Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 360

 

           

2017 оны 07 сарын 03-ны өдөр         Дугаар 129/ШШ2017/00360           Эрдэнэбулган сум

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Уул 1 дүгээр гудамжны 14 тоот хаягт оршин суух, Саарал адуу овогт Дамдинсүрэнгийн Оюунбилэг /РД:АЙ61082101/-ийн  хүсэлттэй

            Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1977 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламсүрэн,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

                                          

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

   Хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний  ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрүүд зөрчилтэйн улмаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Д.Оюунбилэгийн Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1977 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч  Д.Оюунбилэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

                        Хүсэлт гаргагч Д.Оюунбилэг нь Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1977 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг  хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1.         Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

            - Дамдинсүрэнгийн Оюунбилэгийн Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1977 оны 05-08, 10-12, 1984 оны 04-12, 1986 оны 01-03, 05-10, 12, 1987 оны 01-09, 11-12, 1988 оны 10, 1989 оны 01-04, 06-10, 12 дугаар саруудад малчин, саальчнаар ажиллаж авсан 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн 356 дугаар тодорхойлолт,

            - Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн даргын 1977 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажилд томилох тухай” 14 дүгээр тушаалын хуулбар,

            - Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг  нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Шагнал олгох тухай” 75 дугаар тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг  нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн  “1986 онд малын ашиг шим дутагдуулсан  хүмүүст  төлбөр ногдуулах тухай” 33 дугаар тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг  нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “1987 онд идээ шим дутагдуулсан  хүмүүст  төлбөр ногдуулах тухай” 10 дугаар тогтоолын хуулбар,

            - Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн  Ардын зориг  нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын  1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Шагнал олгох тухай” 48 дугаар тогтоолын хуулбар,

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан:

Гэрч Э.Самданпэрэнлэйн ... Миний бие Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Чандмань бригадад 1981-1991 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй тоо бүртгэгч, мал аж ахуйн даргаар тус тус ажиллаж байсан. Д.Оюунбилэгийг хүүхэд байхаас нь эхлээд би сайн мэднэ. Би Д.Оюунбилэгийн эцэг, эхтэй нь нэг нутгийн хүмүүс. Эцгийг нь Балчингийн Дамдинсүрэн, эхийг нь Даваагийн Жавуужав гэдэг байсан. Б.Дамдинсүрэн манай хоёрынх олон жил айл аймаг нутагласан. Д.Оюунбилэг нь 1977-1989 оны 12 сарыг хүртэлх хугацаанд Хангай сумын Ардын зориг нэгдлийн Чандмань бригадад малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Д.Оюунбилэг нь сум, нэгдлийн аврага саальчин болж байсан. Би Д.Оюунбилэгийн эцэг, эхтэй найз нөхөд байсан, нэг нутгийн хүмүүс, мөн Чандмань бригадын дарга, тоо бүртгэгчээр ажиллаж байсан учир Д.Оюунбилэгийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Намайг Ардын зориг нэгдэлд ажиллаж байх үед нэгдлийн даргаар Дашдэндэв, Цэрэндондог, Гомбосүрэн, Мишигдорж зэрэг хүмүүс ажиллаж байсан ... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримтын хуулбар,

Гэрч М.Баасанжавын ... Миний бие Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн Чандмань бригадад 1973-1992 оныг хүртэл тасралтгүй саальчин, төлчнөөр ажиллаж байсан. Нэгдэл тарсны дараа “Ардын зориг” ХК-нд 1993, 1994 онуудад малчнаар ажилласан. Д.Оюунбилэгийн эцгийг нь Б.Дамдинсүрэн гэдэг байсан. Д.Оюунбилэгийнх манай хоёрынх олон жил айл аймаг нутагласан. Нөхрийг нь Гантөмөр гэдэг. 3 бандитай. Д.Оюунбилэг нь 1977 оны хавраас нэгдэл тарах хүртэл хугацаанд Хангай сумын Ардын зориг нэгдлийн Чандмань бригадад малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Ардын зориг нэгдэл 1992 онд хувьчлагдаж байсан санагдаж байна. Би Д.Оюунбилэгтэй хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Намайг Ардын зориг нэгдэлд ажиллаж байх үед нэгдлийн даргаар Дашдэндэв, Цэрэндондог, Гомбосүрэн, Шижээ, Мишигдорж зэрэг хүмүүс ажиллаж байсан ... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримтын хуулбар зэрэг болно.

          Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт нотлох баримтыг үнэлсэн бөгөөд бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй нэр нь буруу, зохих тамга дарагдаагүй 1977 оны 06 дугаар сарын 01, 1981 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүдийг үнэлээгүй болохыг дурдвал зохино.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                              

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

                        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Саарал адуу овогт Дамдинсүрэнгийн Оюунбилэгийн Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1977 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг  хүртэлх хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                        3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.БАДРАХ