Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/685

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч В.Батдэлгэр /томилолтоор/,   

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:      

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Б-ны  М-д холбогдох эрүүгийн 2105000001226 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... оны ............ дүгээр сарын ...........-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ........... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .............. хамт, Баянзүрх дүүрэг, ............ хороо, ..............оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүрэг .......... хороо Сувдан сондор хотхоны .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Б-ны  М /РД:.......................... 

 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.М нь “2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амур” зочид буудлын 311 тоот өрөөнд хохирогч Б.О толгой хэсэгт гараараа цохиж биед хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр нүдний алимны салст, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.М нь “2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амур” зочид буудлын 311 тоот өрөөнд хохирогч Б.О толгой хэсэгт гараараа цохиж биед хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр нүдний алимны салст, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:   

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.О өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Амур зочид буудлын 311 тоот өрөөнд найз охин Саранзаяагийн хамт хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр таньдаг ах Б.М фэйсбүүкээр холбогдоод хаана байгаа юм уулзъя гэсэн юм. Тэгэхээр нь би “Амур” зочид буудалд байна гэж хэлсэн. Ингээд М нь 17 цагийн орчимд миний байсан буудалд ирсэн ба хоёулаа жоохон ууя гээд, буцаж гараад дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй 2 пиво аваад орж ирсэн, тэрийгээ уучхаад 2 цагийн дараа дахин дэлгүүрээс 2.5 литрийн пиво авч уусан, тэгээд юм ярьж сууж байсан юм. Юуны тухай ярьсан гэхээр намайг 18 нас хүрч байхад миний дансанд 8.000.000 төгрөг байсан ба тэр үед М намайг дагуулж яваад ер нь бид хоёр тэр мөнгийг үрж дуусгасан ба надаас мөнгө төгрөг зээлдэг байсан юм. Тэгээд би уучихсан байхдаа тэр талаар яриад надад нэг ч төгрөг буцааж өгөөгүй талаар хэлэхэд миний өөдөөс хараад сууж байсан ба шууд босож ирээд баруун гараараа миний нүүр лүү цохиод авсан, би буйдан дээр сууж байсан тэгээд үргэлжлүүлээд миний дээр гарч суугаад олон удаа миний нүүр толгой хэсэг рүү цохиод байсан. Би “ахаа болиоч ээ” гэж зөндөө хэлсэн ч тоохгүй зодоод байсан, тэгээд би буйдан дээрээс хажуу тийшээ зодуулаад унахад дээрээс хөлөөрөө дэвссэн. Тэгээд байж байтал буудлын хамгаалагч гаднаас хаалга онгойлгоод ороод ирсэн чинь шууд хажуугаар нь зөрөөд гүйгээд гараад зугтчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Х өгсөн: “...Отгонтөгс нь манай найзтай үерхдэг байсан юм, тэр утгаараа таньдаг болсон. Тухайн өдрийн он cap өдрөө одоо сайн санахгүй байна. Цайз-д явж байгаад Отгонтөгстэй тааралдаад тэгээд Модны 2-т манай найз охин дуудаад байна гээд бид хоёр хамт очихоор болоод очсон. Тэнд очоод байж байхад дараа нь М гэх ах нь ирсэн. Тэгээд бид нар дэлгүүрээс пиво авч ууцгаасан ба Отгонтөгс М нар нь сүүлдээ согтоод хоорондоо маргалдаж эхэлсэн. Шалтгаан нь гэвэл миний дүү шиг байж чадсангүй, чи миний ах шиг байж чадсангүй гэх мэт зүйл яриад маргалдаж эхэлсэн. М маргалдаж байгаад Отгонтөгсийг цааш нь түлхээд дээр нь гарч байгаад гараараа нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгээд буудлын хамгаалагч нар орж ирээд болиулсан, тэгээд удахгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 61-63/,    

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.С  өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Амур” зочид буудлын 314 тоот өрөөнд байсан ба тухайн үед манай найз залуу Отгонтөгс, Хүслэн болон Мөнх- Эрдэнэ нарын хамт 4-лээ хамт байсан. Тэр гурав нийлээд 4 том 2.5 литрийн пиво 8 ширхэг шилтэй пиво ууцгаасан ба тэд нар хоорондоо юм яриад сууцгааж байсан би орон дээр зурагт үзээд хэвтэж байхад миний интернетээр захиалсан бараа ирчихлээ гэж над руу утастахаар нь би гарсан бөгөөд гадаа бараагаа авах гээд зогсож байсан чинь буудлын ресепшин нь над руу залгаад танай өрөөнд зодоон болоод байна гэж хэсэн. Тэгээд би бараагаа авчхаад буцаад буудал руу яваад орсон чинь Отгонтөгс зодуулчихсан 2 нүд нь хөхрөөд хавдсан байсан юу болсон талаар асуухад М миний 2 гарыг өвдөглөөд дээр нь сууж байгаад баахан зодож, зодож байгаад яваад өглөө гэж хэлсэн, намайг ороход М байхгүй гараад явчихсан, Хүслэн гэх эмэгтэй Отгонтөгс хоёр л байсан. Хүслэнгээс юу болсон гэж асуухад зүгээр сууж байгаад хоорондоо муудалцчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,    

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 08- ны өдрийн 8234 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “1. Б.О биед хоёр нүдний дээд, доод зовхи, хоёр нүдний алимны салст, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг сэртэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.М   өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Амур" зочид буудалд хуурай дүү Отгонтөгс намайг дуудаад байхаар нь би тэр өдөр очсон, намайг очих үед Отгонтөгс түүний найз охин Саранзаяа мөн Хүслэн гэх охинтой З-лаа байсан. Тэгээд бид нар Сэнгүр нэртэй 2.5 литрийн 2 том пиво хувааж уусан, удаагүй Отгонтөгс согтчихоод над руу агсраад элдэв зүйл яриад хэл амаар доромжлоод над руу дайраад байхаар нь миний уур хүрээд хэдэн удаа гараараа хацар нүүр хэсэг рүү нь алгадсан, тэгэхэд Отгонтөгс миний хоолой амыг боогоод ардаас тэнд байсан эмэгтэй бас намайг зуураад байсан, удаагүй хамгаалагч нар гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан би гадагшаа гарч цагдаад агсан тавиад байна гэх дуудлага өгсөн. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Би гараараа хэдэн удаа алгадсан. Отгонтөгстэй уулзаж эмчилгээний эм тос аваарай гээд хохирол мөнгийг нь барагдуулсан байгаа, одоо бид хоёр хэвийн харилцаатай, хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,     

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.М-ийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/,

- байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 46/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Б.М-ийг   700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг   700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт Б-ны  Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг   700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ