Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 28

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч               Б.Батзориг

                             Шүүгчид                           С.Оюунцэцэг

                                                                 Г.Давааренчин

                    Оролцогчид:

                             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч   А.Алтантуяа

                               Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам,

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д  холбогдох “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиррол 109.577.000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “...Миний бие Ж.Нарантуяа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн Өлөнтийн 22 тоотод нөхөр, бага насны 2 хүүхдийн хамт оршин суудаг. 2014 оны 12 дугаар сарын 27-ны өглөө үүрээр гэртээ хоёр хүүхдийн хамт унтаж байтал гэнэт чад пад хийх чимээ гарахаар нь сэрээд хартал байшингийн залгаа авто гражийн цахилгаан эрчим хүчний тоолуур байсан цахилгаан төв оруулгын холболт залгаанаас гал түймэр үүсвэрлэн асаж байсныг харсан.

…гэрт байсан тоолуурыг гадаа гаргаж айлын хашааны цахилгааны шон дээр суурилуулсан. Ингэж суурилуулаад 23 хонож байтал уг суурилуулсан, тоолуур байсан төв оруулгын цахилгаан утаснаас гал гарч, ханаараа дамжин бусад өрөө болон байшингийн доторх эд хогшил, өрөөнүүд бүгд галд өртсөн. Хэрвээ тоолуурыг гаргаагүй байсан бол уг гал түймэр гарахгүй байсан. Бид Мягмарболдын буруутай ажиллагаанаас болж гал түймэр гарсан гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсний дагуу Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХКомпанийн Зүүнхараа салбарын Борлуулалтын инженер Мягмарболдын ажиллаж байгаа байгууллага болох Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХКомпанийн Зүүнхараа салбарыг ирэний хариуцагчаар татаж, эд хөрөнгөнд учруулсан хохирлын 39.777.700 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ.

 

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

…2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болсон шүүх хурал дээр нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Аптантуяа би өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг 109,577,700 төгрөг болгон тогтоож ихэсгэсэн байгаа. Учир нь үнэлгээний төвөөс өгсөн үнэлгээ юм. Одоо нэхэмжилж байгаа нь 90,000,000 төгрөгөөр үнэлж байсан өвлийн байшин нь мэргэжлийн үнэлгээчний үнэлгээгээр 68,589,337 төгрөг, тухайн байшинг үнэлсэн үнэлгээний төвөөс ажлын хөлс болох Лэндс ХХкомпаний нэхэмжилсэн 3,960,000 төгрөг, байшин шатсанаас хойш жилийн турш айлын байр хөлсөлсөн 2,500,000 төгрөг, өмнө нь үнэ тогтоогдсон эд зүйлс, үл хөдлөх хөрөнгө, нэхмэлийн машин, нэхмэлийн машиний утас, эд материал нийлээд 27.777.700 төгрөг болж байгаа ингээд нийт 102,127,737 төгрөг болгон багасгаж үлдэх 7,449,960 төгрөгнөөс татгалзаж байна...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мягмарболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  

Нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн оршин суух буюу 8x15 хэмжээтэй байшин 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тогноос шалтгаалж шатаж 39,777,700 төгрөгийн хохирол учирсан энэ асуудалд Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-ийн      “Зүүнхараа” салбар буруутай гэж үзэж гэм хорын хохирол нэхэмжилжээ. Манайх энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээнээс “дээд газраас” айл өрхүүдийн Цахилгаан эрчим хүчний тоолуурыг гэрт биш гадаа шонгийн модонд төвлөрүүлж байх шийдвэр өгсөн. Энэ шийдвэрийн дагуу ээлж дарааллаар айл өрхүүдийн эрчим хүчний тоолуурыг гадаа шонгийн модонд байрлуулж байгаа… Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 108 дугаартай шийдвэрээр:

 - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-наас гэм хорын хохиролд 29.577.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нарантуяад олгож нэхэмжлэлээс 72.547.337 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 305.838 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж,

 - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мягмарболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 “...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 108 тоот шийдвэрийг доорхи үндэслэлээр үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Иргэн Ж.Нарантуяагийн гэрийн тоолуурын холболтыг цахилгаанчин Одгэрэл нь дүрмийн бус холболт хийсэн гэдэг нь нотлогдоогүй зөвхөн Ш.Одхүүгийн тайлбар үгэнд үндэслэсэн байна.

2. Тоолуур холбосон цэгийн кабель утсыг Ш.Одхүү шинжилгээнд явуулах нэрээр таслан авч баримт нотолгоо алга болсон нь ихээхэн сэжигтэй гэж үзэж байна.

3. Шинжээч Д.Баян-Эрдэнийн дүгнэлтэнд тоолуур холбосон цэгээс гал гарсан гэдгийг нотлох боломжгүй гэсэн байсан /нотлох баримт алга болсон учраас/ Дээрх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн 108 тоот шийдвэрийн иргэн Ж.Нарантуяад 29.577.700 төгрөгийг төлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 108 тоот шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-иас гэм хорын хохиролд 29.577.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэгч Ж.Нарантуяа, хариуцагч Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-иас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол шаардах эрхтэй гэж дүгнэжээ. Эд хөрөнгөд 29.577.700 төгрөгний хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэжээ. Мөн дүрмийн бус холболтоос үүдэн гал гарсан болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Хариуцагч Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ний Зүүнхараа салбарыг гэм буруутай гэж үзэж хохирол гаргаж байгааг өмгөөлөгчийн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжаар гаргасан шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй байхад шүүх зөвхөн гал түймэр гарсан тухай актыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай  болжээ. Шүүх мэдээж нарийн мэргэжлийн шинжээч шаардлагатай болсон учраас өөрийн захирамжаар шинжээч 2 удаа томилсон. Дүгнэлт гарсан. Гэтэл дүгнэлтээ үнэлж чадсангүй. Ач холбогдол өгсөнгүй. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургуулийн багш нарын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлтээр “гал цахилгаанаас гарсан байх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Онцгой байдлын газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 907 тоот дүгнэлтээр тогтоох боломжгүй гэж үзсэн. Шинжээч нарын дүгнэлтээр хариуцагчийн гэм буруутай үйлдэл нотлогдоогүй байхад гэм хорын хохирол гаргаж байгаа хууль зүйн үндэслэлгүй. Шүүх Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын байцаагч Ш.Одхүүгийн тайлбарыг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдсэн. Түүнийг шинжээч гэдэг бөгөөд түүний анх  2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан 05 тоот гал түймэр гарсан тухай актыг шинжээчийн дүгнэлт гэж үнэлж ач холбогдол өгдөг. Гэтэл шүүх хуралдаанд оролцож мэдүүснээр галын мэргэжлийн мэргэжилтэн, харин цахилгааны ямар нэгэн мэргэжилгүй талаараа мэдүүлсэн. Хэдхэн кредит цаг цахилгааны сургалтанд хамрагдсан гэдэг. Тэгээд ч иргэний хэрэгт шинжээчээр огт ажиллаагүй юм. Шүүх өөрийн захирамжаар томилсон мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг огт үнэлэхгүй шийдвэрээ гаргасныг бодитой бус нэг талыг барин шийдсэн гэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ компаний давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж өгөөч, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 06 дугаар багийн Өлөнтийн 22 тоотод оршин суух Ж.Нарантуяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргаж байна.

2015 оны 05 сард Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 39.777.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Байшин бол бүхэлдээ шатаж, дотор нь байсан хувийн хэрэгцээний эд зүйлсүүд, мөн бизнесийн зорилгоор авсан тоног  төхөөрөмжүүд бүгд шатсан. Байшинг 90.000.000 төгрөгөөр үнэлж, нийт 109.000.000 төгрөг болсон. Гэхдээ тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад итгэмжлэгдсэн үнэлгээний компаниар төсөвт үнэлгээний аргаар 68.589.000 төгрөг гэж үнэлсэн. Байшингийн үнэлгээгээ албан ёсны нотлох баримтын дагуу 90.000.000 төгрөг гэж байсан үнэлгээгээ 68.000.000 төгрөг болгон буулгасан. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ энэ гал гарсан явдал нь Цахилгаан түгээх компаны буруутай үйл ажиллагаа байсан байна гээд 29.000.000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. 29.000.000 төгрөгийг Цагдаагийн байгууллагаас шалгахдаа Мандал сумын үнэ тогтоох комисс гэдэг газраар үнэлгээ хийлгүүлээд байшин доторх хөдлөх эд хөрөнгүүдийг 29.900.000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Тухайн байшинг хүний үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаар биш түүнд орсон барилгын  материалын үнэлгээгээр гаргасан үнэлгээ байдаг. Байшин бол Улсын бүртгэлийн гэрчилгээтэй хүний хуулиар хамгаалагдсан үл хөдлөх хөрөнгө юм. Шүүх үзэхдээ тухайн байшинд хохирол учраагүй гэж үзэх маягтай шийдвэр гаргасан. Тийм учраас шийдвэрийг эс зөвшөөрч 29.900.000 төгрөг дээр нэмээд байшингийн үнийг нэхэмжилсэн. Байшин гаднаасаа зүгээр харагдах боловч дотроо бүгд үнс нурам болсон дахин ашиглах боломжгүй байгаа. Байшинг засаж сэргээн босгоход газрын үнэлгээ хамаагүй учир газрын үнэлгээ мөн үнэлгээ хийсэн ажлын хөлсийг өөрсдийн эрсдэл гэж үзэн хасаад нийт 68.182.405 төгрөг, хувийн эд зүйлсийн үнэлгээ нийт төгрөгийг  97.760.105 төгрөг гаргуулахаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

          

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэгдүгээрт: Хариуцагчийн тайлбарт нотлох баримт өгөх шаардлагатай байна.

…Хариуцагч тал анхнаасаа давж заалдах гомдлоо хуульд зааснаар гаргаагүй улсын тэмдэгтийн хураамжаа төлөх боломжтой байсан ч төлөөгүй. Хугацаа сэргээлгэх хүсэлт бичихэд түүнийг сэргээж байгаа нь процессын алдаа.  Гомдлыг хүлээж аваад 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдлоо явуулах ёстой байтал 4 сард гомдлыг хүлээж авчихаад 5 сард сар гарны дараа өчнөөн хууль бус зүйл хийчихээд явуулсан байдаг. …Тиймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёрдугаарт: …Төсөвт үнэлгээгээр байшинд туслах болон үндсэн ямар ямар материал орсон, ажиллах хүч, тээвэр түлшний зарцуулалт, дахиад энэ байшинг сэргээн засахад хэдэн төгрөг хэрэгтэйг тооцоолон гаргаж 68.000.000 төгрөг болгон үнэлсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүх эхлээд 29.900.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь байшингийн зөвхөн дотор байсан эд хогшил, тоног төхөөрөмжийн үнэ үнэлгээ байтал сүүлд байшинг бүхлээр нь үнэлсэн мэт шийдвэрлэдэг. …Төсөвт өртгөөр үнэлсэн үнэлгээ нь байшинг буцаан сэргээн засварлахад шаардах нийт мөнгөн дүнг үнэлсэн үнэлгээ учир 68.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн  байх тул  шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр сум дундын  шүүхэд буцаах нь  зүйтэй байна.

 

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны Сэлэнгэ аймаг Мандал сум дахь салбарт холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 39.777.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2015 оны 05 сарын      13-ны өдөр гаргаж, тухайн өдрөө тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй гэсэн үндэслэлээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хүсэлт гаргажээ. 

Шүүх нэхэмжлэгч Ж.Нарантуягийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх  тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар эрх зүйн акт хэрэгт авагдаагүй, харин   2015 оны 05 сарын 18-ны өдрийн 641 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамжаас ямар үндэслэлээр хэрхэн чөлөөлсөн эсэх талаар дурдаагүй атлаа, шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтад нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шүүх  шийдвэрлэсний дараа  түүний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх асуудлыг шийдвэрлэх атал тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр шүүх  нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 2.  Нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь  нэхэмжлэлдээ хариуцагчийг “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны Сэлэнгэ аймаг Мандал сум дахь салбар/хуулийн этгээдийн эрхгүй/ гэж тодорхойлсон байхад шүүх түүний нэхэмжлэлд 2015 оны 05 сарын 25-ны өдөр 641 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчийг “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК гэж нэхэмжлэгчийн хүсэлтгүйгээр шүүх санаачилгаараа хариуцагчийг сольж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д  “нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай  хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.

3. Нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байгууллагыг төлөөлөн оролцох этгээдийг  Иргэний хэрэг үүсгэснээс хойш 3 сарын дараа буюу 2015 оны 08 сарын 18-ны өдрийн 266 дугаартай “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх  захирлын тушаалаар хариуцагчийг төлөөлөн оролцуулахаар “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ”      ХК-ны   Зүүнхараа салбарын ашиглалт борлуулалтын инженер А.Мягмарболдыг томилсон байхад  шүүх 2015 оны 05 сарын 27-ны өдөр  Ж.Нарантуяагийн нэхэмжлэлийн хувийг тус хэргийн хариуцагч биш, өөрөөр хэлбэл  “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ”      ХК нь байгууллагыг төлөөлөн оролцуулах этгээдийг томилоогүй байхад Зүүнхараа салбарын ашиглалт борлуулалтын инженер А.Мягмарболдыг хариуцагчийн төлөөлөгч гэж тодорхойлон түүнд  Ж.Нарантуяагийн нэхэмжлэлийн хувийг  гардуулан өгч улмаар эрх үүрэг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.7, 72 дугаар зүйлийн 72.1-д  заасныг зөрчсөн. 

4. Нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа нь 2016 оны 04 сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 69.800.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн ба  нэмэгдүүлсэн шаардлагадаа нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд тэмдэгтийн хураамж төлөөгүй шалтгаанаа 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 641 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн гэжээ.

 

 Шүүгчийн иргэний хэрэг үүсгэх тухай 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 641 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн тэмдэгтийн хураамж төлсөн асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж буй шаардлагад хамаарахгүй,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрх эдэлдэг бөгөөд шаардлагын хэмжээг ихэсгэх тухай бүрт  мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг  хангасан байх  шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нэхэмжлэгчийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр  нөхөн төлүүлэх, хэрэв нэхэмжлэгч нь төлбөрийн чадваргүй бол түүний тайлбар, холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгчийн захирамжаар мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар чөлөөлөх боломжтой атал шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад төлөх тэмдэгтийн хураамжийн асуудлыг  шийдвэрлэхгүйгээр шаардлагыг хүлээн авч, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тус тус зөрчсөн  байх тул давж заалдах  шатны шүүх  бүрэлдэхүүн  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Мөн  тус хэрэгт шүүх зохигчдын хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2015№08 дугаар бүхий хадгаламжийн нэгжийн бүртгэлтэй, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах материалыг эх хувиар нь татан авч хэрэгт нотлох баримтаар хавсарган ирүүлжээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар зохигчдын хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлж болох бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай  нотлох баримтыг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, 44.4-д зааснаар  хуулбарлан авч баталгаажуулах, эх хувьтай тулган нотлох баримт байгаа газарт  үзлэг явуулж тэмдэглэл хөтлөх  зэргээр хэрэгт нотлох баримтаар авах боломжтой.

Харин өөр байгууллагын архивын хадгаламжийн нэгж бүхий баримтыг  зохигчдын хүсэлтээр шүүх шууд татан авч нотлох баримтаар хэрэгт хавсаргаж байгаа нь үндэслэлтэй эсэх талаар анхан шатны шүүх  цаашид  дүгнэлт хийх нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хэргийн шийдвэрлэлт болон  зохигчдын  давж заалдах гомдолд  дүгнэлт хийгээгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 108 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305.638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                      ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                          ШҮҮГЧИД                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                             Г.ДАВААРЕНЧИН