Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Хохирогч: С.*******,

Гэрч: Н.*******,

Шүүгдэгч: С.*******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Б.Бат-Оргилоос С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914006610385 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, / Регистрийн дугаар ******* /-тай.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газраас иргэн С.*******ын сартай бор зүсмийн үнээ, бор тарлан зүсмийн бяруу, нийт 2 тооны сарлагийн үхрийг хулгайлан авч 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч С.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би өөрийнхөө үхрийг хайж явж байгаад Налуут сумын 1 дүгээр багийн нутаг Голын эх гэх газарт *******ын бор үнээ, эвэртэй бор тарлан бяруутай хэнийх нь мэдэгдэхгүй баахан айлын үхэртэй нийлсэн байсан. Тэгэхээр нь би гэртээ ирээд манай гэрт байсан *******ын эхнэрт нь танай бяруутай үнээ голын эхэнд байна гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш *******ын хамт үхрийг нь хайж явсан. Тэгээд үүнээс хойш би 2 үхрийг нь ******* гэх хүнээр хүнд заруулж 500.000 мянган авсан. Надад 500.000 мянган төгрөг бэлэн мөнгөөр нь өгсөн. надад тэр мөнгө нь байхгүй. би хэрэглээд дууссан. Тэр үед манай гэр Галуут сумын 1-р багийн нутаг хэц гэдэг газарт байсан. *******ын үхэр хариулаагүй хаа саагүй л явж байсан. Би *******ын бүх үхрийг танина. Надад үхрүүдээ хэлж захиж үлдээгээгүй. Би 2 үхрийн хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би 8 үхрийг нь хулгайлаагүй.. ” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 151-158 /,

....2018 оны 12 сард би үхрийн эрэлд явж байгаад С.*******ын 2 үхрийг байхаар нь ******* зараад мөнгийг нь аваад өөртөө хэрэглэсэн.

...С.*******ын 2 үхэр *******ын үхэрт нийлчихсэн байсан юм гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 153-154 /,

“...Би С.*******ын бор үнээ, бор алаг бяруу зэргийг Н.*******ын үхэрт нийлүүлэхдээ шарга морь унаад алаг морь хөтөлчихсөн явж байсан юм. Тэр хоёр морь нь хоёулаа нас гүйцсэн бүдүүн морьд байсан юм. Тэр хоёр морь хатан сүйх тамгатай, нас гүйцсэн морьд байсан юм. Тэр 2 морь одоо манайд байхгүй. Ноднин намайг байхгүй хойгуур манай эхнэр агт авч байгаа хүнд зарж борлуулсан гэсэн...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 77- 78-р /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэнээ Хүлээн зөвшөөрч байна гэв

3. Хохирогч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай гэр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутагт байдаг юм, тэгээд манайх 2018 онд 50 тооны үхэртэй байсан юм. 2018 оны намар би *******д 82 хонь, 70 гаран тооны ямаагаа тавьж маллуулсан юм. Тэгээд үхрээ бол би өөрийнхөө нутаглаж байгаа газарт нутаглаж байгаа *******д манай үхрүүдийг харж байгаарай гэж захиад тэгээд аймгийн төв рүү орж өвөлжсөн юм. Тэгээд би 2018 оны 2 дугаар сарын эхэн үеэр би Галуут суманд очиж *******гийнд очиж малаа эргэсэн чинь манай бог, бод малууд бүрэн байсан, тэгээд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Энх- Амгалан над руу утсаар яриад энд шуурга болоод танай үхрүүд цувчихлаа энд 16 тооны үхэр хоцорсон бусад үхрүүд нь алгаа гэсэн. Тэгээд би бусад үхрүүдийг нь сураглаад байсан чинь Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Уртын гол гэх газарт нутаглаж байгаа Найдан гэдэг айл 2019 оны 01 дүгээр сард 24 тооны үхэр явж байхад нь манай үхрүүдийг таниад өөрийнхөө гэр лүү ойртуулсан байдаг. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын эхээр ******* бид хоёр мотоциклоор үхрүүдээ хайж яваад олоогүй, эвэртэй бор алаг бяруутай сартай бор үнээг Эрдэнэцогт сумын нутаг Жаргалантын голын эх гэдэг газарт байх Баяраа гэдэг хүний үхэрт байгаа гэдэг сураг гарсан. Тэгээд би үүний дараа нь тэр үхрээ хайгаад Эрдэнэцогт сумын нутаг руу үхрээ олж авахаар яваад очоод Баяраа гэдэг хүнтэй уулзсан чинь Баяраа нь таны бор алаг бяруутай үнээг би хавар алдчихсан, хавар Гүүтийн таг гэх газарт тэмдэггүй наяад үхрийн зах дээр байсан би үзвэл танина гэж хэлсэн. Тэр үхрийг ******* надад захиж байсан юм гэж хэлсэн. Тэгээд би тэр үедээ үхрээ олж авч чадаагүй. Тэгээд байж байгаад Эрдэнэцогт сумын Дунд жаргалантын ам гэх газарт Болдоо гэдэг хүний үхэрт манай алдсан эвэртэй бор алаг бяруутай сартай бор үнээ байсан. Тэгээд очоод Болдоогоос энэ үхрийг хэнээс авсан юм бэ гэсэн чинь Болдоо Улаанаа билүү билүү нэртэй хүн бөөнөөр нь авчирч өгсөн гэж хэлсэн. Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 10 тооны сарлагийн үхэр алдсан юм. Нас гүйцсэн сувиа бор үнээ 1, эвэртэй бор алаг бяруу 1, сартай бор үнээ 1, хар халзан дөнжин үнээ 1, халиун амтай халцгай толгойтой хар зүстэй дөнжин үнээ 1, мил бор халзан зүстэй 3 хөл нь шийр цагаан гунжин үнээ 1, сартай хойд 2 хөл нь шийр цагаан бор гунжин үнээ 1, сартай сүүл цагаан бор гунжин үнээ 1, сартай халиун амтай хар гунжин үнээ 1, халиун амтай хар гунжин үнээ 1 зэрэг үхрүүд алга болсон. Би үхрээ авъя гэсэн чинь Болдоо нь би энийг чинь хүнээс мөнгөөрөө худалдаж авсан учраас тэр хүн нь надад мөнгөө өгвөл би үхрийг чинь өгнө гэж хэлсэн..., ...Би аймгийн төв рүү явахдаа *******д манай үхрүүдийг харж байгаарай гэж захиж хэлсэн юм. Би яг өөрийнхөө 50 тооны үхрийг *******д захиж үлдээсэн юм, гэхдээ би *******д яг үхрээ тоолж хүлээлгэж өгөөгүй зүгээр л манай үхрүүдийг ерөнхийдөө харж байгаарай дурандаж байгаарай л гэж захисан юм, тэрнээс биш яг манай үхрүүдийг хариулж маллаж байгаарай гэж хэлж хүлээлгэж өгөөгүй ээ.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 75-78/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* мэдүүлэхдээ: Би 2018 онын 12 дугаар сарын 15-наас 2019 оны 1 сарын 15-ны хооронд 60 үхэрнээс 15 үхэр алдсан. Шүүгдэгч С.******* гэдэг хүн дээр богоо тавьсан. Бид нар олон жил айл саахалт явсан. Үхрээ болохоор айлд тавьдаггүй байсан. Үхрээ хүлээлгэж өгөөгүй захичихаад явсан. Тэгсэн үхэр чинь ингээд алга болчихлоо, тэгээд алга болчихлоо гээд байдаг байсан. Тэгэхээр нь хүнээс асуусан чинь Уртын голоор нэг хэсэг үхэр цувлаа гэсэн. Утсаар сураад байсан. Үлдсэн 16 үхрээ зүсийг нь буруу хэлээд байсан. Үхрээ алдчихаад энэ хүнийг хардсан. Хавар 3 сард манай эхнэр эднийд хаваржсан. Тэгээд би 6 сарын эхээр өөрийг нь дагуулаад үхэртээ явсан. Монхор гэдэг айлд яваад очсон бор алаг үнээний сураг нь гарсан. *******ын үхэрт байгаа гэсэн. Тэгсэн энэ хулмалзаад би танай үхрийг *******т захисан юм байгаа гэсэн. *******тай уулзсан чинь таны 2 үхрийг үзээгүй. Тэгэхээр нь чи яагаад С.******* чамд захиж байхад алга болсон гэж хэлэхгүй яасан юм бэ гэсэн. Таны бор үнээг С.******* *******т өгсөн юм байна гэсэн. Тухайн үедээ ******* дээр өргөдлөө өгсөн. *******тай хамтарч үйлдсэн хүн л дээ, 4,400,000 орчим төгрөг нэхэмжилж байна, Сааль сүү сайтай үнээ. Өвөг дээдсээс уламжилж ирсэн. Удам нь тасарчих гээд байгаа юм аа. Нэг үнээний 3 жилийн сүүний үнэ 4,500,000 төгрөг гэв. Малчид бид нарын малыг лам олж өгдөг. 1,800,000 төгрөгийн ном уншуулсан, Малаа зүсээр нь авна гэв.

5. Иргэний нэхэмжлэгч Х.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай нөхөр Галуут сумаас явж байгаа хүнээс үхэр худалдаж авсан гэж хэлж байсан. Сартай бор үнээний үнэнд одоогийн ханшаар 800.000 төгрөг, бор тарлан бярууны үнэнд 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед манай нөхөр хэдэн төгрөгөөр авсныг би мэдэхгүй байна бор тарлан бяруу нь одоо хязаалан настай үхэр болсон байгаа, сартай бор үнээ нь одоо тугалтай болсон байгаа. Мөн уг хоёр үхрийг худалдаж авсан цагаас эхлэн манайх маллаж өсгөж том болгосон учраас би одоогийн зах зээлийн ханшаар үнэлж нэхэмжилж байна... 2019 оны хавар намайг айл нүүлгэчхээд Галуут сумын 1 дүгээр багийн нутаг Гүүтийн ам гэх газарт явж байхад ******* шарга морь уначихсан, алаг морь хөтөлчихсөн, 12-13 тооны үхэр туучихсан явж байхдаа надтай тааралдаад бид хоёр мэнд мэдэлцээд би хаа хүрээд ирэв гэсэн чинь ******* үхрээ бөөгнүүлээд явж байна гэсэн, тэгээд Гүүтийн эхнээс танихгүй хэдэн үхрийн захаас нэг бор үнээ аваад танай үхэр лүү хийчихлээ та тэрийг харж байгаарай гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгье гэсэн” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 66, 3-р хх-ийн 6 /,

6. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би нутгийн залуу Шар банди гэгчтэй Галуут сумын Хайрханы 1 дүгээр багийн иргэдээс 2019 оны 05 дугаар сарын эхээр үхэр авсан юм. Тэр газарт манай хүргэн болох Баяраагийн гэр байсан. Бид 2 Галуут сумын 1-р багийн иргэдээс нийт 17 тооны сарлагийн үхэр авсан. Тэр үед Баяраагаас авсан харин сартай бор үнээ, сартай бор бяруу 2-ыг Баяраа манай доод айлын хүний 2 үхэр гэсэн тэр хүнийг Бор банди гэж дуудаад байсан. Шар банди бид 2 худалдаж авсан үхрээ Эрдэнэцогт сумын 3-р багийн малчин Болдоо гэх хүнд 14 үхэр зарсан  Баяраа надад хэлэхдээ Бор банди гэх хүний 2 үхэр байгаа юм надаа өгөөдөх гэж байгаа юм гэж ярьж байсан тэрнээс бол Бор банди буюу ******* нь тухайн газар байгаагүй ирээгүй уг 2 үхрийг Баяраа нь үхрүүдийн хамт тууж ирсэн юм.....Би тэр үед сарлагийн тугалтай үнээг 500,000 төгрөгөөр хулдалдан авч байсан юм, тэгэхээр тэр ханшаар л авсан байхаа.....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 46-47, 3-р хх-ийн 31 /,

7. Гэрч Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Шар банди, Тулга гэх хүмүүс 2019 оны 04-р сарын сүүлээр манайхыг Галуут сумын 1-р багийн Байц гэх газар нутаглаж байхад ирээд манай ойр хавьд байсан айлуудаас болон манайхаас нийт 13-14 тооны сарлагийн үхрүүд авсан юм. *******ын Бор банди гэх залуу сартай бор эм үнээ, эвэртэй сартай бор бяруутай хамт өгсөн..., ...Тэр Бор банди гэж дууддаг ******* гэх хүн 2019 оны хавар цагаан сараас хойхно манай тэр хавиас үхрээ тууж явахдаа манай үхэрт бор үнээг, бор тарлан бяруутай нь үлдээгээд явсан, тэгээд намайг Тулгаатай утсаар ярьчхаад Батдэлгэр гэдэг айлд ирсэн чинь тэр айлд ******* ирсэн байсан бөгөөд би *******д манайд Тулгаа гэх хүн ирж үхэр худалдаж авна гэнээ гэсэн чинь ******* нь намайг хоёулаа гараад уулзаадахъя гээд гадаа намайг дагуулж гараад танай үхэрт байгаа бяруутай бор үнээг та мөнгө болгоод өгөөч ээ авгай хүүхэд төрчхөөд мөнгөний хэрэг байна гэсэн тэгэхээр нь би за за гэж хэлсэн юм. Тэгээд Тулгаа, Шар банди нарыг манайд үхэр авахаар ирэхээр нь тэр бор тарлан бяруутай бор үнээг нь 500.000 төгрөгөөр зараад тэр мөнгийг нь дараа нь манай эхнэр *******д өгсөн. Эхлээд тэр бор тарлан бяруутай бор үнээг манай үхэрт үлдээхдээ эхлээд бол хэлээгүй үлдээсэн юм, тэгээд үүний дараа нь ******* нь Галуут сумын 1-р багийн нутаг “Зайврын ам” гэх газарт тааралдаад танай үхэрт бяруутай бор үнээ үлдээчихлээ та тэрийг харж байгаарай гэхээр нь хэний үнээ юм бэ гэсэн чинь манай үнээ юм байгаа юм гэж хэлж байсан. Тэр үед ******* нь өөр үхэр манай малд орхиж үлдээгээгүй ээ. Би *******г өөр үхэр бусдад зарж борлуулсан эсэх талаар би мэдээгүй ээ. ******* нь 2019 оны 03 сарын эхээр л тэр бяруутай үнээгээ манай үхэрт үлдээгээд явсан санагдаж байна... 2019 оны хавар намайг айл нүүлгэчхээд Галуут сумын 1 дүгээр багийн нутаг Гүүтийн ам гэх газарт явж байхад Энх- Амгалан шарга морь уначихсан, алаг морь хөтөлчихсөн, 12-13 тооны үхэр туучихсан явж байхдаа надтай тааралдаад бид хоёр мэнд мэдэлцээд би хаа хүрээд ирэв гэсэн чинь ******* үхрээ бөөгнүүлээд явж байна гэсэн, тэгээд Гүүтийн эхнээс танихгүй хэдэн үхрийн захаас нэг бор үнээ аваад танай үхэр лүү хийчихлээ та тэрийг харж байгаарай гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгье гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 104-105, 3-р хх-ийн 26-27 /,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.******* мэдүүлэхдээ : ******* гэдэг манайд ирж хоносон. Борбанди гэдэг тухайн манай дээд талд ирж намаржсан тэгээд бид 3 бие биеэ таньдаг болсон. 2017 оноос 2018 он шилжих өвөл банкны мөнгөтэй байж байгаад Борбандитай таарсан. Тэгсэн үхэр зарах гэж байгаа хүмүүс байвал би үхэр заруулъя гэсэн, Өглөө нь үнээгээ саагаад сууж байхад Борбанди ирээд надад бор үнээ манайд байж байгаад алга болсон гэж хэлээрэй гэсэн. Тэгээд таныг морьтой ирэхээр нь Борбандийн хэлснийг хэлээд явуулсан, Хэний ч үхэр гэж хэлээгүй. Тэгээд Улаанаа ахыг ирдэг өглөө Борбанди ирээд энэ үнээ Улаанаа ахын үхэр шүү алга болсон гэж хэлээрэй л гэж хэлсэн, үхрийг 500,000 төгрөгөөр зарсан гэв.

9. Гэрч Х.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Шар банди, Тулга гэх хүмүүс 2019 оны 04-р сарын сүүлээр 13 тооны сарлагийн үхэр авсан. Сартай бор эм үхэр, сартай бор алаг бяруу зэрэг үхрүүдийг худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Шар банди гэх хүн манайхыг ямаа самнаж байх үед ирээд ярихдаа манай багийн Монх, *******, Хосоо, Алгаа, Болдоо нар үхэр зарсан гэж байсан. Миний харснаар тугалтай хар үнээ, халтар хайнаг, бор алаг гэмээр үнээ, эвэртэй бор халзан гэмээр бяруу гэх мэт содон үхрүүдийг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 /,

11. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 04 дүгээр сарын үед өөрийнхөө үхрийг манай ойролцоогоос ялгаж тууж явахдаа манай үхэрт эвэртэй сартай бор бяруутай бор үнээг үлдээсэн, тэгээд тэрийгээ зараад мөнгийг нь өгөөрэй гэж хэлж манай нөхөрт хэлж үлдээсэн гэсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сард манайд үхэр худалдаж авах гэж Шар банди, Тулгаа гэдэг хүмүүс ирэхээр нь манайх тэр Бор банди гэдэг хүний үлдээсэн бор бяруутай бор үнээг бяруутай нь нийлүүлээд төгрөгөөр зараад мөнгийг нь аваад үлдсэн. Тэгээд дараа нь Бор банди нь манайд ирэхэд нь би тэр бяруутай үнээг зарсан 500.000 төгрөгийг нь өгөөд явуулсан юм. Тэр Бор банди гэх хүн нь манайд өөр үхэр үлдээгээгүй, тэр эвэртэй бор алаг бяруутай бор үнээг л үлдээсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/,

12. Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны намар манайх хонь ямаа зэрэг малаа *******гийнд өгч маллуулсан юм. Тэгээд манайх үхрээ Галуут сумын 2 дугаар багийн нутаг Хэцийн өвөр гэх газарт үхрээ үлдээсэн. Тэгээд манай үхрүүдийг алсаас нь харж байгаарай гэж *******д захисан юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр манай үхрүүдээс 10 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд манай нөхөр үхрээ хайсаар байгаад Эрдэнэцогт сумаас 2 үхрийг нь олсон. Бусад үхрүүд нь олж аваагүй байгаа. Тэр үед 2019 оны 03 дугаар сарын 14, 15-ны үеэр ******* нь танай 2 үхэр чинь Баяраагийн үхэрт байна гэнээ өвлөөс хойш тэнд байгаад байгаа гэнээ гэж хэлсэн. Бусад үхрүүдийг нь халцархай духтай халиун, хар халзан, сартай бор үнээ 2, шийр цагаан хар үнээнүүд чинь Содоогийн үхрийн зах дээр харагдсан гэж надад хэлсэн. Тэгээд дараа нь 2018 оны 04 дүгээр сарын үед ******* нь надад танай 2 үхэр чинь байхгүй гэнэ лээ шүү алга болчихсон гэнээ гэж надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 108-109/,

13. Эд зүйлийн үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 486 дугаартай шинжээчийн:

Хулгайд алдсан нас гүйцсэн сарлагийн үхэр 4 ширхэг 3.200.000 төгрөг, сарлагийн гунжин үнээ 5 ширхэг 4.000.000 төгрөг, сарлагийн бяруу 1 ширхэг 300.000 төгрөг, нийт үнэ цэнэ 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 130 /,

14. Эд зүйлийн үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн:

“...1 тооны нас гүйцсэн бүдүүн залуу сарлагийн үнээ 900.000 төгрөг, 1 тооны 2 шүдтэй соёолон насны сарлагийн эр үхэр 1.000.000 төгрөг, 1 тооны сарлагийн охин бяруу 300.000 төгрөг. Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт / 3-р хх-ийн 68 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө хохирогч С.******* улсын яллагч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нараас татгалзсан талаар бичгээр хүсэлт гаргасаныг хянан хэлэлцэхэд хохирогч С.******* нь өмнө нь бичгээр гаргасан улсын яллагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах хүсэлтээсээ татгалзаж байгаа талаар мэдүүлсэн тул энэ талаар тусгайлан шийдвэр гаргаагүй бөгөөд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж явуулав.

Мөн хохирогч С.******* нь шүүх хуралдаанд гэрч Н.*******, Ч.Золзаяа, Энхбат нарыг оролцуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Золзаяа, Энхбат нарыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан тул уг хүсэлтийг хангахаас татгалзаж харин гэрч Н.*******ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газраас иргэн С.*******ын сартай бор зүсмийн үнээ, бор тарлан зүсмийн бяруу, нийт 2 тооны сарлагийн үхрийг хулгайлан авч 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан С.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “.......2018 оны 12 сард би үхрийн эрэлд явж байгаад С.*******ын 2 үхрийг байхаар нь ******* зараад мөнгийг нь аваад өөртөө хэрэглэсэн.С.*******ын 2 үхэр *******ын үхэрт нийлчихсэн байсан юм гэх мэдүүлэг / хх-ийн 153-154 /,

Гэрч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...тэгээд намайг Тулгаатай утсаар ярьчхаад Батдэлгэр гэдэг айлд ирсэн чинь тэр айлд ******* ирсэн байсан бөгөөд би *******д манайд Тулгаа гэх хүн ирж үхэр худалдаж авна гэнээ гэсэн чинь ******* нь намайг хоёулаа гараад уулзаадахъя гээд гадаа намайг дагуулж гараад танай үхэрт байгаа бяруутай бор үнээг та мөнгө болгоод өгөөч ээ авгай хүүхэд төрчхөөд мөнгөний хэрэг байна гэсэн тэгэхээр нь би за за гэж хэлсэн юм. Тэгээд Тулгаа, Шар банди нарыг манайд үхэр авахаар ирэхээр нь тэр бор тарлан бяруутай бор үнээг нь 500 төгрөгөөр зараад тэр мөнгийг нь дараа нь манай эхнэр *******д өгсөн....гэх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...******* гэдэг манайд ирж хоносон. Борбанди гэдэг тухайн манай дээд талд ирж намаржсан тэгээд бид 3 бие биеэ таньдаг болсон. 2017 оноос 2018 он шилжих өвөл банкны мөнгөтэй байж байгаад Борбандитай таарсан. Тэгсэн үхэр зарах гэж байгаа хүмүүс байвал би үхэр заруулъя гэсэн, Өглөө нь үнээгээ саагаад сууж байхад Борбанди ирээд надад бор үнээ манайд байж байгаад алга болсон гэж хэлээрэй гэсэн. Тэгээд таныг морьтой ирэхээр нь Борбандийн хэлснийг хэлээд явуулсан, Хэний ч үхэр гэж хэлээгүй. Тэгээд Улаанаа ахыг ирдэг өглөө Борбанди ирээд энэ үнээ Улаанаа ахын үхэр шүү алга болсон гэж хэлээрэй л гэж хэлсэн, үхрийг 500,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч С.******* нь С.*******ын 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар буюу хохирогч С.*******ын эзэмшлийн үхрийг шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлээр зарж авсан болох нь тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэргийн гол шинж нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгох бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгч С.******* хохирогч С.*******ын үхрийг шунахай сэдэлтээр үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан тул хулгайлах гэмт хэрэг гэж шүүх дүгнэж уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.*******г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.*******гийн бусдын мал хулгайлж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг УИХ-с 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр хасаж өөрчлөлт оруулж хуульчлан баталсан боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл...ийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “үйлдэл...г гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.******* нь өмнө нь 2019 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө иргэн М.ын эзэмшлийн 16 тооны сарлагийн үхрийг, О.гийн эзэмшлийн 4 тооны үхэр буюу нийт 20 тооны үхрийг тус тус хулгайлж бусдад 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байсан бөгөөд ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэж, харин түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж байсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.*******гийн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн зургаан сар хорин гурав хоногийн ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “ 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.*******гийн үйлдэл нь 2019 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна гэж шүүх үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ....мал хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /,....гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяраас хохирогч С.*******ын эхнэртэй уулзаж ярилцсан талаар яриагаа утсан дээр бичиж үүнийг СД болгож эд мөрийн баримтаар гаргаж шинжлэн судлуулсан бөгөөд Шүүхээс уг ярианы бичлэг бүхий СД нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтад мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ” мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4-д зааснаар “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ ....эсвэл тэдний нэр төрийг доромжлох, хүнлэг бус,...зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн, мөн Өмгөөллийн тухай хуулийн 14.1.4-д “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн..... хувь хүний нууцыг задруулахгүй байх...” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* нь алдагдсан үнээ нь сүүний чиглэлийн гойд ашиг шимтэй үнээ тул сүү саалийн алдагдал 3.300.000 төгрөг, малын үнэлгээ гаргуулахад шинжээчид 85000 төгрөг, алдагдсан малаа ламаас асууж ганданд ном уншуулсан 360.000 төгрөг, бензин тос, аймаг дотор такси үйлчилгээнд явсан хөлс 841.250 төгрөг нийт 4.586.250 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох сүүний чиглэлийн гойд ашиг шимтэй үнээ алдагдсан талаарх нотлох баримтыг үнэлснээр шүүгдэгч С.*******гаас сүү саалийн үнэ 3.300.000 төгрөг, шинжээчийн зардал 85000 төгрөг гаргуулж хохирогч С.*******ад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Харин хохирогч С.******* нь ганданд ном уншуулсан гэх 360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 15-д Монгол улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй талаар хуульчилсан бөгөөд хохирогч С.*******ын шашин шүтэж ном уншуулсан нь шууд учирсан хохирол биш бөгөөд заавал ном уншуулах нь тухайн хүний эрх тул уг зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай зардал биш гэж шүүх дүгнэсэн болно.

Мөн хохирогч С.******* нь аймгийн төвд такси үйлчилгээнд явсан нааш цааш явсан шатахууны гэх 841.250 төгрөгийн баримтыг шүүхэд шинээр гаргаж өгсөн бөгөөд шүүх уг нотлох баримтыг шинжлэн судлахад шатахууны баримт нь энэ хэрэгтэй холбоотой зарцуулагдсан баримт мөн эсэх нь тодорхойгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа нотолж бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хохирогч С.*******ын үхрийг Б.аас худалдаж авсан Х. нь өвчний учир нас барсан бөгөөд түүний төлөөлж хохирогч иргэний нэхэмжлэгчээр эхнэр Х.******* нь төлөөлж оролцож 2 үхэр, түүний гарсан төл зэргийг нэмж нийт 2.650.000 төгрөг төгрөг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.*******гаас 2.650.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.*******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* нь алдагдсан үхэр, үнээ, бяруу зэргээ зүсээр нь буцааж авах талаар илэрхийлж байх тул иргэний нэхэмжлэгч Х.*******ээс хохирогч С.*******ын гэх үхэр, үнээ болон төлийг буцаан гаргуулж хохирогч С.*******ад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Харин хохирогч С.*******ын урьд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн эрж хайсан шатахууны үнэ 333.400 төгрөгийг төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч С.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш цагдан хоригдсон 371 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж тооцов.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Энх-амгаланд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас 371 хоног буюу 01 жил 06 хоногийг хасаж тооцлоо.

Энэ хэргийн учир шүүгдэгч С.*******гийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт С.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 морины үнэ нэг сая хоёр зуун мянга / 1.200.000 / төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Мөн нотлох баримтаар тооцоогүй СD-г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Шүүгдэгч С.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс өөрчилж цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ял дээр 2020 оны 05 дугаар сарын 20 –ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн зургаан сар / 06 сар / хорин гурав / 23 / хоногийг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт эдлэх ялыг нэг жил зургаан сар хорин гурав / 01 жил 06 сар 23 / хоногоор тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хэргийн учир цагдан хоригдсон гурван зуун далан нэг / 371 / хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан нэг жил зургаан сар хорин гурав хоног / 01 жил 06 сар 23 / хоногийн хорих ялыг нэг жил зургаан сар хорин гурав хоног / 01 жил 06 сар 23 / хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.*******г Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс явахыг хориглож, техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар тус солихыг дурдсугай.

8. Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн учир хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******гаас үнээ 1, эр үхэр 1, бяруу 1 буюу нэг сая нэг зуун мянган / 1.100.000 / төгрөг, сүү саалийн үнэ гурван сая гурван зуун наян тав / 3.385.000 / төгрөгийг гаргуулж хохирогч С.*******ад, хоёр сая зургаан зуун тавин мянга / 2.650.000 / төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.*******т тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч С.*******ын нэхэмжилсэн нэхэмжлэлээс 360.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч С.*******аас найман зуун дөчин нэгэн мянга хоёр зуун тавь / 841.250 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч С.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 морины үнэ нэг сая хоёр зуун мянга / 1.200.000 / төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар СD-г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******г 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ