Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0337

 

Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавзанжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Соёл, cпорт, Аялал жуулчлалын яамны төрийн сангийн төлбөр тооцоо, гүйлгээ баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр 2 жил буюу улсад 30 дахь жилдээ ажиллаж байна.

Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/96 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан зарим албан хаагчийн албан тушаал, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэснээр шилжүүлсэн юм. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2/182 тоот албан бичигт цомхотгосны тэтгэмжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгуулах асуудлыг зохих байгууллагад нь хандаж шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн.

Миний бие Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хандсан. 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 260755 дугаарын утсаар Н.Энэбиш гэх хүн Улсын Их Хурлын Байнгын хорооны 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хариу өгч байгаа urgudul.mn хаягт хандаж тогтоолыг авах мэдээлэл өгснөөр 10 дугаар тогтоолоор хариу авсан гэж үзэж байна.

Ажлын байраар хангуулахаар Төрийн албаны зөвлөлд хандаж 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 286 тоот, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ХЭГ/143 тоотоор тус тус хариу авсан зэргээр цөхрөлтгүй явлаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам өнөөдрийг хүртэл намайг ажлаас халсан орон тооны цомхотголд оруулсан эсэх талаар албан ёсны тушаал гаргаагүй, мөн ямар учраас ажлаар хангахгүй байгаа талаарх хууль зүйн үндэслэлтэй тушаалгүй тул Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас өөрийн ажиллаж байсан албан тушаал, орон тоотойгоо очсон гэж үзэж байна.

Иймд намайг ажлын байраар хангахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 382 дугаар тогтоолын дагуу яамны бүтэц, зохион байгуулалт, ажлын байрыг шинэчлэн баталж, албан хаагчдаа томилон ажиллуулж байна.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам (хуучнаар) татан буугдсантай холбогдуулан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга 2014 оны "Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай" Б/96 тоот тушаал гарган тус яамны нийт 18 ажилтныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2014 оны ХЭГ/2027 тоот, Сангийн яамны 2014 оны 4-3/261, 4-3/6888 тоот албан бичигт зааснаар тус яам нийт 12 албан хаагчийг ажилд томилох шийдвэр гарсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шинэчилсэн ажлын байранд соёл, урлагийн салбарын төрийн сангийн үйлчилгээг тусгайлан хариуцсан орон тоо батлагдаагүй. Энэхүү чиг үүргийг өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан мэргэжилтний ажлын чиг үүрэгт нэмж хариуцуулахаар шийдвэрлэсэн. Иймд иргэн Д.Мөнхцэцэгийг ажилд томилох боломжгүй бөгөөд бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан гэсэн үг юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас шилжин ирж бүтцийн өөрчлөлтөд орсон албан хаагчдад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Зардал гаргах тухай Б/16 тоот тушаалаар холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохих тэтгэмжийг олгосон болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Мөнхцэцэгийг ажил албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд томилохыг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Мөнхцэцэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шилжүүлсэн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлхи ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг өмнө олгосон тэтгэмжийг хассан дүнгээр тооцон олгохыг даалгажээ.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам давж заалдах гомдолдоо: “Улсын Их Хурал нь Засгийн газрын тухай хуульд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөлт оруулж Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулган, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд, Cпортын яам, Байгаль орчин, Hогоон хөгжил, Aялал жуулчлалын яамыг тус тус байгуулсан. Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 382 дугаар тогтоолын 1 дэх заалтын з-д "Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 7 хэлтэс газартай байхаар баталсан.

Дээрх тогтоолын дагуу соёлын салбарын чиг үүргийг тус яамны cоёлын бодлого зохицуулалтын газар (соёлын өвийн хэлтэстэй)-т хамааруулсан.

Хэдийгээр Засгийн газрын 2014 оны тогтоолын 8-д татан буугдаж байгаа Соёл, спорт, аялал жуулчлалын яамны холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу хамаарах яаманд шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн яам, Төрийн өмчийн хороонд тус тус даалгасан боловч мөн тогтоолын 10-т "Төрийн сангийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж эхлэх тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийг хүчингүй болгосон юм.

"Төрийн сангийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж эхлэх тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тогтоолоор төрийн захиргааны төв байгууллага, харьяа төсвийн байгууллагын төрийн сангийн үйлчилгээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тогтоолын 3-т яам тус бүрт 2 мэргэжилтэн ажиллахаар тооцон, орон тоог нь нэмж тогтоосон байсан. Энэхүү 3 дахь заалт нь дээр дурдсан Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсон байхад татан буугдсан яамдын хувьд "төрийн сангийн мэргэжилтэн" гэсэн албан тушаалын орон тоо, цалингийн сан шилжсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Яамдын бүтэц, чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2014 оны ХЭГ/2027 тоот, Сангийн яамны 2014 оны 4-3/261, 4-3/6888 тоот албан бичгүүдэд зааснаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын дагуу бүтэц, зохион байгуулалтаа хийж, ажлын байраа шинэчлэн батлахдаа Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд ажиллаж байсан 12 албан хаагчийг шинээр батлагдсан ажлын байранд томилсон. Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг болон төрийн сангийн мэргэжилтэн Э.Содгэрэл нарын Соёл, спорт, аялал жуулчлалын яам (хуучнаар)-нд эрхэлж байсан албан тушаал болох төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны нэр хэвээр батлагдаагүй хасагдсан болно.

Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын "Зардал гаргах тухай" 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар нэр бүхий 4 албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож нийт 16.756.842.0 төгрөгийг шийдвэрлэснийг шүүх шийдвэртээ" Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын "Зардал гаргах тухай" 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар буцалтгүй тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй" гэсэн нь мөн хэрэгт хамаарах нотлох баримтыг үнэн зөв, бодитой үнэлээгүй байна.

Дээрх Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын "Зардал гаргах тухай" 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар нэр бүхий 4 албан хаагчдын дотор орон тоо хасагдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны/хуучнаар/ Төрийн сангийн 2 мэргэжилтэн болох Д.Мөнхцэцэг, Э.Содгэрэл нарын нэр орсон бөгөөд нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь энэ тушаалд гомдол гаргаж яаманд хандаагүй бөгөөд 4.403.178.0 төгрөг болох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хүлээн авсан байна.

Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 37 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт буюу 4 дэх хуудаст "...27.2.3. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна". Хуулийн дээрх заалтаас үзвэл төрийн байгууллага татан буугдсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байсан төрийн албан хаагчийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжийг олгосны дагуу Д.Мөнхцэцэгийг ажил, албан тушаалд томилоогүй нь хууль бус..." гэж шүүх дүгнэжээ.

Харин шийдвэрт заасан Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь хэсэг нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдахтай холбогдох заалт байх атал "төрийн байгууллага татан буугдсан" агуулгаар ойлгож хууль хэрэглэсэн нь ойлгомжгүй байна.

Дээр дурдсан Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шинэчилсэн ажлын байранд Соёл, урлагийн салбарын төрийн сангийн үйлчилгээг тусгайлан хариуцсан орон тоо батлагдаагүй. Энэхүү чиг үүргээр яам нь тусгайлсан орон тоо гаргах боломжгүй байсан тул өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан мэргэжилтний ажлын чиг үүрэгт багтаан шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийг соёл, урлагийн салбарын төрийн сангийн мэргэжилтнээр ажилд томилох боломжгүй юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 37 дугаар шийдвэрийн 1-д заасан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэгт заасан заалтууд нь маргаан бүхий хэрэгт огт холбоогүй хуулийн заалтыг баримталж Д.Мөнхцэцэгийг ажил, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолтой холбогдуулан яамдуудад нэмж баталсан "төрийн сангийн мэргэжилтэн"-ний ажлын байртай холбогдох заалт хүчингүй болсон "Төрийн сангийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж эхлэх тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тогтоолыг шүүх шийдвэртээ огт тусгаагүй буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шинжилж үзээгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 37 дугаар шийдвэрийн 2-т заасан "...шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг өмнөх олгосон тэтгэмжийг хассан дүнгээр тооцон олгохыг" гэснийг гомдлын дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх аливаа хөдөлмөрийн маргаантай холбогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тогтоох атал Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тооцож олгохоор шийдвэрлэсэн нь төсвийн тухай хууль тогтоомжуудад заасан зарчмын хувьд зөрчил үүсэхээр байна.

Иймд дээр дурдсан Улсын Их Хурлаас баталсан хууль, Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрүүдэд заасан үндэслэл, шаардлагын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 37 дугаар шийдвэрийг биелүүлэх боломжгүй тул уг шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан нь биелэгдэх боломжгүй болсон, мөн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоогүй атлаа тэтгэмжийг хассан дүнгээр олгохыг даалгасан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт орууллаа.

Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, соёлын чиг үүргийг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хамааруулж, холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа яаманд шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Төрийн өмчийн хороонд даалгажээ.

Үүнээс үзвэл дээрх яамдын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн (зарим чиг үүргийг нь нэгтгэн өөрчилсөн) байх бөгөөд үүнтэй холбоотой нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн эрхэлж байсан “төрийн сангийн мэргэжилтэн”-ний орон тоо Боловсрол, шинжлэх ухааны яаманд 3, Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд 2, нийт 5 байсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шинэ бүтцээр 3 болж цөөрсөн гэж үзэхээр байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “төрийн сангийн мэргэжилтний “3” орон тоо батлагдсан хуучин ажиллаж байсан хүмүүс нь ажиллаж байгаа, нэг албан хаагчид нь соёлын чиг үүргийг хариуцуулан ажиллуулж байгаа тул Д.Мөнхцэцэгийг томилох боломжгүй” гэж тайлбарлаж маргажээ.

Төрийн байгууллага өөрчлөгдсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд ... тухайн албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан ... шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна” гэж заасны дагуу тухайн албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас шалгаруулж авахаар байна. Хариуцагч нь уг шалгаруулалтыг зохион байгуулж Д.Мөнхцэцэгийн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул уг шалгаруулалтыг явуулж Д.Мөнхцэцэгийг уг албан тушаалд томилох эсэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо нэмэгдэж батлагдаагүй, мөн сул орон тоо байхгүй байхад урьд эрхэлж байсан албан тушаал, эсхүл дүйцэхүйц албан тушаалд томилохыг даалгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч нь дээрх шалгаруулалтыг явуулж Д.Мөнхцэцэгийн ажлын байрны асуудлыг шийдвэрлээгүй, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Д.Мөнхцэцэг нь ажилгүй, цалин хөлсгүй байж хохирсон байх тул уг хугацааны цалинтай тэнцэх олговрыг үндсэн цалингаар тооцож олгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх тэтгэмжийг суутган тооцохыг даалгасан нь төсвийн тухай хууль тогтоомжид заасан (цалин хөлс, тэтгэмжийн дансдыг хөтлөх, цалингийн сан) зарчимд нийцэхгүй гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд энэ талаар  нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, хариуцагч нь дээрх шалгаруулалтыг явуулсны дараа Д.Мөнхцэцэгт тэтгэмжийг буцаан гаргуулах эрх нь нээлттэй тул шийдвэрт тусгах шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... татан буугдсаны дараа гаргасан эрх зүйн чадамжгүй Соёл, спорт, аялал жуучлалын сайдын Б/96 дугаар тушаалаар шилжүүлснийг шүүх үндэслэл болгосон нь буруу ...” гэсэн нь үндэслэлтэй боловч Засгийн газрын дээрх тогтоолоор албан хаагчдыг чиг үүрэг нь хамаарч байгаа яаманд шилжүүлсэн байх тул Төрийн албаны хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах үүрэг нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд байгаа гэж үзнэ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Д.Мөнхцэцэгийг урьд эрхэлж байсан албан тушаалд томилох эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа (ажилгүй хүлээлгэсэн) эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу цөөрсөн орон тоонд шалгаруулалт явуулж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахыг даалгасугай” гэж,

2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д.Мөнхцэцэгт ажилгүй байсан хугацааны олговор 8806356 /нэг сарын цалин 733863х12 сар/ төгрөгийг олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ