Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1567

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Го-Парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 103-159 тоотод оршин суух, Боржгон овогт Вандангийн Дорждамба /РД:УС62031732/-ийн нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Дорждамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ  нь:

            Хүсэлт гаргагч В.Дорждамба нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Дорждамба миний бие 1962 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Бага, дунд боловсрол эзэмшээд улмаар ЗХУ-ын Ташкент хотод техниккум төгссөн. Налайх хотын Шилний үйлдвэрийн механик цехэд 1984 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмжийн слесариар 3 жил 8 сар 20 хоног ажилласан. “УБ Импекс” ХХК-ийн хөргөлтийн машин танхимд машинистаар 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 1 жил 4 сар ажилласан. Улмаар тус компанийг “Номин холдинг” ХХК худалдан авснаар, 2005 оны 02 дугаар сараас эхлэн Хөргөлтийн агуулах худалдааны чиглэлээр ашиглах болсон. Ингээд би “Номин холдинг” ХХК, “УБ Импекс” ХХК-д 2005 оны 10 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад ажлаа өөрчилсөн. Ажлаа өгөөд, хөдөлмөрийн дэвтэрээ авах гэсэн чинь миний хөдөлмөрийн дэвтэр олдоогүй, алга болсон байсан. Үүнээс хойш хөдөлмөрийн дэвтэрээ олж авч чадаагүй. Иймд тус компанид 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 8 сар 25 хоног ажилласан баримт олдоогүй.

Иймд В.Дорждамба намайг Налайхын шилний үйлдвэрт 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, “Улаанбаатар импекс” ХХК-д 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл, “Номин холдинг” ХХК-д 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад              

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

В.Дорждамба нь Налайхын шилний үйлдвэрт 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, “Улаанбаатар импекс” ХХК-д 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл, “Номин холдинг” ХХК-д 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

         Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17200300, 17200291 дугаартай албан тоотууд болон Архивын Ерөнхий газрын харъяа Үндэсний төв архивын  2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03-2 дугаартай лавлагаагаар  "Улаанбаатар импекс” ХХК-ийн болон “Номин холдинг” ХХК-ийн баримтууд шилжиж ирээгүй, Налайхын шилний үйлдвэрийн даргын 1980 оноос хойшхи баримт шилжиж ирээгүй тул Вандангийн Дорждамбад холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Хүсэлт гаргагч В.Дорждамба нь Налайхын шилний үйлдвэрт 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд тоног төхөөрөмжийн засварчинаар ажиллаж байсан болох нь ХХҮЯ-ны харъяа Налайх хотын шилний үйлдвэрийн намын үүрийн нарийн бичгийн дарга С.Гонгор, үйлдвэрийн дарга Г.Булгаа, ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга С.Энхбаатар, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Х.Самдан нарын хамтран гаргасан В.Дорждамбын ажил байдлын тодорхойлолт, 023196 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987 онд шилний үйлдвэрийн гагнуурчин Ж.Олонбаяртай хамт авахуулсан фото зураг, гэрч Ж.Олонбаяр, Д.Хүрэлбаатар, С.Хажид, А.Ягаанхүү нарын тайлбар, мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

            Мөн хүсэлт гаргагч В.Дорждамба нь “Улаанбаатар импекс” ХХК-д 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл, “Номин холдинг” ХХК-д 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 538 дугаартай лавлагаа, В.Дорждамбад “Улаанбаатар импекс” ХХК болон “Номин холдинг” ХХК-аас олгосон ажлын үнэмлэх, “Номин холдинг” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1/168 дугаартай тодорхойлолт болон 2005 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын тайлан, гэрч С.Дашзэвгэ, А.Отгонмөнх нарын тайлбар мэдүүлэг, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна. 

          Иймд хүсэлт гаргагч Боржгон овогт Вандангийн Дорждамбыг   “Налайх хотын шилний үйлдвэрт 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, “Улаанбаатар импекс” ХХК-д 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл, “Номин холдинг” ХХК-д 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                                          ТОГТООХ нь:                                                                                    

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  хүсэлт гаргагч Боржгон овогт Вандангийн Налайх хотын шилний үйлдвэрт 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, “Улаанбаатар импекс” ХХК-д 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэл, “Номин холдинг” ХХК-д 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

        2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА