Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 347

 

          

2017 оны 06 сарын 27-ны өдөр         Дугаар 129/ШШ2017/00347           Эрдэнэбулган сум

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Хашаат сум, Цайдам баг, Рашаант нэртэй газар оршин суух, Шарнууд овогт Цэдэнсодномын Доржханд /РД:АС67072503/-ын  хүсэлттэй

            Архангай аймгийн Хашаат сумын Их эхлэлт  нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            хүсэлт гаргагч Ц.Доржханд,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

                                          

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Миний  ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрүүд зөрчилтэйн улмаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Хашаат сумын Их эхлэлт  нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ц.Доржханд нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

                        Хүсэлт гаргагч Ц.Доржханд нь Архангай аймгийн Хашаат сумын Их эхлэлт  нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1.         Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

            - Цэдэнсодномын Доржхандын Архангай аймгийн Хашаат сумын Их эхлэлт нэгдэлд 1984 оны 01-12, 1986 оны 01-02, 04-12, 1987 оны 01-07, 10, 12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12, 1990 оны 01-12, 1991 оны 01, 06, 08 дугаар саруудад малчнаар ажиллаж авсан 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн 607 дугаар тодорхойлолт,

            2. Архангай аймгийн Хашаат сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос Ц.Доржхандыг  1985 оны 02 дугаар сарын 26-ны өдөр  шагнасан жуух бичиг,

            3. Ц.Доржхандын 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн 18618 дугаартай Архангай аймгийн Хашаат сумын Их эхлэлт нэгдлийн гишүүний үнэмлэх,

            4. Ц.Доржхандын 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн:

            - 1984 оны 01-12, 1985 оны 01-12, 1986 оны 01-02, 04-12, 1987 оны 01-07, 10-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-09, 1990 оны 01-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн бичилт бүхий зохих тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтэр /эх хувь/,

            5. Ц.Доржхандын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн:

            - 1991 оны 01-12, 1992 оны 01-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн бичилт бүхий зохих тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтэр /эх хувь/,

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан:

Гэрч Д.Надмиддоржийн ... Миний бие Архангай аймгийн Хашаат сумын Их эхлэлт нэгдлийн Цайдам бригадад 1976-1992 оныг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. С.Доржханд 1983 оны 06 сард илгээлтээр манай Цайдам бригадад малчнаар ирсэн. С.Доржханд бид хоёр Хашаат сумын Их эхлэлт нэгдлийн Цайдам бригадын саалийн фермд 1983-1992 оныг хүртэлх хугацаанд хамт малчин, саальчнаар ажиллаж байсан нь үнэн. С.Доржханд 1983-1992 оныг хүртэлх хугацаанд Цайдам бригадаас өөр сум, нэгдэл, бригад руу шилжин ажиллаж байгаагүй. Тухайн үед манай фермийн ахлагчаар Цэгмэд гэдэг хүн ажиллаж байсан. С.Доржханд манай хоёрынх айл аймаг нутагладаг байсан. Одоо ч гэсэн айл аймаг нутагладаг ... гэх мэдүүлэг,

Гэрч Л.Хишигтийн ... Миний бие Архангай аймгийн Хашаат сумын Их эхлэлт нэгдэлд 1966-1986 оныг хүртэлх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан. Ц.Доржхандыг хүүхэд байхаас нь эхлээд би сайн мэднэ. Ц.Доржхандын эцгийг нь  Цэдэнсодном, эхийг нь Ням гэдэг байсан. Цэдэнсодном манай хоёрынх олон жил айл аймаг нутагласан. Ц.Доржханд 1983 оноос Их эхлэлт нэгдэлд  малчнаар ажиллаж эхэлсэн. Намайг 1986 онд  нэгдлээс гарахад Ц.Доржханд нэгдэлдээ ажиллаад үлдсэн ... гэх мэдүүлэг зэрэг болно.

            Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан хүсэлт гаргагчийн 1984 оны 06 дугаар сарын 10, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн ажиллаж авсан цалингийн  бичигдсэн холбогдох хэсгийг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                              

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

                        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Шарнууд овогт Цэдэнсодномын Доржхандын Архангай аймгийн Хашаат сумын Их эхлэлт  нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                        3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ