Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0368/З |
Дугаар | 221/МА2023/0600 |
Огноо | 2023-09-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2023/0600
“А”-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0605 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “А”
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нотариатчидын танхимын
дэргэдэх Сахилгын зөвлөл
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д”
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Н”
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э”
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Х”
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “Б”
Хэргийн индекс: 128/2023/0368/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0605 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6, 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.2, 54.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А”-аас Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан Нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/109 дүгээр тушаал, Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д” болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Н” нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Есөн өөлд овогт “А”-ийн нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар 07-ны 0605 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна:
1. Шийдвэрт "... Нотариатчийн ёс зүйн дүрмийн 2.1.9-д үйлдэл, орлогын мэдээ, гишүүний татварыг тогтоосон хугацаанд үнэн зөв мэдээлж, төлж байх гэж заасан ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул нотариатч “А”-д сахилгын хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн ноцтой зөрчилд тооцохгүй..." гэх гомдлыг хүлээн авах боломжгүй" гэжээ. Ноцтой зөрчлийг Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6.-д "энэ хуулийн 21.3.1, 21.3.2, 21.3.3, 21.3.4, 21.3.5, 21.3.7, 21.3.8-д заасан нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн...” хэмээн нэрлэн заасан байх бөгөөд уг зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй. Түүнчлэн зөрчлийг хоёр ба түүнээс дээш удаа гаргасныг Сахилгын зөвлөл тогтоох ёстой байна.
2. Шийдвэрт ".... “А”-г нотариатын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Нотариатын тухай хууль болон бусад хууль, дүрэм, журам зөрчсөн үйлдэлд нь холбогдуулан ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна" гэжээ. Нэхэмжлэгчийн хувьд зөрчил гаргасан болохоо Сахилгын зөвлөлийн хурал дээр зөвшөөрсөн ба энэ талаар шүүх хуралдаан дээр маргаагүй, харин шийтгэл хүндэдсэн л гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэрлэн буй зөрчлийг хууль тогтоогч ноцтой гэж үзээгүй. Түүнчлэн Сахилгын зөвлөлийн эцсийн дүгнэлт болон хууль хэрэглээ нь татвартай холбоотой байна. Хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчээс гаргасан Монголын нотариатчидын танхимын санхүүгийн тодорхойлолтоос харахад “А” нь 2019 онд 89,454,652 төгрөгийн орлоготой ажилласан гэж тайлагнасан байх бөгөөд Монголын татварын албанд тайлагнасан Хувь хүний орлогын албан татварын тайлантай энэ дүн нийцэж байгаа юм. Улсад төлөх татвараас зайлсхийж нууж далдалсан зүйл огт байхгүй. Харин өв гэрээслэлийн бүртгэлээс олсон орлогоо тайлагнаагүй орхигдуулсан. Үүнийг санаатай орхигдуулаагүй, алдаа гаргасан байсан. Энэ зөрчлийг арилгах талаар Сахилгын зөвлөл нь нотариатч “А”-д урьдчилан хугацаатай үүрэг даалгавар өгч, арилгуулах бүрэн боломжтой, Сахилгын зөвлөлийн ажиллах чиг үүрэгт энэ эрх олгогдсон байхад хэрэгжүүлээгүй. “А” нь урьд энэ зөрчлийн улмаас сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.
3. Нотариатын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-т "Нотариатын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ". Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-т "Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй" хэмээн заасан. Нотариатын тухай хуульд 2019 оны 05 дугаар сарын 30-нд орсон нэмэлт 511 дүгээр зүйл нь Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2019 оны 06 дугаар зүйлийн 28-ны 25 /1078/ дугаарт нийтлэгдсэн ба 2019 оны 07 дугаар сарын 08-аас үйлчилж эхэлсэн. Тэгэхээр 2019 оны 07 дугаар сарын 05-нд хийгдсэн үйлдэлд тухайн үед үйлчилж байсан Ёс зүйн дүрмийн "1 жил" гэсэн заалт үйлчлэх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй ба энэ талаар гаргасан тайлбарыг шүүх үндэслэл бүхий байдлаар үгүйсгэж чадаагүй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, харин зарим хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаагүй нь буруу байх тул зохих өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэлийн “Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна:
1.1. Анхан шатны шүүх уг 03 дугаар тогтоолыг бие даасан захиргааны акт мөн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих үр дагаврыг шууд бий болгосон эсэх буюу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэхийг анхаараагүй байна.
1.2. Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “... Нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл болон орлого, мэдээгээ хугацаандаа мэдээлж, татвараа төлдөггүй нь Нотариатын тухай хууль болон холбогдох дүрэм, журам, зааврыг зөрчсөн...” гэж дүгнэж, Нийслэлийн тойргийн нотариатч “А”-ийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлжээ.
1.3. Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ... ажиллана”, 54 дүгээр зүйлийн 54.2-т “Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн болон бусад нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуулийн 54.1.1-д заасан сануулах шийтгэлийг Сахилгын зөвлөл, 54.1.2, 54.1.3-т заасан шийтгэлийг Сахилгын зөвлөлийн саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн оногдуулна” гэж тус тус заасан байна.
1.4. Үүнээс үзвэл нотариатчид дээрх хуулийн 54.1.3-т заасан шийтгэл ногдуулахыг санал болгосон Сахилгын зөвлөлийн тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын “захирамжилсан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх” шинжийг агуулаагүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахааргүй байхад уг тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.
1.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2. Нэхэмжлэлийн “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/109 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
2.1. Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь иргэн “Ш”-ийн гомдлын дагуу шалгахад нотариатч “А” нь Нотариатын тухай хуулийн 21.2.5, 43.2.1, 43.2.3, 43.2.5-д заасныг зөрчсөн нь Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02719 дүгээр шийдвэрээр тогтоогдож, өвлөх эрхийн бүртгэл, гэрчилгээ олгосон үйлдлийг нь хүчингүйд тооцсон, мөн тухайн гэрчилгээ олгосон үйлдлийг танхимын санхүүд мэдээлээгүй, уг үйлчилгээнээс авсан орлогоо зөв мэдээлээгүй, татвараа төлөөгүй нь Нотариатын тухай хуулийн холбогдох зүйл заалт, нотариатын ажлын зааврыг зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасан бүрэн эрхийн хүрээнд Сахилгын зөвлөлийн 2023 оны 03 дугаар тогтоолоор ирүүлсэн саналыг “үндэслэлтэй” гэж үзэж, нэхэмжлэгчийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцсоныг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 54.3-т заасанд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “... Нотариатын тухай хуулийн 18.1.6-д зааснаар нэхэмжлэгч зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргаагүй, ... нэрлэн буй зөрчлийг хууль тогтоогч ноцтой гэж үзээгүй, ... харин өв гэрээслэлийн бүртгэлээс олсон орлогоо тайлагнаагүй орхигдуулсан. Энэ зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг өгч арилгуулах бүрэн боломжтой. Урьд нь энэ шийтгэлийн улмаас сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Хамгийн хүнд шийтгэлийг ногдуулж байгаад гомдолтой ...” гэснийг хүлээн авах боломжгүй.
2.3. Учир нь Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь үндэслэлээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно: ... 18.1.6.энэ хуулийн 21.3.1, 21.3.2, 21.3.3, 21.3.4, 21.3.5, 21.3.7, 21.3.8-д заасан нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн нь Сахилгын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон;” гэж заасан нь нотариатчийн гаргасан бусад зөрчлийг “ноцтой” гэж үзэх үндэслэлийг хязгаарлаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар хариуцлага ногдуулсан нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь дээрх хуулийн 21.3 буюу хориглосон хэм хэмжээг зөрчсөн зөрчил биш, харин хуульд заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой ёс зүйн зөрчлийг Сахилгын зөвлөл шалган тогтоож, гаргасан саналыг харгалзаж, хариуцлага ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохирсон бөгөөд хууль зөрчөөгүй байна.
2.6. Мөн гомдолд “... 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн үйлдэлд тухайн үед үйлчилж байсан Ёс зүйн дүрмийн "1 жил" гэсэн заалт үйлчлэх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй...” гэжээ.
2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үндэслэлгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, татвараа буруу мэдээлсэн гэх зэрэг дээрх үйлдэл хийсэн боловч 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон Нотариатын тухай хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Нотариатчийн хийсэн үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 2 жил байна” гэсэн заалтыг үйлчилж эхэлснээс хойш иргэн “Ш” 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сахилгын зөвлөлд гомдол гаргаснаар тухайн зөрчлийг илрүүлж, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээргүй байна.
3. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0605 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Нотариатчидын танхимын дэргэдэх...”, “...Сахилгын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ...” гэж заасныг хасаж, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны 3 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “А”-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч “А”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д” болон өмгөөлөгч “Н”-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ