Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/323

 

 

 

 

 

 

 

 

 

2021        11         04                                              2021/ШЦТ/323                            

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Бт холбогдох 2121002310384 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........................ оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, .............. овогт Б. /РД: ...................../

 

Шүүгдэгч Б нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн хойд талын засмал зам дээр Ниссан эдван маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н, Э.Т нарыг мөргөж, Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Т-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэв.

 

            Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орой 22 цаг 10 минутын орчимд ... засмал замын урд талын явган хүний замаар алхаж байсан. Ойр орчимд хүн байгаагүй байх. Юм яриад явж байхад бид хоёрын ард талд машины чимээ гарсан ба эргэж харахад тэр машин замын боржур даваад буцаж зам руу орж нөгөө талын боржур давж муруйгаад шууд ирээд мөргөсөн. Дүү Т миний баруун гар талд байсан санагдаж байна. Тэрнээс хойших болсон асуудлыг сайн санахгүй байна. Маргааш өдөр нь би ухаан ороход эмнэлэгт байсан...” гэжээ. /хх-ийн 29-30/

           

            Иргэний нэхэмжлэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орой 22 цаг 10 минутын орчимд гэрээсээ гарч Н эгчтэй юм яриад замын урд талын явган хүний замаар алхаж байхад ард аймаар чанга дуу чимээ гараад байхаар нь бид хоёр эргэж харахад шууд нэг машин эгч бид хоёр руу чиглэж ирээд мөргөсөн. Машины аль хэсгээр яаж мөргүүлсэн талаар мэдэхгүй байна. Би машинаас нилээн хол зайтай хэвтэж байсан ба Н эгч хашааны цаад талд хэвтэж байсан. Бид хоёрыг мөргөсөн машины жолооч согтуу байсан ба машинаасаа бууж ирээд Н эгчийг босгох гэж татаж чангаагаад байсан. Тэр ах нилээн согтуу бид хоёр руу ах нь буруугаа хүлээж байна, одоо босъё гээд байсан. Би мөргүүлсний дараа босож Н эгч дээр очиход Н эгч газар доош харсан нүүр хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан. Н эгч босох гээд байхаар нь та босож болохгүй гээд би хэвтүүлсэн. Н эгчийн ухаан санаа балартсан, юу болж байгаа талаар мэдэхгүй байсан. ...Тухайн үед би нилээн хол зайнд шидэгдсэн байсан ба зүүн талын толгой хэсгээр зүсэгдсэн, зүүн өгзөгний дээд хэсэгт зүсэгдэж хавдсан байсан...” гэжээ. /хх-ийн 35-36 /

           

            Гэрч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн орой 23 цагийн орчим айлд байхад манай найз Б руу манай сумын охин Н залгаад дуудахаар нь найз Б-ын хамт түүний аав Б-ийн эзэмшлийн ... тээврийн хэрэгсэлтэй ерөнхий боловсролын сургуулийн хойд талын засмал зам дээр очиход тухайн засмал замын урд талын мод тарьсан хэсгийг хамгаалах зорилгоор хоёр талд нь хашаалж хийсэн байсан торыг дайраад зогссон байдалтай ниссан эдван маркийн саарал өнгийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Түүний баруун талд 40-50 метр орчимд торон дотор Н, түүний эрэгтэй дүү хоёр байхаар нь очиход Н-ын нүүр хэсэг нь цус болчихсон, дүүгийнх нь зүүн гар шалбарсан, зулгарсан байдалтай байсан ба 51-46 УНБ улсын дугаартай машинтай ах би энэ хоёрыг дайрчихлаа гээд байхаар нь шууд Н-ыг дүүгийнх нь хамт эмнэлэгт хүргэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 42/

 

            Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчимд манай хойд талын засмал зам дээр юм мөргөлдөх чимээ гарахаар нь гайхаад гараад харахад засмал замын урд талын мод тарьсан хэсгийг хамгаалах зорилгоор хоёр талд нь хашаалж хийсэн байсан торны урд талд 2 хүүхэд машинд мөргүүлчихлээ гээд зогсож байхаар нь машиныг нь очиж харахад ниссан эдван маркийн саарал өнгийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй манай сумын Б согтуу 10 гаруй метр торон хашааг мөргөөд зогсчихсон байсан. ...эрэгтэй хүүхэд нь гайгүй бололтой байсан, харин эмэгтэй хүүхэд нь нүүр хэсэг нь цус болчихсон байсан...” гэжээ. /хх-ийн 44/

 

            Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн магадлагаа:

            6.1. Жолооч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийн хориглоно гэсний 3.7.а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарсан үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 56-57/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 395 тоот дүгнэлтэд:                   

1. Э.Т-ий биед зүүн тохойнд няцарсан шарх, зүүн бугалганы зулгаралт, зүүн өгзөгний няцарсан шарх, цус хуралт, зүүн ташааны зулгаралт, зүүн гуяны зулгаралт, баруун тавхай хөлийн хуруунуудын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи зүүн тохойнд няцарсан шарх, зүүн өгзөгний няцарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.   

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 51-52/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 394 тоот дүгнэлтэд:                   

1. Б.Н-ын биед баруун атгаал ясны дээд ½ хэсгийн далд хугарал, тархи доргилт, духны няцарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд зовхины цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, доод уруулын дотор салстын цус хуралт, хэвлийн доод хэсгийн зулгаралт, зүүн сарвууны зулгаралт, зүүн шилбэний няцарсан шарх, зүүн гуяны цус хуралт, 2 өвдөгний зулгаралт, зүүн хөлийн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи баруун атгаал ясны дээд ½ хэсгийн далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 63-64/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137 тоот дүгнэлтэд:                   

1. Шинжлүүлэгч Бийн цусанд 1,9 промилли спиртийн зүйл илрэв.

2. Цусанд 1,9 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 69/

 

  Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...хүргэн ах Т-ын хамт хараа нэртэй 0,5 граммын архи хувааж уусан. ...гэрээс гараад тээврийн хэрэгслээ жолоодон хөдөлсөн. Хөдлөөд явж байхад сумын төвд байх ерөнхий боловсролын сургуулийн хойд талын замаар явж байхад бага зэргийн тойрог зам байхаар нь уг замаар явахад гэнэт нүх гарч ирсэн. Уг нүхийг тойрч гарах санаатай жолооны хүрдээ зүүн тал руу дарах үед шарваад хашлага мөргөөд машин маань инэрцээрээ замын хажууд явж байсан хоёр хүүхдийг мөргөөд зогссон. Уг асуудал маш хурдан болж өнгөрсөн бөгөөд нэг мэдсэн чинь замын хажууд зогссон байсан. Би эрүүл байсан бол авхаалж самбаа гаргаад машинаа зогсоох боломжтой байсан. Би В ангиллын жолооны үнэмлэхтэй...” гэжээ. /хх-ийн 77-78/

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/

Зам тээврийн осолд холбогдсон Ниссан Эдван маркийн 51-46 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17, 20/

Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 18/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт  /хх-ийн 19/

Гэрч П.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 45/

Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 49, 61/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50, 62/

Жолоочийн үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/

Хохирол төлсөн дансны хуулга /хх-ийн 85-92/

Хохирогчоос хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 93-117/

Насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Э.Т, түүний хууль ёсны төлөөлөгч нараас бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 119/

Хохирогч Б.Н-аас бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 120/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

  Шүүгдэгч ................... овогт Б нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн хойд талын засмал зам дээр Ниссан эдван маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н, Э.Т нарыг мөргөж, Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Т-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.Н, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Э.Т, гэрч Ч.Ч, Ж.Д нарын мэдүүлэг, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн магадлагаа, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осолд холбогдсон Ниссан эдван маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 394, 395 тоот дүгнэлтүүд, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Бийн үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ын биед баруун атгаал ясны дээд ½ хэсгийн далд хугарал, тархи доргилт, духны няцарсан шарх, 2 нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд зовхины цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, доод уруулын дотор салстын цус хуралт, хэвлийн доод хэсгийн зулгаралт, зүүн сарвууны зулгаралт, зүүн шилбэний няцарсан шарх, зүүн гуяны цус хуралт, 2 өвдөгний зулгаралт, зүүн хөлийн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 394 /хх-ийн 63-64/ тоот дүгнэлт, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Э.Т-ий зүүн тохойнд няцарсан шарх, зүүн бугалганы зулгаралт, зүүн өгзөгний няцарсан шарх, цус хуралт, зүүн ташааны зулгаралт, зүүн гуяны зулгаралт, баруун тавхай хөлийн хуруунуудын уг хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 395 /хх-ийн 51-52/ тоот дүгнэлтээр тус тус  тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан байна.   

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуудахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан. Шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Бт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Э.Т-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .............. овогт Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Бт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 хэсэгт зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Бт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА