Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2018/ДШМ/040

 

Д.Оод холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Оын гаргасан давж заалдах гомдлоор Д.Оод холбогдох эрүүгийн 1814000000034 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Жаа овогт Д.О, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгч, угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

2013 оны 9 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2017 оны 7 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар хорих ялаар тус тус тогтоож байсан,

Д.О нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” нэртэй ресторанаас шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор эд зүйл хулгайлж, бусдад 385.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Жаа овогт Д.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1, 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Д.Оыг гэмт хэргийн хор уршгийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны дотор арилгах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, түүнд зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээг хэрэглэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар Д.Ооос 385.250 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар уг хэрэгт камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг бичлэг бүхий СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хадгалуулхаар Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Д.Оын

“Самсунг” маркийн гар утас нэг ширхэг, “Нокиа” маркийн гар утас нэг ширхэгийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг утасыг хохирлыг нөхөн төлөх зорилгоор зарцуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О гаргасан давж заалдах гомдолдоо: Би өөрийн санамсар болгоомжгүйгээс болж энэ хэрэгт холбогдсондоо туйлын их гэмшиж байна. Би ээжийн хамт амьдардаг. Ээж минь өндөр настай, тэтгэвэрт байдаг. Саяхан эмнэлэгт хэвтэн нүдний хагалгаанд орсон, бие муутай хөгшин хүн байдаг. Цаашид би ээжийнхээ төлөө болон гэр бүлээ харж хандаж, амьдралынхаа төлөө эрмэлзэн ажил хийж өөрийн чадлаар сайхан амьдрах болно. Одоо би дахиж ийм хэрэг хэзээ ч хийхгүй гэдгээ шүүхийн өмнө амлаж байна. Би бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би цагдан хоригдож байгаа хугацаандаа их зүйлийг олж ухаарсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтэндээ: 2018 оны 1 дүгээр сарын 14-нөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-нд шилжих шөнө МС нэртэй Д.О хулгайн сэдэлтээр “Оргил” баар руу орж 385.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан нь анхан шатны шүүхээр тогтоогдож хохирол барагдуулах шийдвэр гарсан байхад Д.О нь худал мэдүүлэг өгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Д.О нь одоог хүртэл “Оргил” баарны санхүүд нэг төгрөгийн ч хохирол барагдуулаагүй тул давж заалдах шатны шүүх хурал энэ асуудлыг үнэн зөв шийдэж хохирол барагдуулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч Д.Оын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Д.О нь 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн *******гийн эзэмшлийн “Оргил” нэртэй рестораны зүүн талын цонхоор орж архи, жимсний ундаа /жүүс/, хийжүүлсэн лаазтай ундаа /кола/, гар цүнх /паасаг/ зэрэг нийт 385.250 төгрөгийн эд зүйл алдагдсан үйл баримт болсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон талаарх Баянхонгор аймгийн Засаг Даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хавсаргагдсан Д.Оын “Оргил” ресторанд 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-нд шилжих шөнө хууль бусаар орж хулгай хийж байгаа талаарх 28 минут 39 секундын бичлэг /CD/, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Д.Оын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах байранд нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хууль тогтоогчоос тухайн төрлийн хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсаны дагуу анхан шатны шүүхээс Д.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.О нь хэрэгт холбогдсондоо гэмшиж байгаа, өндөр настай ээжийн хамт амьдардаг, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргасан хэдий ч түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, хохирогч хохирол нөхөн төлөгдөөгүй талаарх тайлбарыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс харгалзан үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Д.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Д.О нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                  ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ