| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2017/00310/И |
| Дугаар | 361 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 361
2017 оны 07 сарын 04-ний өдөр Дугаар 129/ШШ2017/00361 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Архангай аймаг, Ихтамир сум, Эрдэнэтолгой багт оршин суух, Боржгон овогт Баасангийн Долгорсүрэн /РД:АГ67021501/-ийн хүсэлттэй
Архангай аймгийн Нэгдэд дундын үйлдвэрт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1981-1982 оны хичээлийн жилийн 11 дүгээр сард 7 дугаар ангид суралцаж байхдаа өөрийн хүсэлтээр сургуулиасаа гарсан. Эцэг, эх минь Ихтамир сумын Нэгдэлд дундын үйлдвэрт ажилладаг байсан. Би Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шаварчин будагчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт 1982 онд ажиллаж байсан талаар бичилт хийгдээгүй бөгөөд архиваас харин 1 жил ажиллаж байсан талаарх баримт гарсан тул шүүхэд уг жилээ тогтоолгохоор хандаж байна.
Иймд архивын баримтыг үндэслэн миний Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд шаварчин будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Долгорсүрэн нь Архангай аймгийн Нэгдэд дундын үйлдвэрт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд шаварчин будагчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагчийн тайлбар,
2. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон Баасангийн Долгорсүрэнгийн Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 01-12 дугаар саруудад шавар будагчнаар ажиллаж авсан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 186 тоот тодорхойлолт,
3. Шүүхийн зүгээс Архангай аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн 1982 оны хөдөлмөрийн хөлсний тооцооны материалд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
4. Боржгон овогт Баасангийн Долгорсүрэнгийн Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 426 дугаар шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5. Гэрч С.Туяасайхан, Б.Байгалмаа, Б.Тамир, П.Амарсайхан нарын мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан гэрч Б.Тамир, П.Амарсайхан нарын мэдүүлэгт “Б.Долгорсүрэн нь 1983 онд ажилд анх орсон” гэж, харин гэрч С.Туяасайхан, Б.Байгалмаа нарын мэдүүлэгт “Б.Долгорсүрэн нь 1982 онд ажилд анх орсон” гэж зөрүүтэй мэдүүлсэн, мэдүүлгийн зөрүү гараагүй тул Б.Долгорсүрэнгийн ажилд орсон цаг хугацааны талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийг шүүхийн зүгээс үнэлээгүй болохыг дурдаж байна. Харин хүсэлт гаргагчийн тайлбар, архивын зохих лавлагаа, шүүхийн зүгээс үзлэг хийсэн ажиллагаа, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 426 дугаар шийдвэр зэрэгт үндэслэн Б.Долгорсүрэнгийн ажиллаж эхлэсэн хугацааг тогтоолоо.
Энэхүү шийдвэрээр хүсэлтэд дурдсан цаг хугацаанд буюу Б.Долгорсүрэн нь Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд шаварчин будагчнаар ажиллаж байсан гэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явлдыг нотлох баримтын үндсэн дээр тогтоосон болно.
Харин тухайн үед мөрдөгдөж байсан БНМАУ-ын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенцийн хүрээнд тавигдах хөдөлмөр эрхэлж эхлэх насны доод хязгаарын асуудлыг Б.Долгорсүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтооход хөндөж авч үзсэнгүй. Учир нь Б.Долгорсүрэнгийн 1982 оноос буюу 15 настайгаасаа эхлэн Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан нь нотлох баримтаар нотлогдсон, эрх бүхий байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд ажиллуулж байсан байх тул одоо энэ талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржгон овогт Баасангийн Долгорсүрэнгийн Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд шаварчин будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ