| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00110/И |
| Дугаар | 232 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 232
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 3 дугаар байр 33 тоотод оршин суух, эрэгтэй, 29 настай, одоо “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар /вокзал/ тооцооны төвд харилцааны менежер ажилтай Боржигон овогт Эрдэнэчимэгийн Ариунбат /МЮ-87122315/ /”Төрийн банк”-ны Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо согоотын 25-347 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо 16 дугаар хороо 77а-15 тоотод оршин суух, эрэгтэй, 35 настай, одоо “Бамбай Секьютири сервис” ХХК-нд шуурхай бүлгийн жолооч ажилтай Тугчин овогт Цэвэлдоржийн Цэдэнжав /ХМ-81101217/
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон 3 дугаар баг 8-1 тоотод оршин суух, эрэгтэй, 62 настай, одоо Сэлэнгэ аймгийн ИТХ-д ажлын албаны ажилтан Монгол овогт Сономжамцын Баяржаргал /ТЗ-55010176/ нарт холбогдох
“Зээл, зээлийн хүү, нотариатын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж нийт 10.636.775.32 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунбат, хариуцагч Ц.Цэдэнжав, С.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ариунбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Иргэн Ц.Цэдэнжав нь “Төрийн банк” Сэлэнгэ салбараас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2015/893 тоот Зээлийн болон Барьцааны гэрээгээр 9.995.579 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Баяржаргал оролцон зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл Ц.Цэдэнжав нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин зээл болон зээлийн хүүг төлөлгүй 301 хоног хэтрүүлэн, зээлийн гэрээнд заагдсан хаягтаа байхгүй Улаанбаатар хот руу явсан байсан. Ц.Цэдэнжав руу Улаанбаатар хотод ажиллаж байгаа бол цалингаасаа зээлээ бага багаар хэсэгчлэн төлөх боломжтой талаар удаа дараа сануулж холбогдсон боловч огт төлөлт хийхгүй, утсаар ярихаар эхнэр өвчтэй гэдэг шалтгаан хэлэн хүндрэл учруулж манай байгууллагыг хохироосоор байна.
Иймд зээлдэгч Ц.Цэдэнжав, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Баяржаргал нараас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 8.842.338.06 төгрөг, хүүгийн төлбөр 1.593.609.26 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 185.138 төгрөг, нотариатын төлбөр 20.000 төгрөг нийт 10.641.085.32 төгрөгий гаргуулж, барьцаа хөрөнгө болох хөдлөх эд хөрөнгөөс татгалзаж байна. Мөн манай банк зээлдэгч нарын хооронд хийгдсэн гэрээг цуцалж өгнө үү гэх.
Хариуцагч Ц.Цэдэнжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би зээл авах үед Сэлэнгэ аймгийн ИТХ-д жолоочоор ажилладаг байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сараас эхлэн эхнэрийн маань биеийн байдал муудаж уушигны үрэвсэл гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай болж ажлаасаа цалинтай чөлөө аваад эхнэрээ аваад эмнэлэгээр явсан. Гэтэл эхнэр маань эмнэлэгийн байнгын хяналтанд орж цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас ажлаасаа гарч хот руу явсан. Зээлээ 2016 оны 03 дугаар сар хүртэл төлж байгаад ажилгүй болсон, эхнэрээ эмчилгээнд оруулж байсан учраас зээлээ цаг хугацаанд нь төлж чадахааргүй нөхцөл байдалд орсон. Би 2016 оны 07 дугаар сараас эхлэн “Бамбай секьютири сервис” ХХК-нд ажилд орсон. Миний хувьд банктай тохирох санаатай 2017 оны 01 дүгээр сард ажиллаж байгаа газраасаа авч байгаа цалиндаа тохируулан зээлийнхээ гэрээг шинэчлэн тогтооё гэсэн бодолтой ирж уулзахад надаас алданги 3 сая гаруй төгрөгийг бэлнээр төлөөд үндсэн зээлийн төлбөр лүүгээ ор гэсэн. Надад өгөх бэлэн мөнгө байхгүй байсан учраас тохиролцож чадаагүй буцсан. Би бодохдоо шүүүхэд нэхэмжилсэн төлбөрөөс үндсэн зээлийг нь төлнө. Хүү төлөх боломжгүй гэж үзэж байна. Барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө нь зээл авахад ч манайд байгаагүй банкны ажилтан ингээд бичихье гэхээр нь зөвшөөрсөн юм. Одоо ч манайд ийм хөрөнгө байхгүй гэх.
Хариуцагч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч С.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Цэдэнжав нь манай ажлын албанд жолоочоор ажилладаг байсан юм. 2013 оноос эхлэн зээл авахад нь би итгээд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцдог байсан. Ийм нөхцөл байдал үүснэ гэж бодсонгүй. Энэ хүн зээлээ хугацаанд нь төлөөд л явдаг байсан. Ц.Цэдэнжавын “Төрийн банк”-наас авсан зээлээс би нэг ч төгрөг аваагүй, хэрвээ би энэ зээлнээс нэг төгрөг ч болтугай аваад хэрэглэсэн бол хариуцлагаа хүлээгээд авсан мөнгөө төлөөд л сууж байх байсан. Зээл авсан хариуцагч нь энд байна, зээлээ өөрөө төлөх ёстой байх гэж бодож байна. Би “Төрийн банк”-ны харилцааны менежер, Ц.Цэдэнжав хоёрыг уулзуулж учрыг нь олох гэж чадлынхаа хирээр л гүйсэн. Би 2016 оны 05 дугаар сард банкны төлөөлөгчтэй уулзаж “Ц.Цэдэнжав зээлээ бүрэн төлж чадахгүйд хүрээд байна, бага багаар төлөх хүсэлттэй” байгаа талаар хэлсэн ч банкны зүгээс хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Банкны хувьд ингэж явах нь ашигтай байх талтай гэж үзэж байна. Ийм учраас би Ц.Цэдэнжавын зээлтэй холбогдуулан хариуцлага хүлээмээргүй байна гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Цэдэнжав нь “Төрийн банк” Сэлэнгэ салбараас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2015/893 тоот Зээлийн болон Барьцааны гэрээгээр 9.995.579 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Баяржаргал оролцон зээлийн гэрээнд гарын үсэг зурсан...Ц.Цэдэнжав нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин зээл болон зээлийн хүүг төлөлгүй 301 хоног хэтрүүлэн, зээлийн гэрээнд заагдсан хаягтаа байхгүй Улаанбаатар хот руу явсан байсан...Иймд зээлдэгч Ц.Цэдэнжав, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Баяржаргал нараас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 8.842.338.06 төгрөг, хүүгийн төлбөр 1.593.609.26 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 185.138 төгрөг, нотариатын төлбөр 20.000 төгрөг нийт 10.641.085.32 төгрөгий гаргуулж, барьцаа хөрөнгө болох хөдлөх эд хөрөнгөөс татгалзаж байна. Мөн манай банк зээлдэгч нарын хооронд хийгдсэн гэрээг цуцалж өгнө үү.” гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 3 дугаар хэсэг 8-1 тоотод оршин суух иргэн Ц.Цэдэнжав “Төрийн банк”-ны Сэлэнгэ салбартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Баяржаргал оролцсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2015/893 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” 840.000 төгрөгний нэмэлт зээл аван нийт 9.995.579 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй цалингийн зээлийн хэрэглээний зориулалтаар хөргөгч, зурагт 32 инч, угаалгын машин, цалингийн орлого 36 сарынхаар барьцаа болгон авсан байна.
Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн 2015/893 тоот “Барьцаат ээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8.842.338.06 төгрөг, зээлийн хүү 1.593.609.26 төгрөг нийт 10.435.947.32 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байгаа нь хариуцагч Ц.Цэдэнжав нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзнэ.
“Төрийн банк” Сэлэнгэ салбар нь зээлдэгчээс зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан гэх боловч шаардсан талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул банкны зүгээс зээлдэгчид зээл төлөх талаар мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.
Зохигчдын хооронд хийгдсэн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2015/893 тоот “Барьцаат зээлийн гэрээ” нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн...нөгөө тал гэрээнээсээ татгалзах эрхтэй” гэсний дагуу гэрээнээс татгалзсанд тооцож гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хамтран үүрэг гүйцэтгэгч С.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ”...Ц.Цэдэнжавын “Төрийн банк”-наас авсан зээлээс би нэг ч төгрөг аваагүй, хэрвээ би энэ зээлнээс нэг төгрөг ч болтугай аваад хэрэглэсэн бол хариуцлагаа хүлээгээд авсан мөнгөө төлөөд л сууж байх байсан. Зээл авсан хариуцагч нь энд байна, зээлээ өөрөө төлөх ёстой байх гэж бодож байна...Ийм учраас би Ц.Цэдэнжавын зээлтэй холбогдуулан хариуцлага хүлээмээргүй байна...” гэж байгаа хэдий ч “Барьцаат зээлийн гэрээ”-ний 3.2-т заасан “Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн...эрх, үүргийн 3.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан байх тул тухайн гэрээнд заагдсан заалтууд нь хамтран үүрэг гүйцэтгэгчид хамааралтай гэж үзнэ.
Иймд зээлдэгч Ц.Цэдэнжав, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Баяржаргал нараас гэрээнээс төлөгдөөгүй гэх зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 8.842.338.06 төгрөг, зээлийн хүү 1.593.609.26 төгрөг, нотариатын төлбөр 20.000 төгрөг нийт 10.455.947.32 төгрөг гаргуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 185.138 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182.242 төгрөг, “Төрийн банк” Сэлэнгэ салбараас улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 2.892 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т зааснаар зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн 2015/893 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-нээс татгалзсанд тооцож, гэрээг цуцалсугай.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар Ц.Цэдэнжав, С.Баяржаргал нараас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2015/893 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-нд заагдсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр, нотариатын төлбөр нийт 10.455.947.32 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбарт олгосугай.
3.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн 2015/893 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-нд заагдсан хөдлөх хөрөнгөөр /хөргөгч, зурагт 32 инч, угаалгын машин/ нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзсан болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 185.138 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 182.242 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 2.892 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан “Төрийн банк” Сэлэнгэ салбарт олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА