| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/290 |
| Огноо | 2021-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/290
2021 10 07 2021/ШЦТ/290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Иргэдийн төлөөлөгч ******* /онлайн/
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хохирогч Б.Д /онлайн/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З /онлайн/
Гэрч П.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Од холбогдох эрүүгийн 2021000000363 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Дорнод аймгийн ...................................... оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ................... овогт О /РД: ......................./
Шүүгдэгч О нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр хохирогч Б.Д-ийн нүүр рүү гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр хохирогч С.Б-ийн нүүр рүү гараараа цохиж унагаасны улмаас С.Б нь газарт унаж улмаар тархиндаа гэмтэл авч 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О шүүх хуралдаанд: “...Мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хохирогч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр талийгаач Б бид хоёр ******* сумын тоглоомын талбайн сааданд хүүхдүүдтэй танилцаад юм яриад сууж байсан. Гэтэл О ирээд хамт байсан хүүхдүүдийг загнаж байгаад бид хоёрыг шууд цохисон. Миний бие шүүгдэгчээс эмчилгээний зардалд 4,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хэрэг гарснаас хойш нэг жил гарангийн хугацаа өнгөрсөн. Дүү минь нас бараад 1 жил өнгөрчихөөд байхад одоо болтол хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаад сэтгэл дундуур байна. Хохирлын зардалд нийт 12,200,000 төгрөг гарснаас 8,534,940 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрийнхэн өгсөн. Хохирлыг бүгдийг баримттай гаргаж өгсөн. Баримт авах боломжгүй хохирлын талаар шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй тохиролцсон. Бүхэл бүтэн хүний амь хохирчихоод байхад 5,000,000 төгрөгийн хохирол дээр таталдаад байх шаардлага байхгүй. Шүүгч нараас хэргийг үнэн зөв шийдвэрлэхийг хүсэж байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө гэмт хэрэг үйлдэж Б.Д-ийн биед хөнгөн хохирол, С.Б-ийн амь насыг нь хохироосон болох нь нотлогдон тогтоогдсон. О нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг ойлгож гэмшиж байгаа тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй...” гэв.
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...сумын төвд байх хүүхдийн тоглоомын талбай дээр хүүхдүүд сагс тоглож байхаар нь Б, Л бид 3 очсон. Тоглож байхдаа 2 пивоо уусан. Тэр үед саравчинд архи уугаад сууж байсан Б, Т, И нар бид гуравтай танилцъя гээд бид нар нутаг орны сонин ярилцаж хамт уусан. Тэгэхэд Т нь найз руугаа утсаар ярьж 00 цагийн орчим О, Д, Б гурав бид нар дээр ирцгээгээд бид нар руу асаагуурын гэрэл тусгаж хараад С.Б-ийг О нь үгийн зөрүүгүй шууд нүүр рүү нь цохиж унагаасан. Тэгэхээр нь би О рүү очиж “Чи яаж байгаа юм бэ, зүгээр байгаа хүнийг зодохдоо яадаг юм бэ” гэтэл “Чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд миний нүүр рүү нэг удаа цохиход миний шүд хугарч, уруул язарч, амнаас цус гарсан. Дахин намайг цохих гэхээр нь би түлхэж холдуулсан. Тэр үед тэнд байсан хүмүүс биднийг салгасан. Тэгтэл С.Б газраас босохгүй, сонин дуугараад байхаар нь Л, О хоёр С.Б-ийг эмнэлэг рүү авч явсан... Миний 1 шүд хугарч, 4 шүд хөдөлж, уруул язарсан. Бийн биед ил харагдах гэмтэл харагдаагүй, ямар ч ухаангүй байсан...” гэжээ. /хх-ийн 44-45/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ байхад аав С над руу залгаад “Б дүү чинь ******* суманд хүнд зодуулаад бие нь маш муу байна” гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн үед Дорнод аймаг руу гарч дүү дээрээ очсон. Тэгээд ******* сумын эмнэлэгт 2 хонож тэндээсээ аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан. Дүү маань нас барах хүртлээ нэг ч удаа ухаан ороогүй, юм ярихгүй байсаар байгаад өнгөрсөн...” гэжээ. /хх-ийн 39-42/
Гэрч Г.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...00 цаг өнгөрч байхад О гэх залуу хоёр залуугийн хамт ирсэн. Бид нарыг сүүдрэвчинд сууж байхад О гэх залуу Б, Д бид нар руу гар чийдэн тусгаж харсан ба Б-ийг зогсож байхад үгийн зөрүүгүй шууд нүүр рүү нь цохих шиг болсон чинь Б газарт унасан. Б ухаан алдаад ямар ч мэдээгүй болчихсон. Тэгээд Д Ог болиоч гээд холдуулах гэхэд түүний нүүр рүү бас нэг удаа цохисон. Бид нар Б-ийг сумын эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нь “жоохон удсан бол газар дээрээ үхэх байсан байна” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 53-54/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...орой 00 цагийн үед О, Б, Д гурав бид нар дээр ирээд О нь талийгаач Б, Л, Д нарт хандаж “Хаанахын ямар пизда нар ирчихээд томроод байгаа юм” гэхэд Л босч ирээд “Чи хэн болчихоод хүн дээрэлхэх гээд байгаа юм бэ” гэтэл талийгаач Б дундуур нь ортол О шууд талийгаач Б-ийг цохиход тэр газарт ухаан алдан унасан. Тэр үед Л талийгаачийг сэрээх гээд хацар руу нь алгадаж Баагий гээд дуудаад байсан боловч ухаан орохгүй байсан. Д О рүү “Чи яасан гэж зүгээр байсан хүнийг цохиж байгаа юм бэ” гэхэд “Чамд ямар хамаатай юм” гэж хэлээд Д-тэй маргалдаж байсан. Л нь талийгаачийг ухаан орохгүй байхаар нь мотоциклоо асаагаад эмнэлэг рүү авч явсан...” гэжээ. /хх-ийн 55-56/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б босож ирээд О рүү “Чи яах гэж хүүхэд зодох гээд юм бэ” гэтэл “Чамд ямар хамаатай юм бэ” гээд Б-ийн нүүр рүү шууд гараараа цохитол Б газар дээрээ унаад босож ирээгүй. Тэгтэл цаанаас Д ирээд Ог “Чи яасан гэж зүгээр байсан хүнийг зодож байгаа юм бэ” гэхэд О “Чамд ямар хамаатай юм бэ” гээд Д-ийн нүүр рүү гараараа нэг удаа цохиход Д нь “Л, Б бид гурав Ховд аймгаас явж байна, хүний нутагт зодоон хийхгүй” гээд цаашаа болсон. Тэр үед Б ухаан орохгүй байхаар нь Л, Отэй хамт өргөөд эмнэлэг рүү авч явсан. О нь Бий нүүр рүү нэг удаа гараараа цохисон...” гэжээ. /хх-ийн 57-58/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач С.Бд эмийн эмчилгээ, зохиомол амьсгалын аппараттай хавсран хийгдэж байсан. Тархины гэмтлийн тасгийн болон мэдрэлийн мэс заслын эмч нарын үзлэгээр мэс засал хийгдэх боломжгүй байсан тул мэс засал хийгдээгүй. Тухайн хүний тархины гэмтэл нь амь насанд үл нийцэх хүнд гэмтэл, мэс засал хийгдэх боломжгүй гэж мэргэжлийн эмч нар үзсэн. Толгойн томографикийн шинжилгээгээр хамрын ясанд хуучин гэмтэл оношлогдсон байна. Энэ гэмтлийг хэзээ авсныг хэлж мэдэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 227-228/
Шинжээч Н.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гавал тархины үхэлд хүргэсэн хүнд гэмтэл учраас мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн буюу олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл гэж үзсэн...” гэжээ. /хх-ийн 231 /
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 708 тоот дүгнэлтэд:
1. Б.Д-ийн биед баруун дээд 2-р шүдний хугарал, баруун дээд 1,3-р шүд, зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
4. Дээрхи гэмтлийн баруун дээд 2-р шүдний хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид баруун дээд 2-р шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна гэжээ. /хх-ийн 86-87/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1993 тоот дүгнэлтэд:
1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их, бага тархины орой болон суурь хэсгийг тархмал хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, 2 хажуу ховдлын цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, үхэлд хүргэсэн болно.
3. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь В (III)-р бүлгийн цустай байна.
6. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэжээ. /хх-ийн 76-81/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 679 тоот дүгнэлтэд:
1. С.Бийн биед хоёр хажуугийн ховдлын арын эвэрт аалзан хальсны доорх цус хуралт, тархины хаван, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэзээ үүсгэгдснийг нарийн тогтоох боломжгүй байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 83-84/
Шүүгдэгч О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай дүүг зодсон Тэмүүжин байхаар нь уулзах гэтэл надаас зугтаагаад байсан. Тэгтэл талийгаач Б босож ирээд “Чи наад хүүхдээрээ яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би “Чамд ямар хамаатай юм” гэж хэлээд баруун шанаа руу нь гараараа нэг удаа цохиход тэр дороо ухаан алдаж газар унахдаа хүндээр амьсгалж эхэлсэн. Тэр үед ******* над руу “Чи яасан гэж зүгээр байсан хүнийг цохиж байгаа юм бэ” гэж хэлээд над руу ойртоод ирэхээр нь найзыгаа өмөөрч намайг цохих нь гэж ойлгоод түрүүлээд Д-ийн ам хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд Л “Б ухаан орохгүй байна” гэж хэлэхээр нь бид нар Б рүү очиход ухаан орохгүй байсан...” гэжээ. /хх-ийн 97-98/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-71/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 46 тоот дүгнэлт /хх-ийн 89/
Гэрч П.О-ийн мэдүүлэг /хх-ийн 63/
Гэрч Э.У-ийн мэдүүлэг /хх-ийн 64/
******* сумын 6-р багийн Засаг даргын албан бичиг /хх-ийн 99-100/
Огийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 101/
Огийн тодорхойлолт /хх-ийн 102/
С.Бийн эмчилгээ болон бусад хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 12-35/
Л.Л-ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8-10/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн Л.Л-ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ............... овогт О нь 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр хохирогч Б.Д-ийн нүүр рүү гараараа цохиж түүний биед баруун дээд 2-р шүдний хугарал, баруун дээд 1,3-р шүд, зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч С.Бийн нүүр рүү гараараа цохиж унагаасны улмаас С.Б тархиндаа хүнд гэмтэл авч 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан буюу хүнийг алах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгчийн “...Б босож ирээд “Чи наад хүүхдээрээ яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би “Чамд ямар хамаатай юм” гэж хэлээд баруун шанаа руу нь гараараа нэг удаа цохиход тэр дороо ухаан алдаж газар унахдаа хүндээр амьсгалж эхэлсэн. Тэр үед Д над руу “Чи яасан гэж зүгээр байсан хүнийг цохиж байгаа юм бэ” гэж хэлээд ойртоод ирэхээр нь найзыгаа өмөөрч намайг цохих нь гэж ойлгоод түрүүлээд *******гийн ам хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон гэрч А.Б-ийн “...Талийгаач С.Бд эмийн эмчилгээ, зохиомол амьсгалын аппараттай хавсран хийгдэж байсан. Тархины гэмтлийн тасгийн болон мэдрэлийн мэс заслын эмч нарын үзлэгээр мэс засал хийгдэх боломжгүй байсан тул мэс засал хийгдээгүй. Тухайн хүний тархины гэмтэл нь амь насанд үл нийцэх хүнд гэмтэл, мэс засал хийгдэх боломжгүй гэж мэргэжлийн эмч нар үзсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Д, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З, гэрч Г.Л, Б.Б, А.Б, шинжээч Н.Уянга нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 708 тоот, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 679 тоот дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1993 тоот дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч О нь хохирогч нарын нүүрэн тус газарт нь гараараа цохиход тэдний бие махбодид гэмтэл учирна гэдгийг бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд О нь хохирогч Б.Д-ийн нүүрэн тус газар гараараа цохиж улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан, мөн амь хохирогч С.Бийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас хохирогч С.Б газарт унахдаа тархиндаа үхэлд шууд хүргэх гэмтэл буюу тархины хүнд гэмтэл авч анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч эмчилгээ авахгүй байсаар амь хохирсон байх ба өөрөөр хэлбэл хохирогч нь тэр даруйдаа эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Иймд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон байх тул шүүгдэгч Ог “хүнийг алах” болон “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч О нь “хүнийг алах” болон “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч *******ийн “Шүүгдэгч О нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө гэмт хэрэг үйлдэж Б.Д-ийн биед хөнгөн хохирол, С.Бийн амь насыг нь хохироосон болох нь тус тус нотлогдон тогтоогдсон. О нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг ойлгож гэмшиж байгаа тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч О нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч О нь хохирогч Б.Д, амь хохирогч С.Б нарын нүүрэн тус газарт тус бүр нэг удаа гараараа цохисны улмаас Б.Д-ийн биед хөнгөн гэмтэл учирч, С.Б цохиулж унахдаа тархиндаа хүнд гэмтэл авч улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 708 тоот “...Б.Д-ийн биед баруун дээд 2-р шүдний хугарал, баруун дээд 1, 3-р шүд, зүүн дээд 1-р шүдний сулрал, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтлээс баруун дээд 2-р шүдний хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, мөн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 679 тоот “...С.Бийн биед хоёр хажуугийн ховдлын арын эвэрт аалзан хальсны доорх цус хуралт, тархины хаван, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1993 тоот “...их, бага тархины орой болон суурь хэсгийг тархмал хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, 2 хажуу ховдлын цусан хураа гэх гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийсэн байна.
Шүүгдэгч О нь сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 46 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх зохицуулалтаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлд шүүгдэгч Огийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг хамаарч байх тул аймгийн прокурорын газраас түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, С.Бийн амь нас хохирчээ. Амь хохирогч С.Бийн хууль ёсны төлөөлөгч С.З нь шүүх хуралдаанд “...Би шүүгдэгчээс хохирлын зардалд 12,200,000 төгрөгийг нэхэмжилнэ. Огийн ар гэрээс өнөөдрийн байдлаар надад 8,534,940 төгрөгийг төлсөн. Баримт авах боломжгүй хохирлын талаар шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй тохирсон. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжилж байгаа 12,200,000 төгрөгнөөс шүүгдэгчийн ар гэрээс өгсөн 8,534,940 төгрөгийг нь хасаад үлдэгдэл мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэж, хохирогч Б.Д нь “...Би мөнгө байхгүйн улмаас эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Эмчилгээ хийлгэхэд зарцуулах 4,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна...” гэж тус тус мэтгэлцдэг.
Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр амь хохирогч С.Бийн хууль ёсны төлөөлөгч С.З-ын хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлахад хууль ёсны төлөөлөгчийн баримтаар ирүүлсэн 8,534,940 төгрөгийг шүүгдэгч О нь төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З, шүүгдэгч О нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Б.Д-ийн хувьд эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З, хохирогч Б.Д нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Огийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэм буруугийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцож гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З-ын баримтаар ирүүлсэн 8,534,940 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С., хохирогч Б.Д нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтын хүрээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгч Огийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирохоос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Огийн цагдан хоригдсон 267 /хоёр зуун жаран долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З-д 8,534,940 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................. овогт Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Од 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Од оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Огийн цагдан хоригдсон 267 /хоёр зуун жаран долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З, хохирогч Б.Д нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Огээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З-д 8,534,940 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Од авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
П.ПАГМА