Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/713

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос З.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, З.Б /РД:***/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч З.Б нь 2021 оны 8 дугаар сарын 31-нээс 2021 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын урд талын зам дээр хохирогч Г.Ныг зодож, түүний биед баруун нүдний доод зовхи, баруун, зүүн бугалга, шуу, бүсэлхийн нуруу, баруун, зүүн өгзөг, баруун гуя, шилбэ, шагай, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч З.Б нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын урд талын зам дээр хохирогч Г.Нтай маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, баруун, зүүн бугалга, шуу, бүсэлхийн нуруу, баруун, зүүн өгзөг, баруун гуя, шилбэ, шагай, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:    

Хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 31-ний шөнө манай салсан найз залуу Б над руу залгаад уулзмаар байна гэсэн. Тэгэхээр нь би уулзахгүй гэсэн боловч намайг архи уугаад тасарсан байх үед хамт байсан ах, эгч нар байгаа газрын хаягийг Б руу явуулсан байсан. Удалгүй Б дуудлагын жолоочоор машинаа бариулаад ирж намайг авсан. ...Тэгээд замд явж байгаад би “өмнө хуурч байсан, муухай зан гаргаж байсан талаар нь хэлээд гар хэсэг рүү нь1-2 удаа цохисон. Тэгтэл салсан найз залуу машинаа жолоочид хэлж зогсоогоод намайг машинаас буу гээд чирч буулгах гэхээр нь би үгүй гэхэд миний гараас татаж чирч буулгаад, гараас хүчтэй атгаж газраар чирээд “зайлахгүй бол энд алчихъя л даа” гээд боож нүүр болон биеийн хэсэг рүү хүчтэй цохиод байсан. Тэр үед хамт явж байсан эгч Бас гуйж тайвшруулаад гэр лүүгээ хүргүүлэхээр болсон. Тухайн үед манай гэрт хүн байхгүй, гэрийн түлхүүр байгаагүй учраас би Бын гэрт очсон. Миний баруун, зүүн гарын шуу, бугуй, булчин хэсгээр хөхөрсөн, баруун хөлийн шилбэний ар хэсэг болон хоёр хөлийн урд хэсгээр хөхөрсөн, баруун гуяны хэсэгт зулгарсан. Баруун хөлийн шагай орчим хавдаж хөхөрсөн, баруун нүдний хэсэгт хөхөрсөн. Бөгсөн бие хөхөрсөн. ...Би эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр болох 50.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 11, 13 дугаар хуудас/,

Гэрч Ө.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр найзуудтайгаа 25 дугаар эмийн санд уулзсан. ...Нын найз залуу Б ирж авахаар болсон ба би Нын хамт Бын машинд суусан. Б өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор дуудлагын жолооч дуудаж машинаа бариулсан байсан. Тэгээд явж байхад Н, Б нар маргалдаад байсан ба Б машинаа зогсоогоод буу гээд чирч буулгаад түлхэж унагаагаад чирээд байсан. Тэр үед би машинд сууж байсан ба Ныг хоолойноос нь боогоод чирээд байхаар нь би буугаад боль гээд тэр хоёрыг аргадсан. Тэгээд гайгүй болоод тэндээсээ хөдлөөд би 3 дугаар эмнэлгийн тэнд буусан...” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Т.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Золоо, Цацрал, Жагаа, Цогоо нартай уулзсан. ...Нын найз залуу ирээд Ныг аваад явсан. Тухайн үед Н болон найз залуу нь хоорондоо муудалцаж байсан асуудал байхгүй. Маргааш нь Ныг найз залуудаа зодуулсан талаар мэдсэн. Анх уулзахад биед нь ил харагдах гэмтэл, шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8433 дугаартай:

“1.Г.Нын биед баруун нүдний доод зовхи, баруун, зүүн бугалга, шуу, бүсэлхийн нуруу, баруун, зүүн өгзөг, баруун гуя, шилбэ, шагай, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь  ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч З.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Н дуудаад ирээд ав гэхээр нь би Модны хоёрын тэнд байрлах Амур зочид буудлын хажууд очсон. Тэр үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас дуудлагын жолоочоор машинаа бариулж байсан ба Н Жагаанаа гэх эгчийнхээ хамт  машинд суусан. Би машины урд талын суудал дээр суугаад явж байхад хойноос цохиж аваад байсан. Тэгэхээр нь би уурлаад жолоочоо зогсож бай гээд Модны хоёрын голын замд зогсоож байгаад Нын сууж байсан талын хаалгыг онгойлгоод буу гэж хэлсэн. Тэгээд буухгүй болохоор нь гараас нь татаж буулгасан ба зогсож байгаад бөгсөөрөө уначихсан. Тэгээд ирээд надтай ноцолдоод байхаар нь Жагаанаа эгч нь боль гээд болиод машиндаа суусан. Тэндээсээ Жагаанаа эгчийг 3 дугаар эмнэлгийн зүүн талд буулгасан....” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/,  эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 36 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 37 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 38 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 43-45 дугаар хуудас/, хохирогчид хохирол төлсөн баримт /хэргийн 54 дүгээр хуудас/, хохирогч Г.Нын “...Миний бие Бд ямар ч гомдол, санал байхгүй болно. Иймд өгсөн өргөдөл, гомдлыг хүчингүй болгож өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 55 дугаар хуудас/.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч З.Б нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын урд талын зам дээр хохирогч Г.Нтай маргалдан түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи, баруун, зүүн бугалга, шуу, бүсэлхийн нуруу, баруун, зүүн өгзөг, баруун гуя, шилбэ, шагай, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч З.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч З.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч З.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигтай холбоотой зардалд 50.000 төгрөг нэхэмжилсэн /хэргийн  31 дүгээр хуудас/ байх ба шүүгдэгч З.Б нь хохирогчид эмчилгээний зардалд 50.000 төгрөг төлсөн /хэргийн 54 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч З.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 202 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч З.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч З.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

         Шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч З.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

  Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.  

  1. Бусад асуудлаар:

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З. Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО