Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2018/ДШМ/038

 

О.О, Б.Г, Ё.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч О.О, Ё.Д,

Шүүгдэгч Б.Г, Ё.Д нарын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа

Шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Л.Батбаяр

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №14 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч О.Оын гаргасан давж заалдах гомдлоор О.О, Б.Г, Ё.Д нарт холбогдох эрүүгийн 1714000150033 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Биндэр овогт О.О, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

2013 оны 5 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2016 оны 1 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

Монгол улсын иргэн, Галдан тайж овогт Ё.Д, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, 2017 оны 7 дугаар сарын 06-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,

Монгол улсын иргэн, Жамц овогт Б.Г, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, малчин, 2013 оны 9 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

О.О нь Б.Гтой бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Номгоны үзүүр гэх газраас Ч.Тын эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн О.О нь Ё.Дтай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг Багийн төвийн чулуун хороо гэх газраас С.Сгийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.О нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг Ханхарын ар гэх газраас Г.Уын эзэмшлийн 8 тооны адууг хулгайлж, бусдад 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Г нь О.Отай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Номгоны үзүүр гэх газраас Ч.Тын эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ё.Д нь О.Отай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг Багийн төвийн чулуун хороо гэх газраас С.Сгийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас О.От 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Б.Г, Ё.Д нарт Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.Дд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Биндэр овогт О.Оыг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах, Галдан тайж овогт Ё.Дг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах, Жамц овогт Б.Гийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар О.Оын эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жил, нэг сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гийг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ё.Дгийн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан О.От энэ шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих хөнгөн ял дээр хүнд ял болох 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг дөрвөн жил нэг сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар О.От оногдуулсан дөрвөн жил нэг сарын хугацаагаар хорих ялыг энгийн зэрэглэлтэй нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гт оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар О.О, Б.Г, Ё.Д нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1,8-д тус тус зааснаар О.Оын эзэмшлийн “...гар утас...”-ыг, Ё.Дгийн эзэмшлийн “...алаг зүсмийн нэг тооны морь..”-ийг, Б.Гийн эзэмшлийн”...хар зүсмийн нэг тооны үхэр...”-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу О.О, Ё.Д, Б.Г нар буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан О.Оын эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 80.000 төгрөг, Ё.Дгийн эзэмшлийн морины үнэ болох 500.000 төгрөг, Б.Гийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 80.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.Д, Б.Г нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, О.От хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоол залруулах тухай 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЗ/413 дугаар шүүгчийн захирамжид: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэхийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж залруулжээ.

Прокурор В.Дэлгэрмаа 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №14 дүгээр эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...” гэж заасан байхад шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 7 дугаар заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэж бичиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь “....найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож...” солихоор байхад шүүх найман цагийн ажлыг ажлын нэг хоногоор тооцохоор заасан байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч О.О гаргасан давж заалдах гомдолдоо: Би өөрийн бодлоггүйгээс болж энэ хэрэгт холбогдсондоо туйлын их гэмшиж байна. Цаашид би өөрийгөө дайчилж хөдөлмөрлөж амьдралын төлөө ажил хийж амьдрах болно. Би хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлгож ухаарсан. Би дахин хэрэг хийхгүй гэж шүүхийн өмнө амлаж байна. Хүнд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, одоо хохирол гомдолгүй болгосон байгаа. Хүнтэй зөв боловсон харьцах, амьдралынхаа төлөө зүтгэн ухаантай байхын төлөө зүтгэх болно. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

О.О, Б.Г, Ё.Д нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 1-6 дугаар талд авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 80 тоот шийтгэх тогтоолоос үзвэл шүүгдэгч О.О нь Ц.Раднаатай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу багийн 7-2 тоотод байх иргэн Ц.Нямхүүгийн эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч бусдад 2.872.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж уг хэрэгтээ гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх түүний шийтгэх тогтоол гарахын өмнөх үйлдэл буюу Б.Г, Ё.Д нартай бүлэглэн бусдын нийт 12 тооны адуу хулгайлсан хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 94 тоот шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэж хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн нэмж нэгтгэсэн нь буруу бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэлд хамаарч байгаа болно.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах буюу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхээс ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтоох хуулийн зохицуулалт бөгөөд харин ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон нөхцөлд шүүхээс оногдуулсан ялуудыг хэрхэн нэмж нэгтгэх, өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас бүрэн буюу хагас эдэлсэн хэсгийг хэрхэн нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг тогтоох хуулийн зохицуулалт байхгүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үүднээс хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Оын холбогдсон гэх зарим үйлдэл холбогдол нотлогдсон эсэх талаар хянаж үзээгүй, зарим шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтууд утга найруулга болон үг үсгийн алдаа ихтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон 2015 онд Улсын Их Хурлаас батлагдсан Өршөөлийн хуулийн нэр томъёог буруу хэрэглэсэн, хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч О.Оын хорих ял эдлэх хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тооцсон, шүүх хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хэргийн оролцогчийн хүсэлтээр хойшлуулсан шүүгчийн захирамж болон шүүх хуралдааны тэмдэглэлийн тогтоох хэсэг зөрүүтэй зэрэг алдаа зөрчил гаргасан байгааг дурдав.

Мөн улсын яллагч В.Дэлгэрмаагийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцэлд дурдагдсан Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэсэн нь ч үндэслэлтэй байгаа болно.

Хэдийгээр шүүхээс 413 дугаар шүүгчийн захирамжаар /хх-ийн 2-р хавтас 45-46-р тал/ өөрийн санаачлагаар шийтгэх тогтоолд залруулга хийсэн ч шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт уг залруулгаа хийсэн, уг залруулга хийсэн шүүгчийн захирамж нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш нийт 23 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “даруй” /...боломжит богино хугацаа.../ гэсэн хугацаанд хамаарахгүй болохыг цаашид анхаарвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, О.О, Б.Г, Ё.Д нарт холбогдох эрүүгийн 1714000150033 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.От хэрэглэсэн цагдан хорих, шүүгдэгч Б.Г, Ё.Д нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ