Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 403

 

“Аэрмаркет” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батдэлгэр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 471 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0585 дугаар магадлалтай, “Аэрмаркет” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 471 дүгээр шийдвэрээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 16 дугаар зүйлийн 16.8, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Аэрмаркет” ХХК-ийн “... “Эйрмаркет говь” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хангасан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйл, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг баримтлан “Аэрмаркет” ХХК-ийн “дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр  сарын 07-ны өдрийн 221/МА2016/0585 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 16 дугаар зүйлийн 16.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 14 дүгээр зүйлийн 14.2.1, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Аэрмаркет” ХХК-ийн “...”Эйрмаркет говь” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, дахин энэ нэрээр өөр хуулийн этгээд бүртгэхгүй байхыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Аэрмаркет” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Номин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журмын 3.3-т “Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж  болохгүй, жишээ нь: Нэкст, Некст г.м”, 3.4-т “гадаад үг, үсэг болон тоогоор илэрхийлэгдсэн хуулийн этгээдийн нэрийг кирилл үсгээр галиглан  бичнэ” гэж заасан. Анхан шатны шүүх дээрх заалтуудыг бүхэлд нь хэрэглэж, гадаад үг өгүүлбэрийг кирилл үсэгт шилжүүлэхдээ ижил маягаар бичих, ижил дуудлагаар шилжүүлэх ерөнхий шаардлагыг биелүүлээгүй, тухайн нэр нь бусдыг төөрөгдүүлэхгүй байх үндсэн зарчмыг зөрчсөн болохыг дүгнэсэн.  Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх хууль, журмын зүйл, заалтуудыг хэрэглээгүй, ямар үндэслэлээр шүүхийн шийдвэрийг няцааж байгаа нь ойлгомжгүй болсон. 2. Монгол хэлний зөв бичих дүрэмд гадаад үгийг бичихдээ “ойрмог гадаад хэлнээс авсан гадаад үг гэдэг нь нийтэд мэдэгдэж байгаа үгийг бичихэд үг хэлний дуудлага ба бичгийн дүрсийг харгалзана. Орос үг ба оросоор дамжиж ирсэн гадаад үгийг оросоор яаж бичдэгийг ерөнхийд нь баримталж бичнэ. Жишээ нь: мотор, феодал, трест гм. Гадаад үг бол монгол хэлний эгшиг зохицох ёс, балархай эгшгийн дүрэм ба гээгдэх эгшгийн дүрмийг дагахгүй” гэж заасан байдаг. “Аэрмаркет” болон “Эйрмаркет говь” ХХК-иуд нь гадаад нэртэй хуулийн этгээдүүд юм. Тиймдээ ч гадаад үгийг кирилл үсгээр галиглаж бичсэн байна. 3. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж заасан. Гэтэл “Аэрмаркет”, “Эйрмаркет говь” нэрүүд нь ижил, төсөөтэй, 2 шинжийн аль алиныг агуулж байхад давж заалдах шатны шүүх, хариуцагч “цахим хэлбэрээр шалгадаг, ийнхүү шалгахад ижил нэр гарч ирээгүй” гэх хийсвэр тайлбарыг үндэслэн ийнхүү шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. 4. Нөгөөтэйгүүр, “Эйрмаркет говь” ХХК нь “Аэрмаркет” ХХК-тай адил үйлчилгээг зах зээлд эрхэлдэг болох нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байгаа. Тухайлбал, анхан шатны шүүхээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох сайтуудад үзлэг хийсэн бөгөөд эхлээд “Аэрмаркет” гэсэн нэрээр манай компани дараа нь “Эйрмаркет говь” нэрээр гарч ирж байгаа бөгөөд тус компани аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон. Энэ нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах хангалттай үндэслэл гэж үзэж байна. 5. Манай компаниар үйлчлүүлэгчид “Эйрмаркет говь” ХХК-ийг тус компанийн Өмнөговь аймаг дахь Салбар гэж төөрөгдөлд орох гарцаагүй нөхцөл байдал үүсгээд байгаагийн дээр 15 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөж олж авсан бидний стандарт байдал, имижид нөлөөлөх, зах зээлд манай нэр хүндийг ашиглах бодит нөхцөл байдал бий болоод байна. “Аэрмаркет” ХХК 2001 онд байгуулагдсан, монголын анхдагч аялал жуулчлал, билет борлуулалтын компани бөгөөд манай компанитай хамааралтай, охин компани мэт ийм адил төстэй нэр авч ашиглаж байгаа нь бусдыг төөрөгдүүлж ашиг олох гэсэн санаа байхыг үгүйсгэхгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “ашиг орлого олсон гэх байдал тогтоогдохгүй байна” гэж товчхон тайлбар хийж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж шийдвэр гаргасан тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ

Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Аэрмаркет” ХХК-иас “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас олгосон “Эйрмаркет говь” хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, дахин энэ нэрээр өөр хуулийн этгээдийг бүртгэхгүй байхыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “адил төрлийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдэд бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй нэр олгох нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасантай нийцэхгүй” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Аэрмаркет” ХХК 2000 онд гадаад худалдаа, худалдааны зуучлал, аялал жуулчлалын үйл ажиллагааны чиглэлтэй үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгджээ.

Харин “Эйрмаркет говь” гэх хуулийн этгээдийн оноосон нэрийг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Н.Тэгшжаргалын хүсэлтээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар баталгаажуулан олгож, мөн сарын 20-ны өдөр  тус нэрээр аялал жуулчлал, гадаад худалдааны үндсэн чиглэл бүхий хязгаарлагдмал хариуцлагатай компанийг улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 16 дугаар зүйлийн 16.8-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим хэлбэрээр шалгаж баталгаажуулна” гэж заасны дагуу Хуулийн этгээдийн бүртгэлийн газар цахим сангаас “Эйрмаркет говь” нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхцаж байгаа эсэхийг шалган баталгаажуулсан ба энэ нь бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар хэргийн оролцогчид маргаж байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 2 дугаар зүйлийн 2.1-д Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны дагуу хуулийн этгээд байгуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцаанд Иргэний хууль эрх зүйн эх сурвалж болох бөгөөд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан байж болохгүйгээс гадна бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байхыг хориглосон /зөвшөөрөөгүй/ байна.

Тухайн тохиолдолд,  “Airmarket” гэх гадаад үгийг кирилл үсгээр хэрхэн /“Эйрмаркет”, “Аэрмаркет” гэж/ илэрхийлснээс үл хамааран тухайн нэрийг ижил /адил/ гэж үзэх бөгөөд энэхүү нэрийн өмнө болон хойно өөр оноосон нэрийг нэмснээр ялгагдах боломжтой боловч “говь” гэсэн бүс нутаг, байршил заасан үгийг оруулснаар нэг салбарт үйл ажиллагаа явуулах компаниудын хувьд бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэхээр болжээ.

Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь “Эйрмаркет говь” нэр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өөр хуулийн этгээдийн нэртэй давхцаагүй боловч “бусдыг төөрөгдөлд оруулахаар ижил төсөөтэй” байгааг анхаарч үзэлгүй нэрийн баталгаажуулалтын хуудас олгож, тухайн нэрээр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 8 дугаар зүйлд “аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасан ба тус конвенцид Монгол Улс нэгдэн орж, 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр соёрхон баталж Монгол улсын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөгдөхөөр байх тул анхан шатны шүүх маргааны үйл баримтад дээрх конвенцын холбогдох заалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй болжээ. 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1, 70.2.8-д заасны дагуу холбогдох бүртгэлийг хүчингүй болгоогүй байх тул шүүхийн шийдвэрийг Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2016/0585 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 471 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “Аэрмаркет” ХХК-ийн “Эйрмаркет говь” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай” гэснийг “Аэрмаркет” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Эйрмаркет говь” ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН