| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0309/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/309 |
| Огноо | 2021-10-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/309
2021 10 25 2021/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...................... овогт Од холбогдох 2121002590339 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, арматурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт .................................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан, ................. овогт О /РД: ......................./
Шүүгдэгч О 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн орой 19 цагийн орчим Дорнод аймгийн ................................. тоотод хохирогч Д.Н- руу сандал шидэж, улмаар биед нь зүүн гарын шууны богтос ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Охин хоол хийх гээд сууж байсан, би бас хоол хийхэд нь туслах гээд явж байсан тэгсэн чинь хүү О энд тэндээс татаж чангаагаад унагаачих гээд байсан. Яагаад тэгээд байгааг нь ойлгоогүй. Эрхлээд байгаа юм уу, өдөөд байгаа юм уу энд тэндээс хувцаснаас татаад байсан. Би бүр чи битгий намайг тамлаад бай гэсэн чинь өөдөөс дооглож инээгээд байсан. Тэгээд миний уур хүрээд гэрт байдаг пийвар жижиг сандлыг аваад шидсэн чинь Оын толгойд оносон. Тэгсэн О эргүүлээд нөгөө сандлыг аваад над руу шидэхээр нь би нүүрэнд онох гээд байсан болохоор зүүн гараараа хаасан. ... их чанга оносон ба охинтойгоо түргэн дуудаад эмнэлэг орсон ба таны гар хугарсан байна гэж эмнэлгээс хэлээд хагалгаанд орж гараа хадуулсан ... гэжээ. /хх-ийн 11/
Гэрч Н.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 19 цаг өнгөрч байхад хоол, унд хийж байсан. Ээжийг хоолоо хийж байхад нь О хажууд нь очоод хувцаснаас нь татаад ээжээ гээд яагаад байгаа нь мэдэгдэхгүй хормооноос нь чангаагаад байсан. Тэгсэн чинь ээж уурлаад сандал аваад шидсэн чинь О тэр шидсэн сандлыг нь аваад эргүүлээд ээж рүү шидсэн. Ингэхдээ ээж зүүн гараараа нүүрээ хаасан чинь гарыг нь оноод гэмтээчихсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 17/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 401 тоот дүгнэлтэд:
1.Д.Н-ийн биед зүүн гарын шууны богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 25-26/
Шүүгдэгч Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ширээн дээрээ талх идэж сууж байгаад ээжийгээ талх идэх үү гээд ам руу нь дөхүүлсэн чинь чи яах гээд байгаа юм бэ гээд намайг сандлаар цохилоо шүү гээд миний толгой хэсэг рүү сандлаар цохисон. Тэгэхээр нь би уурлаад барьсан сандлыг нь гараас нь булаагаад авсан чинь ээж арагшаа ухарсан. Би ээжийн хажуу тал руу нь чиглүүлээд сандлыг шидсэн чинь хананаас ойгоод гарыг нь оносон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 33/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/
- Гэрч А.Б-ын мэдүүлэг /хх-ийн 19/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар 37-44/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот дүгнэлт /хх-ийн 57-58/
-Хохирогч Д.Н-ийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 63/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ..................... овогт О нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн ............................ тоотод хохирогч Д.Н- руу сандал шидэж улмаар биед нь зүүн гарын шууны богтос ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Н-ийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 401 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Оын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ................ овогт Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 400.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................. овогт Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оыг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 400.000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Оын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА