| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2019/0014/З |
| Дугаар | 03 |
| Огноо | 2020-01-28 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч,
Хариуцагч: Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.О,
Гуравдагч этгээд: А.М,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“О” ХХК-ий үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлттэй холбоотой компаний 2011 оны 4 сарын 4-ний өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл,
2. А.Мыг “О” ХХК-ий хувьцаа эзэмшигч, гишүүнээр томилсныг бүртгэсэн 2011 оны 4 сарын 4-ний өдрийн бүртгэл,
3. “О” ХХК-ий үүсгэн байгуулагчдын 2018 оны 5 сарын 21-ний өдрийн компаний дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Б.О, гуравдагч этгээд А.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж, дэг сахиулагч Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.О нь О ХХК-ий үүсгэн байгуулагч хувь нийлүүлэгч өөрчлөгдсөн компаний 2011.04.04-ний өдрийн дүрэм, 50 хувийн хувьцааг А.Мад шилжүүлсэн бүртгэлийг 2011 оны 04 сарын 04-ний өдөр тус тус бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг шалгах ёстой байсан атал, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчдын шийдвэр, компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон хувьцаа шилжүүлэх тухай гэрээ, шийдвэр байхгүй байхад өөрчлөлтийг бүртгэсэн байгаа нь бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 3 дугаар зүйлд заасан Улсын бүртгэлийн ажиллагаанд баримтлах “бүртгэл үнэн зөв, бодитой байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу бүртгэл хөтлөх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх” зарчмыг тус тус зөрчсөн...
“О” ХХК-ний 2018 оны 05 сарын 18-ны өдрийн тогтоолоор компаний шинэчилсэн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн гэж харахаар байгаа боловч Компаний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-т заасан “Компанийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл”-өөр дүрмийн өөрчлөлтийг бүртгэх байтал өргөдөлгүйгээр бүртгэсэн нь мөн алдаатай, илт хууль бус бүртгэл болсон байна. Нөгөө талаас би А.Мыг манай компаний хувьцаа эзэмшигч биш, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл илт хууль буС.Г алдаатай гэж үзэж байгаа тул “О” ХХК-ний 2018.05.18-ны өдрийн №02 тоот тогтоол хууль зүйн үндэслэлгүй, үүний үндсэн дээр хийгдсэн бүртгэл бас үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймээс Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Оийн “О” ХХК-ний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлттэй холбоотой компаний 2011 оны 04 сарын 04-ний өдрийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, А.Мыг “О” ХХК-ний хувьцаа эзэмшигч, гишүүнээр томилсныг бүртгэсэн 2011 оны 04 сарын 04-ний өдрийн бүртгэл, “О” ХХК-ий үүсгэн байгуулагчдын 2018.05.18-ны өдрийн 01 тоот тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан компаний дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл илт хууль бус болохыг тогтоож өгнө үү”. Би эдгээр бүртгэлийг хийлгэхэд хоёуланд нь өөрөө байсан миний шүүхэд нэхэмжлэл гаргасан гол зорилго бол А.Маас тамга тэмдгээ гаргуулж авах, мөн нийгмийн даатгалын шимтгэл болон татвараа төлүүлж авах юм. Бид хоёр 2018 оны бүртгэлээс хойш огт уулзалдаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаагүй гэхдээ уг компаний өмчлөлийн газар дээр А.М 2 давхар рестораныг барьсан нь үнэн бүрэн гүйцэд дуусаагүй байгаа. Манай компанид 2013 онд татварын хэлтсээс акт тавьсныг А.М төлсөн нь үнэн, тамга тэмдэг А.Мад байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн 3 шаардлага гаргасныг бүхэлд нь дэмжиж хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6-д зааснаар ... эдгээр 3 бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн. Учир нь хариуцагч улсын бүртгэлийн байгууллага буюу улсын бүртгэгч Б.Оаас нэхэмжлэлийн шаардлага болсон 3 бүртгэлийг хийхдээ тухайн үед дагаж мөрдөгдөж байсан хуулиар шаардагдах зүйлүүдийг бүрэн гүйцэд авалгүйгээр бүртгэлийг хийсэн нь илт хууль бусад тооцуулах гол үндэслэл болно.
Тухайлбал 2011 оны 04 сарын 04-ний өдрийн “О” ХХК-ий үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлттэй холбоотой компаний дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, А.Мыг “О” ХХК-ий хувьцаа эзэмшигч, гишүүнээр томилсныг бүртгэсэн бүртгэлийг хийхдээ хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр, 2018 оны 5-р сарын 21-ний өдрийн бүртгэлийг хийхдээ эрх шилжүүлэх гэрээг бичгээр авалгүйгээр хийсэн зэрэг нь хуулийн шаардлага хангаж бүртгэсэн, бүртгэл үнэн зөв байх зарчимд тус тус нийцэхгүй байгаа юм. Мөн хэргийн оролцогчдоос шүүх хуралдаанд 2018 оны дүрмийн өөрчлөлтийн салшгүй хэсэг гэж үзсэн хөрөнгө оруулалтын гэрээг тойрч нилээн ярилцлаа энэ нь бодит үнэндээ огт байхгүй зүйл, нотариатаар баталгаажсан зүйлгүй гэдгийг А.М өөрөө сая шүүхэд мэдүүлж байна. Тэгээд ч энэхүү маргаанд энэ гэрээ тийм ач холбогдолтой биш гэж үзэж байна. Үүнд бид маргаагүй гол маргаан бол бүртгэлийн ажиллагааг л хууль зөрчсөн гэж үзэж байгаа.
Мөн энэхүү бүртгэлийн үйл ажиллагаа нь эрх зүйн хувьд тодорхой үр дагаврыг үүсгэсэн, нэхэмжлэгчийн хувьцаанд өөрчлөлт орсон атлаа дүрмийн санд өөрчлөлт оруулаагүй хөрөнгө нэмэгдсэн гэдэг нь харагдахгүй байх тул энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг бид чухалчлаагүй. Гагцхүү улсын бүртгэгчээс нэхэмжлэгчийн хүсэлт бол гүйцэтгэх захирлаар л ажиллуулж компанийхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх, чадалтай залууг аялал жуулчлал хөгжүүлэх ийм зорилготой байсан гэсээр байхад яагаад хувьцааны эрх шилжчээд байна вэ гэдэг нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг бүрэн гүйцэд илэрхийлэхгүй байгаа юм. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх нөхцөл бүрэн гүйцэд бий болоогүй л гэж үзэж байна.Гуравдагч этгээд болон нэхэмжлэгч С.Г гуай нар бүгд бүртгэлийн үйл ажиллагаанд өөрсдийн биеэр оролцсон байдаг, тухайн компаний хурлын тэмдэглэл, шийдвэр зэрэг нь ялгагдахгүй нэг баримт байхад бүртгэж авсан зэрэг нь хууль зөрчигдөөд байгаагийн илрэл гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн тэрхүү шаардлагаа дэмжиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1, Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6, Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. . Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч компани 2019 оны 10 сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан үүсгэн байгуулах бичиг баримтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтэд өргөдлийн маягт, үүсгэн байгуулагчийн хурлын тэмдэглэл, шийдвэр бичиг баримт хавсарган өгсөн.
Тухайн баримтад Дундговь аймгийн тойргийн нотариатын баталсан 2011 оны 4 сарын 4-ний өдөр баталгаажуулсан дүрмийг гэрээний үнэ зөв тэмдэгээр баталгаажуулан ирүүлсэн бөгөөд үүсгэн байгуулагч С.Г А.М нар нь өөрсдийн биеэр ирж бүртгэл хийлгэсэн.
Миний хувьд нотариатаар баталгаажуулсан дүрэм, компанийн хүсэлт бусад холбогдох баримтуудыг үндэслэн тухай үед мөрдөж байсан Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн / 22 дугаар зүйл/ дагуу бүртгэсэн..
2018 онд хуулийн этгээдийн дүрмийг шинэчлэн батлуулж, гэмтээсэн гэрчилгээг дахин олгоход үүсгэн байгуулагч С.Г хувьцаа эзэмшигч А.М нар мөн өөрсдийн биеэр уг байгууллагад ирж байлцаж , хурлын тэмдэглэл, тогтоолоор баталж бүртгүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч 2011 оноос хойш ямар нэг хүсэлт, гомдол гаргаж байгаагүй 2019 оны 7 сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасныг шийдвэрлэн хариу өгсөн.
Хуулийн этгээдийн бүртгэлийг нэхэмжлэгч компаний ирүүлсэн баримтад тулгуурлан үнэн зөв хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” Хэрвээ би буруу бүртгээд энэ хүмүүс надад хуурамч нотлох баримт бүрдүүлж өгөөд энэ бүртгэл хийгдсэн гэж үзэж байгаа бол хэн хэн нь хаа хаанаа хариуцлагаа хүлээх хэрэгтэй яагаад гэвэл улсын бүртгэлийн байгууллага бүртгэлийн үнэн зөвийг хариуцахаас гадна талуудын оролцоо, үүрэг гэж бас хуульд байгаа. Өөрөөр хэлбэл бүртгэл хийлгэхээр бүрдүүлж өгсөн баримт материалынхаа үнэн зөвийг хариуцанаа гэж. Мөн С гуайг тухайн үед ямар нэгэн байдлаар уг харилцаанд орох эрх зүйн чадамжгүй байсан гэж үзэхгүй байна. Бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээнд ирээд заавар зөвлөмжийг тухайн үед өгөөд, аваад л өөрсдийнх нь өгсөн хүсэлт баримтад үндэслэж бүртгэлийг хийсэн. 2018 оны 5-р сарын 18-ны дүрмийн өөрчлөлтийг бүртгэхдээ дүрмийн толгойд буй 001 тоот тогтоол гэснийг 002 тоот тогтоолоор гэж үзэж авсан нь миний буруу байлаа ч энэ техникийн шинжтэй алдаагаар бүртгэлийг илт хууль бус гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар бол Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлийг би анхнаасаа огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир юу вэ гэвэл би энэ хүмүүсийг хаа байсан газраас нь дуудаж авчраад, нотлох баримтыг бүрдүүлүүлж аваад, хүчээр хийлгэсэн эд биш. Хуулийн агуулга бол өөр юм. Энэ хүмүүс өөрсдөө тус байгууллагад өөрийн биеэр ирж хүсэл зоригоо илэрхийлэхээс өөр илүү чухал нотлох баримт гэж юу байхав. Ийм учраас холбогдох хүсэлтээ илэрхийлсэн л гэж үзнэ. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
3. Гуравдагч этгээд А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анх бид 2 бол үнэхээр аман тохироо хийгээд олон сайхан зүйлийг мөрөөдөж төлөвлөсөн нь үнэн. Энэ бүгдийн цаад зорилго нь аялал жуулчлалыг орон нутагтаа хөгжүүлэх ийм л хэтийн зорилго байсан. Одоо бол зарим нэг мөрөөдөл биелсэн би ярьж тохирсноороо 2 давхар рестораны зориулалтын барилга барьсан, шаардагдах тоног төхөөрөмж суурилуулсан, гээд хийвэл зохих зүйлүүдээ хийгээд явж байгаа. Бид хоёрын хооронд энэ хүртлээ шүүхдэлцээд байхаар маргаан үүсээгүй гэхдээ ажил төрлөөс болоод санал зөрөх шаардлага тавих зүйлүүд бол гарсан үүнийг С.Г ах ч өөрөө мэдэж л байгаа. Бид 2 бол ах дүү хамаатан садны хүмүүс биш. Ярилцаж байгаад л энэ асуудлууд хийгдсэн. Түүнээс биш би хуураад залилан мэхлээд явах хүн бишээ.
2011 оны 4-р сарын 4-ний өдрийн болон 2018 оны 5-р сарын 21-ний өдрийн бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагаар бүртгүүлэхэд бид 2 хоёулаа хамтдаа явсан түүнээс биш нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа шиг би согтоогоод л машин тэргээр авч яваад л ганц өдөр хийчихсэн зүйл биш шүү дээ бас хүнийг ингэж болохгүй байхаа.
Хөрөнгө оруулалтын гэрээг бол тухайн үед буюу 2018 оны 5-р сарын 21-ний өдрийн бүртгэлийг хийлгэхэд бол байсан юмаа, огт байхгүй биш. Бид тухайн үед нотариатын баталгаа хийлгээгүй байсан одоо ч хийгээгүйгээрээ надад нэг хувь байгаа би өнөөдрийн хуралдаанд бол авчраагүй энэ хэрэгт шаардлагагүй гэж үзсэн. Бидний хооронд хувьцааны асуудал өөр ямар байдлаар асуудал байна түүнийгээ ярилцахад би бэлэн нээлттэй шийдэх хэрэгтэй гэж бодож байна” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд[1] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2011 онд иргэн С нь А.Мад "О" ХХК-ний хувьцааг өгөхөөр тохиролцож 2011.04.04-ний өдөр энэ тухай "О" ХХК-ий хувь нийлүүлэгчдийн хурал болж компаний гүйцэтгэх захирлаар А.Мыг томилж, компаний дүрэмд өөрчлөлт оруулсан шийдвэрийг гаргасан. Хувь нийлүүлэгчдийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу шаардлагатай бичиг баримтыг холбогдох хуулийн дагуу 3 хоногийн хугацаанд бүрэн шийдэхийг Ст даалгасны дагуу С нь "О" компаний дүрмийн өөрчлөлт болон хувь нийлүүлэгчдийг нэмэгдүүлэхээр холбогдох материалыг Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүрдүүлж өөрийн биеэр аваачиж өгсөн... мөн бүрдүүлсэн материалаа тойргийн нотариат дээр ч өөрийн биеэр хувь нийлүүлэгч С А.М нар хоёулаа л хамт очиж батлуулж байсан байна...
Тус компанийн гүйцэтгэх удирдлага буюу захирал Сын гаргасан хүсэлт “УБ-05 маягт”-аар гаргах “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдөл, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, компанийн дүрэм, компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч /нэмэгдсэн/-ийн анкет, хувьцаагаа шилжүүлж, компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчийн өргөдөл зэрэг нотариатаар баталгаажуулсан баримтуудыг үндэслэн Улсын бүртгэгч хуулийн дагуу бүртгэлүүдийг хийжээ...
Нэхэмжлэлийн шаардлага болон маргаан бүхий улсын бүртгэлүүд Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.1- 47.1.7-д заасан 7 шалтгаанаас илт хууль бус болоход хамаарах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байх тул. Магадгүй өөр маргаан байгаа болуул энэ нь өөр журмаар өөр нэхэмжлэлээр явах нь зөв байх. Харин нэгэнт компаний цаашдын асуудал гарах тул та 2 өөрсдөө сайн ярилцах зөвшилцөх үйл ажиллагаагаа хууль зүйн хүрээнд авч явах учраас хэлэлцэж ярилцах л хэрэгтэй гэж зөвлөх байна.
Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ч гэж үзэж болохоор тодруулбал Захиргааны ерөнхий хууль 2016 оноос эхлэн дагаж мөрдөгдсөн тиймээс 2011 оны бүртгэл хамраарахгүй гэх мэт хугацааны асуудал ч байна.
Түүнчлэн шүүх хуралдааны явцаас харахад нэхэмжлэгчийн хүсээд байгаа зүйл бол захиргааны хэргийн шүүхээр хангагдах маргаан биш байнаа л гэж үзээд байгаа. Нэхэмжлэгч С.Г бол хувьцаагаа буцааж авмаар байна, нийгмийн даатгал татвараа төлүүлмээр байна, 50 хувь болгосон хувьцааг 100 хувь болгомоор байна гэх мэт ийм л юм ярьдаг. Энэ бол захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй ээ.
Иймд уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”. Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд А.М өөрөө оролцож зарим нэг зүйлүүд тодорхой болж байна. Аливаа бизнест хөрөнгө оруулалт чухал, тиймээс рестораныг А.М өөрөөсөө бүх хөрөнгөө гаргаад барьсан гэдэгтэй хэн ч маргахгүй байна. Маргааны гол зүйл бол улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийг хийхдээ шаардлагатай зохих баримтыг бүрэн гүйцэд аваагүй байна л гэж маргадаг. Гэтэл хэргийн материалд энэ бүгд хангалттай авагдсан, тухайн үед бүртгэл хийхдээ бүрдүүлж өгсөн зүйлүүд нь байна, өөрсдөө хамт очицгоосон гэх зэргээр хүсэл зоригийн илэрхийлэл хийгдсэн тул бүртгэлийг илт хууль бус гэж тогтоох үндэслэл байхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Саас тус шүүхэд О ХХК-ий үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан хувьцаа эзэмшигчийн өөрчлөлттэй холбоотой компаний 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн дүрмийг бүртгэсэн бүртгэл, А.Мыг О ХХК-ий хувьцаа эзэмшигч гишүүнээр бүртгэсэн 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн бүртгэл, О ХХК-ий үүсгэн байгуулагчдын 2018 оны 5-р сарын 21-ний өдрийн компаний дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн /гурван/ шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчээс 2019 оны 7-р сарын 23-ны өдөр бүртгэл хүчингүй болгуулах тухай гомдлыг[2] улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, хариуг[3] 2019.08.21-нд авч, нэхэмжлэлийг 2019.09.20-нд шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэлд хариуцагчийг нэрлэн заасан, Улсын бүртгэлийн тухай хуулийн 1-р зүйлийн 1.1,19-р зүйлийн 19.2-т зааснаар УБЕГ-ын даргын ...тушаалыг[4] үндэслэн хариуцагчаар тус аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.О оролцов.
Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгийг шинжлэн судлав.
а/ О ХХК-ий үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан хувьцаа эзэмшигчийн өөрчлөлттэй холбоотой компаний 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн дүрмийг бүртгэсэн бүртгэл, А.Мыг О ХХК-ий хувьцаа эзэмшигч гишүүнээр бүртгэсэн 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
1.С нь Дундговь аймгийн Сайхан-овоо сумын 1-р багт байрлах О ХХК-ийг нэг гишүүнтэй, 2515,6 мянган төгрөгийн дүрмийн сантайгаар 2002 онд анх үүсгэн байгуулжээ[5].
2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс О ХХК-ий хувьцааг С.Г А.М нарт 51/49 хувь болгосон бүртгэл хэргийн материалд байхгүй, гагцхүү 2011 оны 04 сарын 04-ний өдрийн бүртгэлийг хийхдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн /2003 оны/ тухай хуулийн 22-р зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг бүрэн гүйцэд хангалгүйгээр буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр О ХХК-ий үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан хувьцаа эзэмшигчийн өөрчлөлттэй холбоотой компаний 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн дүрмийг бүртгэсэн бүртгэл, А.Мыг О ХХК-ий хувьцаа эзэмшигч гишүүнээр бүртгэсэн 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн бүртгэлийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэл болно гэж маргажээ.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 7-р зүйлийн 7.1т” хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага бүртгэнэ, 7.1.1-т “...компани...улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар”, 22-р зүйлийн 22.1-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахи баримт бичиг бүрдүүлнэ”, 22.1.1-т баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, 22.1.2-т үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, 22.1.3-т үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, 22.1.4-т улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг бүрдүүлэхийг тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгчээс өгсөн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 05-р сарын 25-ны өдрийн 322-р тушаалын 3-р хавсралтаар батлагдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл УБ-05 маягтад[6] хасагдах өөрчлөлт байхгүй,нэмэгдэх өөрчлөлтөд 2011 оны 04-р сарын 04-ны өдөр О овогт Аийн М нь О ХХК-ий дүрмийн сангийн 51хувийн хувь эзэмшигч болгон оруулж байна” гэх тэмдэглэгээтэй, захирал Сын улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 68 дугаартай хүсэлт[7], О ХХК-ий дүрэм[8], О ХХК-ий 2011 оны 04 сарын 04-ний өдрийн 001 тоот хурлын протокол[9] болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт[10] зэргийг тус тус үндэслэн хариуцагч улсын бүртгэгч Б.О 2011.04.04-ний өдөр А.Мыг гишүүнээр[11] томилсон болон захирлаар[12] бүртгэсэн бүртгэлийг тус тус бүртгэсэн нь тогтоогдож байна.
3. О ХХК-ий 2011.04.04-ний өдөр нотариатаар батлуулсан дүрмийн[13] 3-р зүйлд үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч С.Г ДУ4548932, РД-ЗЮ67032511, А.М-УБ0964717, РД-ЗЮ80040716 гэж зааснаас өөрөөр хувьцааны оногдох хувийг тодорхойлон нэрлэн заагаагүй болох нь уг дүрмийн 5-р зүйлийн 7-д “компаний хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ болон бусдад шилжүүлэх, өвлүүлэх харилцааг Монгол Улсын энэ төрлийн хуулийн дагуу шийдвэрлэнэ, гэхдээ энэхүү давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдэлнэ” гэж зааснаар тодорхойлогдоно.
Гэтэл улсын бүртгэгчээс 2011.04.04-ний өдрийн дүрмийн өөрчлөлтийн бүртгэлийг бүртгэсэн гэх боловч уг компаний 2011.04.04-ний өдрийн дүрмийн өөрчлөлтийн бүртгэлийг албажуулж баталгаажуулсанаа шүүхэд нотлоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээнд[14] уг бүртгэл тусгагдаагүй, тус байгууллагын архивт хадгалагдаж буй эх баримтад үзлэг хийхэд энэ талаархи баримт хувийн хэрэгт[15] авагдаагүй, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “зөвхөн сүүлийн өөрчлөлт тусгагдана” гэх тайлбар, энэхүү бүртгэлийг хийсэн эсэхийг тодруулахад тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Гийн 2020 оны 1-р сарын 27-ны өдөр тус шүүхэд бичгээр[16] ирүүлсэн тайлбарт “О ХХК /0811001050/-ны 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн бүртгэлд А.Мыг захирлаар бүртгэсэн тухай бүртгэл хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас харагдаж байна, мөн 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн УБ-05 маягт буюу хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, О ХХК-ий 68 дугаартай хүсэлт зэрэгт А.Мыг тус ХХК-ий 51 хувийн хувьцаа эзэмшигч гишүүнээр бүртгүүлэх тухай тусгагдсан нь архивын цаасан баримтаар харагдана, тухайн үеийн бүртгэл нь цахим сангаас харагдахгүй байх бөгөөд хамгийн сүүлд орсон өөрчлөлт харагдаж байна” гэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим лавлагаанд[17] дүрэм хэсэгт 2002.04.10-ны өдрийнхөөс өөр дүрэмгүй, хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэлд 2018.05.21-ний бүртгэлээр өөрчлөлтийг бүртгэсэн зэргээс дүгнэхэд 2011 оны 4-р сарын 04-ны өдрийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3-р зүйлийн 3.1.1-т ”улсын бүртгэл гэж эрх үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг, 4-р зүйлийн 4.1.5-т “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 11.8-д “улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.8-т “хуулийн этгээдийн ... мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл түүнийг бүртгэсэн он сар өдөр”, 10-р зүйлийн 10.2-т” хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд баримт бичгийн эх хувь болон өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална”, гэж заасантай тус тус нийцээгүй байна.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс захиргааны акт буюу бүртгэлийн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа шаардахгүй, тиймээс энэ шаардлагаар нэхэмжлэгчийн хувьцааны эрх зөрчигдсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.6-д заасанчлан улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй[18] гэж, хариуцагчаас энэ үйл ажилагааг буюу улсын бүртгэлийн зохих өөрчлөлтийг бүртгэхдээ магадгүй ганц нэг техникийн алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй ч захиргааны акт бүхэлдээ илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй[19], гуравдагч этгээдээс энэ маргаан бол захиргааны хэргийн шүүхийн маргаан биш хувьцаа эзэмшигчдийн хооронд өөр журмаар үүсэх маргаан[20] гэж тус тус тайлбарлаж маргадаг.
Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.1-т “ ... захиргааны акт...”, 47-р зүйлийн 47.1-т “дараахи тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан ба нэхэмжлэгч гуравдагч этгээд нараас хүсэл зоригоо илэрхийлж холбогдох баримтаа[21] бүрдүүлж ирүүлснээс үзвэл энэ заалтаар илт хууль бусад тооцох үндэслэлгүй.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.2-д “илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “энэхүү бүртгэлийн ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хувьцааны эрх зөрчигдсөн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн”[22] гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа уялдахгүй,ойлгомжгүй болгож байна.
Аймгийн татварын хэлтсийн 2020.01.13-ны 08/40 тоот албан бичиг[23], А.М гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй байдал[24] болон нэхэмжлэгчийн өөрийнх нь “А.Маас тамга тэмдгээ гаргуулмаар байна, хувьцаагаа буцаан шилжүүлж авмаар байна” гэх зэрэг тайлбаруудаар бүртгэл үр дагавар үүсгэсэн, үйлчлэлтэй болох нь тогтоогдож байх тул маргаж буй бүртгэлийн ажиллагааг анхнаасаа үйлчлэлгүй илт хууль бус акт /ажиллагаа/ гэж тогтоохгүй.
Мөн татварын хэлтсийн 2020.01.13-ны 08/40 тоот албан бичигт 51 хувийг А.М, 49 хувийг С гэснээс өөрөөр энэхүү өөрчлөлт яг хэзээний ямар бүртгэлд үндэслэн хийгдсэн тухай эх сурвалжийг заагаагүй, хариуцагчаас “улсын бүртгэлийн өөрчлөлтөө бүртгүүлэх нь нэхэмжлэгч гуравдагч этгээдийн өөрсдийнх нь эрх тул үүнийг манай байгууллага хариуцахгүй” гэж, гуравдагч этгээдээс “би 2018 оноос хойш өөрчлүүлээгүй, 2013 онд татварын хэлтэст хүсэлтээ гаргаж өөрчлүүлсэн” гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хувьцааны эрх өөрчлөгдсөн эсэх нь шүүхийн маргаан бишээ” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “улсын бүртгэлийн эх материалд 51/49 хувиар бүртгэсэн материал байхгүй учраас бид энэ талаар маргаагүй” гэж тус тус мэдүүлсэн болно.
6. Нэхэмжлэгч Саас Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртэгчийн илтэд алдаатай бүртгэлээс болж хувьцаа эзэмшигч миний эрх зөрчигдөж байна гэж шаардах эрхээ Иргэний хуулийн 122-р зүйлд зааснаар тодорхойлж, манай компаний хувьцаа 50/50 хувь болж өөрчлөгдсөн байсныг 2019 оны 4-р сард улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахаар очихдоо мэдсэн[25] гэжээ.
Шалгавал нэхэмжлэгчээс 2011 оны 04-р сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн хэлтэст бичгээр гаргасан хүсэлт[26], нэхэмжлэгчийн “2011 оны бүртгэлийг хийхэд би өөрөө ирж хамт байсан”, гуравдагч этгээдийн “С.Г ах бид нар байнга хамт ирж бүртгэлээ хийлгэдэг” байсан, хариуцагчийн “бүртгэл бүрт С.Г гуай, А.М нар байнга хамтдаа өөрийн биеэр ирж бүртгүүлсэн, би дуудаагүй, тус байгууллагад хүсэл зоригоо илэрхийлсэн” гэж тус тус шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар нэхэмжлэгч С.Г өөрөө биечлэн ирж дээрх бүртгэлийг хийлгэсэн бөгөөд үүнийг 2019 оны 4-р сарын 19-ний өдөр мэдсэн гэдэг нь 2018 оны 5-р сарын 21-ний өдөр хийгдсэн бүртгэлээр үгүйсгэгдэхээс гадна О ХХК-ий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээнд[27] бүртгэл баталгаажсанаар захиргааны байгууллагаас мэдэгдсэн, иргэн хуулийн этгээдийг мэдсэнд тооцох юм.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь 2011 оны 4-р сарын 4-ний өдөр бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус гэж захиргааны байгууллагад 2019 оны 07сарын 23-нд гомдол гаргаж, шүүхэд 2019.09.20-нд гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002/ хуулийн 6.12-р зүйлд “...30хоног” дотор гомдол нэхэмжлэлээ гаргахаар заасныг зөрчжээ.
Иймд О ХХК-ий үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан хувьцаа эзэмшигчийн өөрчлөлттэй холбоотой компаний 2011 оны 4-р сарын 4ний өдрийн дүрмийг бүртгэсэн бүртгэл, А.Мыг О ХХК-ий хувьцаа эзэмшигч гишүүнээр /захирал/ бүртгэсэн 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагад гүйцэтгэх удирдлагаар А.Мыг ажиллуулах хүсэл зорилго хэн хэнд нь байсан гэх эрх ашиг сонирхол хангагдаж харин нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлүүдээр хангагдах боломжгүйд хүрч байна.
б/ О ХХК-ий үүсгэн байгуулагчдын 2018 оны 5-р сарын 18-ны өдрийн компаний дүрмийг 2018 оны 5-р сарын 21-нд улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас 2018 оны 5-р сарын 21-ний өдрийн бүртгэлийг хийхдээ эрх шилжүүлэх гэрээг бичгээр авалгүйгээр хийсэн нь хуулийн шаардлага хангаж бүртгэсэн,бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
1.Хуулийн этгээдийн 000130343, 0811001050 хувийн хэргийн дугаартай, 2012537 регистрийн дугаартай гэрчилгээнд 2018,05,21нд Адьяадорж овогтой А.Мыг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв, дахин гэрчилгээ олгов[28] гэх ба хуулийн этгээдийн албан ёсны нэр хаяг нь Дундговь Сайхан овоо,1-р баг, Цогтын уулын О бааз /2 гишүүнтэй/ гэж дахин олгогдсон гэрчилгээнд[29] бүртгэгджээ.
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22-р зүйлд зааснаар тухайн үед бүртгэлд зохих шаардлагыг хангахыг хуульчилсан ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс бүрдүүлж ирүүлсэн холбогдох баримтад үндэслэн О ХХК-ий үүсгэн байгуулагчдын 2018 оны 5-р сарын 18-ны өдрийн компаний дүрмийг 2018 оны 5-р сарын 21-нд улсын бүртгэлд бүртгэсэн болох нь нэхэмжлэгч Сын “би өөрөө хамт очсон, бүрдүүлэх юмыг бүрдүүлж өгсөн” гэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “С.Г гуай хамт очсон гэдэг, гарын үсэг нь өөрийнх нь мөн“ гэх, хариуцагчийн “бүртгэлийг хийх бүрт нэхэмжлэгч гуравдагч этгээд 2 хоёулаа л байнга хамт ирж бүртгүүлсэн би хэн нэгнийх нь шахалтаар эсхүл дангаараа байхад нь бүртгэлийг хийгээгүй, энэ хүмүүс өөрсдийнхөө бүртгүүлэх гэж байгаа баримтын үнэн зөвийг хариуцах үүрэгтэй” гэх, гуравдагч этгээдийн “бид хамт байсан эхнэрүүд ч байсан” гэх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “бүртгэл бүрт биечлэн оролцжээ, гагцхүү хамгийн сүүлийн өөрчлөлт улсын бүртгэлд тусгагдана” гэх тайлбар зэргээр өөрсдөө бүртгэлийн байгууллагад биечлэн ирж холбогдох нотлох баримтаа бүрдүүлж өгснөөр уг бүртгэл хийгдсэн байна.
УБ-05 маягт буюу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд хасагдаж буй өөрчлөлтийн агуулгад “үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс тээвэр зохицуулалт, тамхины төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдааг хасна”, улсын бүртгэлд нэмэгдэж буй өөрчлөлт хэсэгт” №000310103 тоот газрын гэрчилгээний хаягийн дагуу Цогтын уулын О бааз гэж хаяг өөрчилнө, дахин гэрчилгээ авна, өргөдөл гаргагч үүсгэн байгуулагч С гэж тамга тэмдгээ дарж хүсэлтээ[30] илэрхийлсэн, 2018 оны 05-р сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолын[31] /02 тоот тогтоол хэрэгт авагдсанг техникийн алдаа гэж тайлбарлав-01-р хавсралтаар батлав/ гэх дүрмийн 1.3-р зүйлд үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч С /ЗЮ67032511/, А.М /ЗЮ80040716/, 3.8-д компаний дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно[32], 3.13-т “ компаний тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирал А.Мыг компаний эрх бүхий албан тушаалтанд тооцно, 5.2.1-т хувь нийлүүлэгчид хувьцааны 50:50 хувийг эзэмшинэ гэж заасанчлан талууд дүрмээр тодорхойлсон хүсэл зоригоо илэрхийлж Компаний тухай хуулийн 17-р зүйлийн 17.9 “компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно”, 16-р зүйлийн 16.2-т “компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана” гэж заасан хүрээнд компаний дүрэм хүчин төгөлдөр болж хувьцаанд өөрчлөлт оржээ.
Иймд нэхэмжлэгчийн 3 дахь шаардлага буюу 2018.05.21-ний өдрийн бүртгэлээр хувьцааны эрх 50/50 хувь болсон болохыг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн, дүрмийн өөрчлөлт зэргийг үндэслэн хувьцааны эрх зөрчигдсөн гэж гурван шаардлагад гурвууланд нь шаардах эрхээ тодорхойлсоноос үзвэл өмнөх 2 шаардлагад нэхэмжлэгчийн хувьцааны эрх зөрчигдөөгүй харин 3 дахь шаардлагаар зөрчигдсөн эрх нь тус шүүхээр хамгаалагдвал зохих эрх болох нь тогтоогдохгүй байна.
Тодруулбал уг компаний 2018.05.18-ны өдөр баталсан дүрмээр[33] хувьцаанд өөрчлөлт орсон байхад үүнийг бүртгэлийн ажиллагаагаар зөрчигдсөн эрх сэргээгдэнэ гэж үзэх боломжгүйгээс гадна дүрмийн зохицуулалт нь тухайн компаний дотоод асуудал юм.
Хэрэгт гуравдагч этгээдээс “2018.05.21-ний бүртгэлийг хийлгэхэд хөрөнгө оруулалтын гэрээг хийж энэ дүрмийн салшгүй хэсэг гэж үзэж авч очиход гэрээг авахгүй буцааж өгсөн, надад нэг хувь бий” гэх тайлбар[34], хариуцагчаас “гэрээ болон хуулиар шаардаагүй зүйлийг бид иргэдээс нэхэх эрхгүй би шаардлагатай зүйлийг авч бүртгэсэн”[35], нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хөрөнгө оруулалтын гэрээ гэж бодитоор хийсэн зүйл байхгүй”[36], нэхэмжлэгчээс “энэ гэрээ байдаг гэж би мэдэхгүй надад өгөөгүй”[37] гэх зэргээр тайлбарлах ба тус компаний 2018 оны 5-р сарын 18-ны өдөр хэлэлцэн баталсан дүрмийн 12-р зүйлийн 12.2-т компаний хувь нийлүүлсэн хөрөнгийг хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу давхар мөрдөнө гэж заажээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчээс 2019 оны 7-р сарын 23-ны өдөр бүртгэл хүчингүй болгуулах тухай гомдлыг[38] улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22-р зүйлийн 22.2-т заасны дагуу та шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэх хариуг[39] 2019.08.21-нд өгч, улмаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Улсын бүртгэлийн байгууллага дээрх гомдлыг Улсын бүртгэлийн тухай хуулийн 22-р зүйлийн 22.1,18-р зүйлийн 18.1, 18.2,Захиргааны ерөнхий хуулийн 92-99-р зүйлд заасан холбогдох ажиллагааг хэрэгжүүлж шийдвэрлэлгүйгээр шууд шүүхэд шилжүүлж байгаа нь мөн хуулийн 95-р зүйлийн 95.9д “гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гомдлыг шийдвэрлүүлэхээр бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохыг анхаарах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 37дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сын хариуцагч Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.От хариуцуулан гаргасан “О ХХК-ий үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан хувьцаа эзэмшигчийн өөрчлөлттэй холбоотой компаний 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн дүрмийг бүртгэсэн бүртгэл, А.Мыг О ХХК-ий хувьцаа эзэмшигч гишүүнээр бүртгэсэн 2011 оны 4-р сарын 4-ний өдрийн бүртгэл, О ХХК-ий үүсгэн байгуулагчдын 2018 оны 5-р сарын 21-ний өдрийн компаний дүрмийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг тус тус илт хуулт бус болохыг тогтоолгох тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48-р зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч , тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.С.
[1] Хх-ийн 63-66
[2] Хх-ийн 128
[3] Хх-ийн 8
[4] Хх-ийн 72
[5] Хх-ийн 8-41, 160, 169
[6] Хх-ийн 148
[7] Хх-ийн 151
[8] Хх-ийн 155-157
[9] Хх-ийн 150
[10] Хх-ийн 152
[11] Хх-ийн 29 арын нүүрэнд
[12] Хх-ийн 136
[13] Хх-ийн 21-22
[14] Хх-ийн 11
[15] Хх-ийн 126-176
[16] Хх-ийн 182
[17] Хх-ийн 180, 181
[18] Хх-ийн 105
[19] Хх-ийн 110
[20] Хх-ийн 111
[21] Хх-ийн 1-48
[22] Хх-ийн 201
[23] Хх-ийн 80
[24] Хх-ийн 81-83
[25] Хх-ийн 1-2, 89
[26] Хх-ийн 151
[27] Хх-ийн 11
[28] Хх-ийн 136 арын нүүрэнд
[29] Хх-ийн 136
[30] Хх-ийн 137
[31] Хх-ийн 139
[32] Хх-ийн 140 арын нүүрэнд
[33] Хх-ийн 140-142
[34] Хх-ийн 194
[35] Хх-ийн 202
[36] Хх-ийн 200
[37] Хх-ийн 194
[38] Хх-ийн 128
[39] Хх-ийн 8