| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2017/00316/И |
| Дугаар | 299 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 299
2017 оны 06 сарын 06-ны өдөр Дугаар 129/ШШ2017/00299 Эрдэнэбулган сум
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /РД:9001425/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 2 дугаар баг, 5 дугаар 36 айлын орон сууцны 21 тоот хаягт оршин суух, Малчин овогт Юрагийн Түвшинзаяа /РД:АЮ75111001/-д холбогдох
ажилгүй байх хугацаандаа авсан ажилгүйдлийн тэтгэмж 2 697 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даатгуулагч Юра овогтой Түвшинзаяа багшийн сургуулиас хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон зохих санд төлсөн тул Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын 4.6 дахь заалтын дагуу тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмж болох 2 697 666 төгрөгийг төлүүлж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ю.Түвшинзаяа би Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангаас ажилгүй байх хугацаандаа авсан ажилгүйдлийн тэтгэмж 2 697 666 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгаж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгохоор тохиролцсон болно ... гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азмаа, хариуцагч Ю.Түвшинжаргал нар гарын үсэг зурсан байна.
Шүүх зохигчийн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Ю.Түвшинзаяад холбогдуулан ажилгүй байх хугацаандаа авсан ажилгүйдлийн тэтгэмж 2 697 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.Түвшинзаяа нь ажилгүй байх хугацаандаа авсан ажилгүйдлийн тэтгэмж 2 697 666 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхийг нэхэмжлэгч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс хүлээн зөвшөөрч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч эвлэрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас 29 057 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Түвшинзаяа нь 2 697 666 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ю.Түвшинзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 29 057 төгрөг гаргуулан орон нутгийн орлогын Төрийн сангийн 1800 0028 0976 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАДРАХ