Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сот-2 дугаар байр, 39 тоот хаягт оршин суух, Баарин овогт Бат-Өлзийгийн Болдбаатар /РД:ЧЕ62101771/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 1 дүгээр баг, Лхүмбэ бригадад оршин суух, Боржигон овогт Болдын Баясгалан /РД:ЧО81060577/, 

Хариуцагч: Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, 1 дүгээр баг, Лхүмбэ бригадад бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, Үйлдвэрчний  төвийн бүс, 5 дугаар байр, 22 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Дэмбэрэлийн Хулан /РД:НВ86031528/ нарт холбогдох

            1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Болдбаатар, хариуцагч Д.Хулан, хариуцагч Б.Баясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Болдбаатар миний бие 2016 оны 8 дугаар сард иргэн Б.Баясгалан, Д.Хулан нараас сартай хээр, 50 хувийн эрлийз, хурдан удмын унагыг худалдан авахаар тохиролцож, 2016 оны 8 дугаар сардаа унагыг очиж үзэж тохиролцсон. Б.Болдбаатар миний бие 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр унаганы урьчилгаа болгож Д.Хулангийн 5026355936 тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Б.Баясгалан болон Д.Хулан нар нь тохиролцсноос өөр /саргүй, монгол/ унагыг 2016 оны 11 дүгээр сард замын унаагаар өгч явуулсан байсан. Би саргүй, хурдан удмын биш, монгол унагыг хүлээн авахгүй талаараа Д.Хулан, Б.Баясгалан нарт хэлсэн. Миний бие Д.Хулан, Б.Баясгалан нар луу олон удаа утсаар залгасан боловч утсаа аваагүй. Иймд миний бие “...та нарыг хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ...” гэдгийг утасаар хэлэхэд, Д.Хулан, Б.Баясгалан нар нь над руу утсаар залгаж “...би унагыг сольсон үнэн, удахгүй очиж буцааж авна, авсан мөнгөө буцааж төлнө, хохирлыг чинь ч төлнө...” гэсэн. 2017 оны 3 дугаар сард тус унагыг сольсоныг хүлээн зөвшөөрч монгол унагаа ирж буцааж авсан. Б.Баясгалан, Д.Хулан нар нь харилцан тохиролцсон унагыг надад шилжүүлэн өгөөгүйн улмаас би 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд саргүй, монгол унагыг тэжээсэн. Зөвхөн өвс, тэжээлийн зардалд 800,000 төгрөг гарсан. Надад их хэмжээний хохирол учирсан. Иймд Д.Хулан, Б.Баясгалан нараас унаганы урьчилгаанд шилжүүлсэн 1,000,000 төгрөг, тэжээлийн зардалд 800,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр миний данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаж, 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Д.Хулан, Б.Баясгалан нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 800,000 төгрөгийг төлөх боломжгүй. Манай нөхөр унаганд 11 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал тооцоолж үзвэл 400,000 төгрөгийн зардал гардаг гэсэн. Нэхэмжлэгч өдөр болгон тэжээл идэж байсан гэж байна. Б.Болдбаатараас унагаа авах үед манай унага таргалаагүй тэжээл идэж мэдэхгүй байдалтай ирсэн. Анх зүсэлсэн унага нь сахуу өвчин туссан болохоор хоосон байхаар гээд оронд нь өөр унага өгч явуулсан юм. Хэсэг хугацааны дараа үнэн байдлыг хэлэх гэхэд элдвээр хэлж дарамталсан тул утсаа авахаа байсан. Унагаа тийм байдалтай хүлээж авсан тул 800,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Анх шилжүүлж байсан 1,000,000 төгрөгийг мөнгөний боломжгүй байсан тул сүүлд шилжүүлсэн. Барагцаагаар бодоход 1 шуудай тэжээл нэг унаганд сар болдог. Унага чинь үхэх гээд байна гэсэн болохоор унагаа буцааж авсан. Д.Хулан, Б.Баясгалан бид Б.Болдбаатарын нэхэмжилсэн 1,800,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлсөн байгаа. Харин үлдсэн 800,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь тэжээсэн гээд байгаа даага нь тэжээгдээгүй, тураалдаа орсон байсныг бид буцааж авч эм тариа хийж, өвс тэжээл авч өгөн тэнхэрүүлсэн. Иймд бидний асуудлыг үнэн зөвшөөр шийдэж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь хариуцагч Б.Баясгалан, Д.Хулан нарт холбогдуулан 1,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

            Хэргийг шүүх хуралдаанаад хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь “ хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасгаж, 800,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

            Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь хариуцагч Б.Баясгалан, Д.Хулан нартай 2016 оны 08 дугаар сард сартай хээр зүсмийн, 50 хувийн эрлийз, хурдан удмын унагыг 2,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон Голомт банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар тогтоогдож байна /хх-ийн 4 тал/.

            Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь нэхэмжлэгчид сартай хээр зүсмийн, 50 хувийн эрлийз, хурдан удмын унагыг шилжүүлэн өгөх үүргийг, нэхэмжлэгч нь хариуцагч нарт 2,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байх ба талуудын эрх, үүрэг, гэрээний шинж зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  худалдах худалдан авах гэрээгээр  худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэжээ.

            Хариуцагч  Б.Баясгалан, Д.Хулан нь нар нь гэрээгээр тохиролцсон “сартай хээр зүсмийн, 50 хувийн эрлийз, хурдан удмын унага”-ыг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ зөрчин өөр унагыг Б.Болдбаатарт хүргүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нарыг биет байдлын доголдолтой зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзнэ.

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн  бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол  нөгөө тал  гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сард унагыг хүлээн авахаар очиход унага солигдсон байсан тул энэ унагыг хүлээн авахгүй гэдгээ хариуцагч Б.Баясгалан Д.Хулан нарт хэлэхэд “ унагыг сольсон нь үнэн, удахгүй унагыг очиж авна, авсан мөнгөө буцааж төлнө” гэсэн гэх тайлбарыг хариуцагч нар нь үгүйсгэхгүй байх ба 2017 оны 03 дугаар сард солигдож ирсэн унагыг ирж буцаан авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах саналыг хариуцагч нар хүлээн авч, худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн доголдолтой унагыг буцаан авсан байна.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь уг унагыг хариуцагч нар ирж авах хүртэл хугацаанд түүний өвс тэжээлд зарцуулсан  зардалд 800,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч “...Манай нөхөр унаганд 11 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал тооцоолж үзвэл 400,000 төгрөгийн зардал гардаг гэсэн. Нэхэмжлэгч өдөр болгон тэжээл идэж байсан гэж байна тэжээсэн гээд байгаа даага нь тэжээгдээгүй, тураалдаа орсон байсныг бид буцааж авч эм тариа хийж, өвс тэжээл авч өгөн тэнхэрүүлсэн...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага бол татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарыг хүртэл унагыг бэлчээрт яваагүй, тэжээсэн тул өвс тэжээлийн зардалд нийт 855,000 төгрөгийг зарцуулсан боловч хариуцагч нараас 800,000 төгрөгийг нэхэмжилж, түүнийг нотлохоор зарлагын баримт /хх-ийн 3 тал/-ыг ирүүлсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байхын зэрэгцээ 2016 оны 11 дүгээр сараас 2017 оын 3 дугаар сарыг хүртэл унагыг бэлчээрт яваагүй, тэжээсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Баясгалан, Д.Хулан нараас 800,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Болдбаатар олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баясгалан, Д.Хулан нараас 800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Болдбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баясгалан, Д.Хулан нараас улсын тэмдэгтийн хураамжид 23,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ                          Х.ЭНХЗАЯА