Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/329

 

 

 

 

 

 

 

 

2021        11          09                                               2021/ШЦТ/329

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Цт холбогдох 2021005360368 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................................багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ................ овогт Ц. /РД:......................./

 

Шүүгдэгч Ц нь 2019 оны 08 дугаар сард иргэн Б.Б-ын өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн малаас 7 тооны хонь, 31 тооны ямааг завшиж 4,010,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар өндөр” гэх газарт 2017 оноос хойш Ц гэх залуугаар малаа малуулж байсан. Би Цт 563 тооны хонь, 181 тооны ямаа, 80 тооны үнэр, 12 тооны адуу, нийт 836 тооны мал хүлээлгэж өгсөн. ...Тэгээд 2019 онд малаа тоолоход дутсаар байгаад нийт 212 тооны бог мал дутсан тооцоо гарахаар нь би цагдаагийн байгууллагад 2020 онд хандсан. Сүүлд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би малчин Цт дахин малаа хүлээлгэж өгсөн. Үхсэн, хүнсэнд хэрэглэсэн гэх зэрэг зарлагаа хасаад үзэхэд нийт 126 тооны хонь, ямаа нийлсэн бог мал дутсан. Ц надад хэлэхдээ “танд хэлэлгүй 7 хонь, 31 ямаа зарсан” гэсэн. Уг зарсан 7 тооны хонь, 31 тооны ямаагаа 2021 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд амьдаар буцааж өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд маллагааны буруутай байдлаас үхэж хорогдуулсаар байгаад 88 тооны хонь төлөх болсон. Тэгээд уг 88 тооны хонь төлөх талаар малчин Цтай 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрээ хийсэн. ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй учир нь Ц надтай гэрээ байгуулан манай малчнаар ажиллан хохирлыг минь барагдуулж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 24/

 

Гэрч У.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр 2017 оноос эхлэн Ц гэх хүнээр малаа харуулж, маллуулж байгаа юм. Би цалин хөлс, данс тооцоог хийдэг байсан. Цтай 2018 оны 04 дүгээр сарын 12-ноос 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 350,000 төгрөгний хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ХААН банкны 54202180... тоот дансанд цалинг олгож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

 

Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн 54210262... тоот дансаар 54202180... тоот дансанд хонь-87 кг гэх гүйлгээний утгатай 597,000 төгрөг, мөн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хонь-136 кг гэх гүйлгээний утгатай 760,000 төгрөг, мөн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр адуу-123 кг, үхэр 140 кг, үхэр 131 кг гэх гүйлгээний утгатай 1,851,000 төгрөг шилжүүлсэн. ...Хонь худалдан авахад гарал үүслийн бичиг авчирч өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

 

Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн дансаа шалгаж үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн 50991175.... тоот дансаар 54202180.... тоот дансанд гүйлгээний утга дээр хонь гээд 270,000 төгрөг, мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гүйлгээний утга дээр хонь гээд 300,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гүйлгээний утга дээр хонь гээд 138,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гүйлгээний утга дээр ямаа гээд 512,000 төгрөг шилжүүлсэн байна. Хонь худалдан авахад гарал үүслийн бичиг авчирч өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

 

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Манай дэлгүүрт нэг хүн орж ирээд хонины мах авах уу гэхэд нь авъя гээд нэг хонины мах худалдаж аваад 120,000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

 

Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сард Ц над руу яриад гэр орноо шатаагаад мөнгө төгрөг байхгүй байна. Хурга, төлөг зарах гэсэн юм, авч байгаа хүн байна уу гэж хэлсэн. Тэгэхэд нь би Г гэдэг хүний ....4343 гэсэн дугаарыг өгөөд энэ хүн авч магадгүй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны намар 11 дүгээр сард Г над руу утсаар яриад Цаас очоод хургыг маань аваад өөрийнхөө мал дээр байлгаж байгаач гэж гуйсан юм. Тэгээд би Цаас 30 тооны хурга авч өөрийнхөө хонинд авчирч тавьсан. Би имийг нь мэдэхгүй байна. Гантөмөр намайг 30 хургаа шар вилк хийгээрэй гэхэд нь шар вилк зүүгээд орхисон байгаа. Өөр мал Цаас аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/

 

            Цын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 7 тооны хонийг 2019-2020 оны хооронд Б.Б-ын малыг маллах хугацаандаа өөрөө идшиндээ хэрэглэсэн бөгөөд 31 тооны ямааг зарж борлуулан өөрийн өртэй байсан хүмүүстээ олсон мөнгөө өгсөн юм. 31 тооны ямааг салгаж зарахдаа 2, 3 тоогоор нь зарж борлуулж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/

 

            - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 14, 16/

            - Хохирлын үнэлгээ /хх-ийн 25-27/

            - Гэрч Б.С-ийн мэдүүлэг /хх-ийн 40-41/

            - Гэрч Ц.О-ийн мэдүүлэг /хх-ийн 49/

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/

            -  Шүүгдэгч Цын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 62-68/

            - Иргэн Т.Э-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 70-92/

            - Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого /хх-ийн 93/

            - Мал эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 94/

            - Ж.Э-од зарсан хургыг шалгасан зургийн үзүүлэлт /хх-ийн 96-99/

            - Мал дутаасан төлбөр барагдуулах тухай гэрээ /хх-ийн 100/

            - Малчин хөлсөөр ажиллуулах гэрээ /хх-ийн 101-102/

            - Баянтүмэн сумын үнэлгээний комиссын малын үнэлгээ /103-104/

            - Хөлсөөр ажиллуулах гэрээ /хх-ийн 105-107/

            - Цаас мал мах худалдан авсан талаарх гар бүртгэлийн дэвтрийн хуулбарууд /хх-ийн 108-112/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Цт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ................ овогт Ц нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 7 тооны хонь, 31 тооны ямааг завшиж 4,010,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б, гэрч Ү.А, Д.М, Д.М, Д.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Цын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дорнод аймгийн Баянтүмэн сумын эд зүйлийн үнэлгээний комиссын гаргасан эд зүйлийн үнэлгээ, хөлсөөр ажиллуулах гэрээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Ц нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Цыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Цыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм  буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Цын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хувийн байдал, хохирогчийн “Ц нь хохирлоо төлж барагдуулсан, одоо манай малыг үргэлжлүүлэн маллаж байгаа тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг зэргийг харгалзан үзэж .................... овогт Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмжүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд уг хуулийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа ялаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заажээ. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболдын “...шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул 2021 оны  Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах  боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Цыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн бөгөөд  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т  “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ...7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ... гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус заасантай нийцэж байх тул тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

   Шүүгдэгч Цын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т 4,010,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь  мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Цын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргахыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................ овогт Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Цын хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай. 

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА