Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/715

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч С.Цэрэндорж,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Х.Э /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Х.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТНТ” гэх пабад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар пивоны бакал авч шидэж хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би пабад ууж байсан. Яг пивоны шилэн аяга шидсэнээ санахгүй байгаа. Камерын бичлэгт болон хамт байсан хүмүүс пивоны шилэн аяга шидсэнийг хараагүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “2021 оны 9 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө ТНТ пабад сууж байгаад Атай хамт эдгээр хүмүүс дээр очсон. Хоёр эгч, 1 ах байсан. Тэгээд Соёрхол архи, пиво уугаад сууцгааж байсан. Үргэлжлүүлээд 1 шил архи аваад ууж байхад маргаан үүсээд Э гэх хүн намайг элдвээр хэлсэн. Би биеэ хянах чадвартай байсан. Тэгээд маргаан болоод босоод ирэхэд шууд нүүр рүү пивоны бакал аяга шидсэн. Миний хамар гэмтсэн одоо хамар байнга битүүрэлттэй унтаж чадахгүй, тал амьсгаа аваад байдаг болохоор толгойнд нөлөөлж байгаа, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна” гэв.

Шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТНТ” гэх пабад хохирогч Б.Бтэй маргалдаж нүүрэн тус газарт нь пивоны бакал авч шидэн, улмаар түүний эрүүл мэндэд хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн үед найз Атай хамт Саппорогийн замын урд талын “ТНТ” нэртэй пабад орсон. Бид хоёрыг очиход Аын ах нь гэх хүн хоёр эмэгтэй хүнтэй сууж байсан. ...Архи ууж сууж байгаад хамт сууж байсан нэг эгчтэй нь маргалдсан. Би тэр эгчид нь “давраад байгаарай эгчээ” гээд боссон чинь надтай маргалдсан Булгаа гэх эгч миний нүүр лүү пивоны шилэн аяга /бакал/ шидсэн ба миний хамар дээр оноод хамраас цус гарсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. ...Хамрын хагалгаанд орох шаардлагатай 4.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ууганаагийн дүү гэх залуугийн найз эмэгтэй Э бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Э “энэ муу хогийн хүүхэн юу ярих гээд байдаг юм” гээд босож ирэх гээд байхаар нь тайвшруулсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орчихоод буцаад ирсэн чинь ширээн дээрх хамаг юм уначихсан, Э бид хоёрыг доромжлоод байсан эмэгтэйн хамар нь шалбарчихсан, цус гарсан байсан. Ууганаа “энэ хоёр муудалцчихлаа” гэсэн. ...” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,

Гэрч А.Уын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн шөнө 00 цаг өнгөрөөд манайх хаах боллоо гээд би ширээн дээр сууж байсан хүмүүсээ гараарай гэж хэлээд явж байтал 4 дүгээр ширээн дээр сууж байсан нэг эмэгтэй хүн нь нэг эмэгтэй рүүгээ юм аваад шидсэн. Юу авч шидсэнийг нь хараагүй. Би очоод тэр хоёр эмэгтэйн голоор нь орж болиулсан ба ширээн дээрх бүх юм нь уначихсан, нэг эмэгтэйнх нь хамраас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/,

Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б Ууганаа ахын хамт явж байсан нэг эмэгтэйтэй маргалдаж байгаад тухайн эмэгтэй Б рүү пивоны шилэн бакал авч шидээд хамрыг нь оноод Бийн хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №8539 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Б.Бийн биед хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Эы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...сүүлд ирсэн эмэгтэй Б бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан. ...Тэр эмэгтэй рүү пивоны бакал шидсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 47-48 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 50 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 51 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТНТ” гэх пабад хохирогч Б.Бтэй маргалдаж нүүрэн тус газарт нь пивоны бакал авч шидэн, улмаар түүний эрүүл мэндэд хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч Х.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э “...Би согтуу байсан тул гэмт хэрэг үйлдсэн эсэхээ санахгүй байна ... гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлж байх боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг үгүйсгэн няцаасан буюу шүүгдэгч Х.Э үйлдээгүй гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч, гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй /худал мэдүүлэг өгсөн бол хариуцлага хүлээлгэхээр заасан/ байдаг бол яллагдагч, шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй болохыг дурдах нь зүйтэй.

         Тиймээс шүүгдэгч Х.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

              Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний хамар хугарсан тул хагалгаанд орох шаардлагатай, шүүгдэгчээс 4 сая төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгч хавтаст хэрэгт тусгуулсан баримт нь шүүх үнэлж болохуйц шаардлага хангасан нотлох баримт биш, нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлтэд хохирогч Б.Бийн хамар хугарсан талаар дурдаагүй  /хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

            Харин хохирогч өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Х.Эы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед согтуу байсан учраас санахгүй байна...” гэж мэдүүлж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Х.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч Х.Эы хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэхэд эргэлзээтэй нөхцөл байдал, хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй, санаачилга гаргаагүй зэргийг харгалзан шүүгдэгч Х.Эд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.  

 Шүүгдэгч Х.Э нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Х.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО