Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2018/ДШМ/039

 

О.О, Ц.Р нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч О.О, Ц.Р

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ргын гаргасан давж заалдах гомдлоор О.О, Ц.Р нарт холбогдох эрүүгийн 1714000710017 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Биндэр овогт О.О, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 5 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2016 оны 1 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

Монгол Улсын иргэн, Том чихт бор овогт Ц.Р эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

О.О, Ц.Р нар нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу багийн ...... тоотод байх иргэн Ц.Нгийн эзэнгүй байшинд хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, бэлэн 140.000 төгрөг, юнителийн нэгж 16 ширхэг /2000 төгрөгийн/ зэрэг эд зүйл хулгайлж бусдад 2.872.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас О.О, Ц.Р нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Биндэр овогт О.О, Том чихт бор овогт Ц.Р нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар О.О, Ц.Р нарт тус бүр 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.О, Ц.Р нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, О.О, Ц.Р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж О.О, Ц.Р нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар О.О, Ц.Р нараас 2.872.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу багийн 7-2 тоотод оршин суух хаягтай Цоодолын Нд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн О.Оын эзэмшлийн 21 инчийн зурагт, Ц.Ргийн эзэмшлийн EVNTelecom маркийн гар утас зэрэг эд зүйлүүдийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Р гаргасан давж заалдах гомдолдоо: Өөрийн санамсар болгоомжгүй хүнд итгэмтгийгээсээ болоод энэ хэрэгт холбогдсондоо туйлын их гэмшиж байна. Энэ хэргээс болж ар гэр, ахуй амьдралдаа маш их хүндрэл учруулж хар толбо үлдээлээ. Анхан шатны шүүх хуралдаан болж цагдан хоригдсоноос хойш маш олон зүйл бодогдож яах гэж энэ хэрэгт холбогдов доо гэж өөрийгөө буруутгаад буруутгаад баршгүй байна. Би ар гэрийнхэнтэйгээ уулзахдаа миний учруулсан хохирлыг аль болох хурдан барагдуулаад өгөөч, миний эд хөрөнгөнөөс зарж байгаад ч болов өгөөрэй гэсэн. Энэ хохирол төлөгдсөн байгаа.

Баянхонгор аймгийн Галуут суманд би эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг бөгөөд 3 настай хүүтэй одоо эхнэр маань жирэмсэн ганц гэрээр мал маллаж амьдарч байна. Одоо би дахиж ийм хэрэг хэзээ ч хийхгүй гэдгээ шүүхийн өмнө амлаж байна. Цаашид ар гэрээ чадлынхаа хирээр харж хандаж, аль болох хийж бүтээхийн төлөө эрмэлзэх болно. Би анх энэ хэрэгт холбогдож шалгагдаж байхдаа хуулийн талаар сайн мэдэхгүй тул анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй орсон минь алдаа болжээ. Хохирлоо яаж барагдуулах, ямар байдлаар өөрийгөө хамгаалах талаар үнэхээр мэдэхгүй байснаас өдийг хүргэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч оролцуулж өөрийн бодож санаж байгаа нөхцөл байдлаа сайн ойлгуулах хэрэгтэй байна гэж л бодож байна. Би бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлнө, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ар гэртээ маш их дарамт учруулж байгаагаа их сайн ойлгож дахин ийм зүйлд холбогдохгүй гэдгээ та бүхний өмнө амлаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Ц.Ргийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл О.О, Ц.Р нар нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 29-нд шилжих шөнийн 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу багийн 7-2 тоотод байх иргэн Ц.Нгийн байшингийн цонхоор нь орж, гэрт нь байсан сейфэн дотроос 10 ширхэг мөнгөн аяга, 140.000 төгрөг, юнителийн 2000 төгрөгийн 16 ширхэг нэгж зэрэг эд зүйлүүдийг хулгайлж бусдад 2.872.000 төгрөгийн хохирол учруулсан үйл

баримт болсон нь хохирогч Ц.Н, хохирогчийн гэрт мөнгөн аяганууд байдаг талаар мэдүүлсэн гэрч Ц.Баярсайхан, Ц.Бат-Эрдэнэ, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч О.О, Ц.Р нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрсдийн үйлдсэн хэргийн талаар яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

О.О, Ц.Р нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах байранд нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хууль тогтоогчоос тухайн төрлийн хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсаны дагуу анхан шатны шүүх тэдний гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Р нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хуулийн талаар сайн мэдэхгүй тул анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон, ар гэрийн нөхцөл байдал болон хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Ргийн өмгөөлөгч *******аас шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, болон ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтад тооцогдож байгаа хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Мөн шүүгдэгч нараас анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох талаар хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс уг хүсэлтэд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн зөрчилд тооцогдохгүй тул гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Ц.Ргийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

О.Оюунаатар, Ц.Р нар нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тэдний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ргийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О, Ц.Р нар нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсныг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ