Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00917

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг Г.Цагаанцоож Д.Цолмон Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2019/00010 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалтай,

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

А.Б-д холбогдох,

Газар чөлөөлүүлэх, замын зардал 274.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б-э түүний өмгөөлөгч Л.Батбаяр, хариуцагч А.Б- түүний өмгөөлөгч Д.Мэндээ, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ  нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Б-э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний өмч болох 1 дүгээр баг зуун наст дэлгүүрийн хуучнаар зүүн талд байрлах 116 мкв газрыг 2014 онд өөрийн нэр дээр гэрчилгээ авсан. Би 2017 оноос эхнэрийн бие өвдөж Улаанбаатар хотод эмчийн хяналтад байдаг тул Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа. Гэтэл энэ зун Баянхонгорт иртэл А.Б- манай газар оруулан 2 давхар байшин барьж мөн 10 гаран метр газар манай газар руу оруулан хашаа татсан, манай хашааг буулган барьсан байсан. Иймд манай газрыг чөлөөлүүлж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, энэ маргааныг шийдвэрлүүлэхээр  УБ хотоос  удаа дараа  явж хохирсон  тул замын зардалд 274.500  төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.   

Хариуцагч А.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаан хойшилсон нь  зөвхөн надаас шалтгаалаагүй Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэргийн оролцогч, зохигчийн  хүсэлтээр хийгдсэн ажиллагаа юм. Иймд нэхэмжлэгч нь намайг янз бүрийн байдлаар шүүх хурлыг хойшлуулсан гэх үндэслэлээр нэхэмжилж буй 274.500 төгрөг нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2019/00010 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт тус тус зааснаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Улсын бүртгэлийн урд талд, Зууннаст дэлгүүрийн зүүн урд талд байрлалтай, нэгж талбарын 040700229-001 дугаар, газар эзэмших эрхийн 000529216 дугаар гэрчилгээ бүхий 116 мкв хэмжээтэй газрын 17.8 мкв газрыг хариуцагч А.Бат-Эрдэнийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, тээврийн зардал 274.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 241.835 /232950+8885/ төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 232.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-эд олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2019/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин, Ж.Б-ийн нэхэмжлэлтэй А.Б-д холбогдох газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232.950 төгрөгийг төрийн сангийн данснаас нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч А.Б-эс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч А.Б-, нэхэмжлэгч Ж.Б-э нарын эзэмшлийн газрыг кадастрын зургаар харуулсан албан баримт зэргээр хариуцагчийн буруутай үйлдлийг тогтоосон байгаа. Гэвч хариуцагчийн өмгөөлөгч Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т зааснаар санал хүсэлт гаргасан. А.Б- 17.8 м2 талбайтай газрыг ашиглагч биш, тухайн шатны Засаг дарга нэхэмжлэгч хариуцагч нарт захирамж, заавар зөвлөгөө, чиглэл өгөөгүй, гаргаагүй уг маргаанд оролцоогүй нь дээрх нотлох баримтаар няцаагдаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 92 дугаар зүйл, мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан эрхийг хуульчилсан байх тул анхан шатны шүүх хуульд нийцсэн үнэн зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эзэмшил газар нь барилга барьж эхлэх үед нь Улаанбаатар хотоос ирээд уг үйлдлийг зогсоох талаар шаардлага тавихад биелүүлээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх засаг даргад хандах ёстой засаг даргын шийдвэрт холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд хандах байсан гэж магадлалдаа дурдсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуульд “Эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч эрх олж үүрэг хүлээсэн этгээд шууд өмчлөгч болохыг заасан байдаг тул шударга өмчлөгч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө авахыг л шаардсан бөгөөд эзэмшигч эрхээ алдаад хууль ёсны шаардлага тавьсан шаардлагыг хариуцагч биелүүлэх үүрэгтэй” гэж шийдвэр гарсан нь хуульд нийцсэн үнэн зөв шийдвэр болно.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2019/00010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “...газрын албаны бичиг албан бичгийн шаардлага хангаагүй, ...маргаантай байгаа 17.8 м.кв газрыг Ж.Б-ий өмчлөлд олгоогүй эзэмшилд олгосон ...газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгуулллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ талуудын шүүхээр шийдвэрлүүлэх харилцаа  маргаан тодорхой бус” гэсэн үндэслэлийг магадлалд дурджээ.  

Нэхэмжлэгч  Ж.Б-ий “...газар чөлөөлүүлэх, замын зардалд 274.500 төгрөг  гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч  А.Б- эс зөвшөөрөхдөө “...тухайн  газар нь Ж.Б-ий хувьд ашиггүй талбай байсан тул тохиролцож болох байх гэж бодоод байшингаа барьсан, барилгаа буулгах боломжгүй...” гэсэн тайлбар гаргажээ.

Ж.Б-э нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Улсын бүртгэлийн хэлтсийн урд талд 116 м.кв газрыг гэр бүлийн  хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг бөгөөд хариуцагч А.Б- нь нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх газрын 17.8 м.кв талбайг оролцуулан барилга барьсан нь хэргийн баримтаар тогтоогдсон хариуцагч үгүйсгээгүй байна.

Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх журмыг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд тодорхойлсон ба газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр мөн зүйлийн 60.1.2-т заасан.

Газар  эзэмших ашиглах  эрхийн талаар зохигчид маргаагүй, энэ талаар шаардлага гаргаагүй  байхад  давж заалдах шатны шүүх зохих шатны Засаг даргын шийдвэрлэх  маргаанд  хамааруулж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж чадаагүйгээс  магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулиин шаардлагад нийцээгүй байна.

Түүнчлэн хэргийн 6 дугаар талд авагдсан Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 361 тоот  албан бичигт тамга дарагдсан байхад энэ талаар хийсэн дүгнэлт ойлгомжгүй болжээ.  

Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй алдаа гаргажээ.  

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т  “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд маргааны зүйл болох  газрыг  эзэмших ашиглах  эрхтэй  болохоо хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-т заасан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 106.4-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамааралтай болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн “...17.8 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” шаардлагыг хангаж бусад шаардлагыг  хэрэгсэхгүй  болгохдоо  хэрэглэвэл  зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 131/ШШ2019/00010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ