Э.С нь “******* *******” ХХК буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, яллагдагч Д.Г, Л.Б, L., Г.Э, Д.Т нараар нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах нэрийдлээр нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж ашигт малтмал олборлох зөвшөөрлийг олгосон нь нотлогдож байгаа болно.

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлээс 20.6 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Мөн анхан шатны шүүхээс яллагдагч L.-ны өмгөөлөгч *******, яллагдагч Л.Бийн өмгөөлөгч ******* нарын бичгээр гаргасан хүсэлтэд дурдагдсан холбогдох гэрч нарыг асуулгах, яллагдагч Д.Гантулгын өмгөөлөгч *******ийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээтэй холбоотой шинжээчийн дүгнэлтүүд нь үндэслэлтэй эсэх зэрэг асуудлуудаас гадна дутуу хийгдсэн ажиллагааг нэг бүрчлэн заагаагүй болохыг тэмдэглэж байна гэсэн заалт нь ойлгомжгүй байна.

Учир нь анхан шатны шүүхээс хэргийг яллагдагч L.-ны өмгөөлөгч *******гээс гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийж байгаа хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийг бүхэлд нь хянаж үзсэний үндсэн дээр яллагдагч нарын өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт бичгээр гаргасан болон хэлэлцүүлгийн явцад гаргасан хүсэлтүүдийг хангасан, хангаагүй талаар шүүгчийн захирамжид тодорхой дурдаж өгч, мөн тэдгээр асуудал нь үндэслэлтэй эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгт дутуу хийгдсэн ажиллагаа гэж юуг үзсэн болохыг тодорхой тусгаж өгөх ёстой.

Гэтэл шүүх хэргийг яллагдагч L.-ны өмгөөлөгч *******гээс гаргасан хүсэлтэд дурдагдсан асуудлаар хэргийг прокурорт буцаасан нь хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй мэт харагдаж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэлүүдийг нэг бүрчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлаж үзвэл: Анхан шатны шүүхээс Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэргийн товч агуулгыг бичилгүй орхигдуулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас үзэхэд тухайн гэмт хэргийн субъект нь яллагдагч Э.С бус “******* *******” ХХК байх ёстой атал “******* *******” ХХК-ийн захирал Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1-20.6 дугаар зүйлүүдэд заасан журмыг дагуу яллагдагчаар хуулийн этгээдийг татвал зохино гэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Э.С нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “******* *******” ХХК-ийг төлөөлж Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг дарга Т.Эрдэнэбаттай хамтран ажиллах гэрээ байгуулан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх бөгөөд тухайн үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, уг хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” хэмээн заасан бөгөөд Э.Сын холбогдсон гэх мөн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлагдаагүй байсан, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед уг хэргийг хянан шийдвэрлэхдээ ******* ******* ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэх нь хэргийн оролцогчийн болон тухайн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд тооцогдоно.

Мөн яллах дүгнэлтэд Д.Г, Э.С, Л.Б, L., Г.Э, Д.Т нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасныг зөрчсөн, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Э.Сын овгийн эхний үсгийг “...Э, Д...” гэх мэтээр хоёр янзаар бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан нь хэргийг дангаараа хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зөрчилд тооцогдохгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн санаачлагаар хянан хэлэлцэж шийдвэр гаргах хуулийн боломжтой юм.

Түүнчлэн анхан шатны шүүхээс яллагдагч L.-ны өмгөөлөгч *******гийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй хэмээн үзэн хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан атлаа яллагдагч Л.Бийн өмгөөлөгч *******, яллагдагч Д.Гантулгын өмгөөлөгч ******* нарын гаргасан хүсэлтийг “...хэрэгт ач холбогдолтой ямар ч нотлох баримт яллах эсхүл цагаатгах, хөнгөрүүлэх агуулгатай байж хэргийн аль нэг талд ашигтай байдгаас хөндлөнгийн байр суурь бүхий шүүх нотлох баримт цуглуулахад оролцох нь мэтгэлцэх зарчимд нийцэхгүй тул хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээтэй холбоотой шинжээчийн дүгнэлтүүд нь үндэслэлтэй эсэх зэрэг асуудлуудаас гадна дутуу хийгдсэн ажиллагааг нэг бүрчлэн заагаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй...” хэмээн шийдвэрлэсэн ойлгомжгүй байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3, 34.5 дугаар зүйлүүдийг зөрчсөн зөрчилд тооцогдохоор байгаа болно.

Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсгийн дээр дурдсан үндэслэлүүдийг хүчингүй болгож, харин хэргийг прокурорын газарт буцаасан хэсгийг хэвээр үлдээн, прокурорын эсэргүүцлийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож бусад хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд заасан эрхийн дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн гүйцэд шалгаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Үүнд: Тухайн хэрэгт зайлшгүй шаардагдах нотлох баримт болох нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахдаа Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас хүлээлгэн өгсөн цэг солбилцолоос өөр газарт ашигт малтмал олборлосон эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон тогтоолуудын дагуу гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй, шинжээч нь шинжилгээ хийх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхой бус байгаа болно. /шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 50, 197, 3 дугаар хавтас 232-р тал/

1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар талд авагдсан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн ахлах хэрэг бүртгэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор “...хууль, журмыг зөрчиж байгаль экологид хохирол учруулсан эсэхийг тодорхойлох”-оор шинжээч томилсон байх бөгөөд шинжилгээг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр явуулахыг ******* ХХК-д даалгасан атлаа уг тогтоолоо ******* ХХК-д хүргүүлж, уг тогтоолын дагуу ******* ХХК нь дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн тухайн хэрэгт шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар гарсан мөрдөн байцаагчийн тогтоолууд нь шинжээчээр хуулийн зүйл хэсэг заалтыг зөрчсөн эсэх болон тайлбарлуулах талаар байгаа бөгөөд энэ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөн байгаа болно.

Хэрэгт авагдсан ******* болон ******* ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь дээр дурдсанчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж байгаа үед шүүх прокурор мөрдөгч нь шинжээч томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгах үүрэгтэй ба, тухайн шинжээчээр ажиллах хувь хүн болон хуулийн этгээд нь эрх бүхий этгээд мөн эсэхийг шинжээчийн дүгнэлтийн хамт хэрэгт хавсаргах ёстой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байвал зохино.

Прокурорын 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот яллах дүгнэлтээс үзвэл Д.Г, Э.С нар нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож их хэмжээний буюу 265.157.994 төгрөгийн хохирол учруулсан,

Л.Б, L. нар нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн ам 2 дугаар багийн нутаг “ ” гэх газарт хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож их хэмжээний буюу 65.157.994 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх бөгөөд уг хохирлыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн тогтоосон, уг байгаль экологид учруулсан гэх хохирол нь хүлээлгэн өгсөн цэг солбилцол эсхүл тухайн хүлээлгэн өгсөн гэх цэг солбилцлоос илүү гаргаж ухан ашигт малтмал олборлосон гэх газарт учруулсан хохирол эсэх, эсхүл тухайн газраас олборлосон ашигт малтмалаар тодорхойлогдох, мөн газрын хэвлий буюу ургамал, хөрс, усны аймагт учирсан хохирлоор тодорхойлогдох эсэх нь тодорхой бус буюу өөрөөр хэлбэл хохирлын үнэлгээг зүйл тус бүрээр гаргаж чадаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд тогтоогоогүй гэж үзнэ.

Мөн яллагдагч нарыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж үзвэл тэдгээр нь уг гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэлүүд нь хэний эзэмшлийн ямар ямар техник байсан, уг техник хэрэгсэлүүдийг хурааж улсын орлого болгох эсхүл байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулах зэрэг ажиллагааг хангуулах үүднээс мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн хөрөнгө хамгаалах ажиллагаа хийгээгүй,

Яллагдагч Г.Э, Д.Т, Э.С нар ******* ******* ХХК-ийн геологичоор ажиллаж байсан н.Түвшинтөгс гэх этгээдийн заавраар тухайн сумаас хүлээлгэн өгсөн цэгээс хэтрүүлэн газар ухсан талаар мэдүүлдэг бөгөөд н.Түвшинтөгс нь хэрхэн, хэний өгсөн үүрэг даалгаварын дагуу тогтоосон цэгээс хэтрүүлэн ашигт малтмал олборлосон, Э.С нь бага оворын трактор авчирч эрүүл газар ухаж гэмтээсэн, түүнчлэн ******* ******* ХХК-ийн захирлаар Бямбацэрэн овогтой Баярмааг томилсон талаарх хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийг эрх бүхий байгууллагаас 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэсэн /хх-ийн 1-р хавтас 71-72-р тал/ байх бөгөөд Э.Сыг тус компаний гүйцэтгэх захирлаар томилсон талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх тул тухайн хэрэгт Б.Баярмаа болон н.Түвшинтөгс нар гэм буруутай эсэхийг шалган тогтоогоогүй нь буруу байна.

Тухайн хэрэгт авагдсан зарим гэрч болон сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудаас үзвэл Бүгд Найрамдах Хятад д Улсын иргэн ын , нар нь энэ хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон нотлох баримт хангалттай авагдаагүй байхад тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 11, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 03 тоот тогтоолууд үндэслэлгүй байх тул тэдгээрийг дахин сайтар шалгаж холбогдох гэрч нараас мэдүүлэг авсаны эцэст гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичгийн талаар хуульчлагдсан, хэрэгт орчуулагчаар Жаргалсайхан овогтой Энхболдыг мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр томилсон хэдий ч Бүгд Найрамдах Хятад д Улсын иргэд ын , , нарыг байцаасан зарим байцаалтад орчуулагч оролцуулалгүйгээр яллагдагчаар мэдүүлэг авсан, мөрдөн байцаагчийн даалгавараар гүйцэтгүүлэх зарим ажлын биелэлт хангагдсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа зэрэг болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид магадлалд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2017/ШЗ/275 дугаар шүүгчийн захирамжийн “Тодорхойлох нь” хэсэгт энэ магадлалд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж, Прокурор Э.Гантулгын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн 11 тоот эсэргүүцлийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хүлээн авч хангасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ