Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1582

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-6-64/а тоотод оршин суух, Ламын гэгээн овогт Нацагын Ганчимэг /ЧО65052301/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 64-39 тоотод оршин суух, Боржигон овогт Ганболдын Батболд /РД:ТА85051570/-д холбогдох

            880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ганчимэг, хариуцагч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Батболдтой амаар тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 22 хоног Алтай констракшны харъяа Саруул хорооллын С1,С2 барилгын дундах машины гараашийн 1800 м.кв талбай дээр ажилласан. Энэ хугацаанд үндсэн болон туслах дам нуруу 200 ш 1, 2 дугаар үеийн хучилтыг бүрэн гүйцэт стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэсэн. Мөн кран хүрэхгүйн улмаас 10 гаруй боодол төмрийг бүх ажилчид гараар зөөж ажлын хүнд нөхцөлд ажилласан. Үүнээс хойш 2 жил болох гэж байна. Одоо хүртэл бид цалингаа аваагүй бөгөөд Г.Батболд нь утсаа сольж алга болсон. Иймд 880,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв. 

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Алтай хотхоны харъяа Саруул хотхоны с1, с2 байрны гараашийн талбай дээр барилгын ажил 22 хоног хийсэн бөгөөд одоог хүртэл ажлын хөлсөнд нэг ч төгрөг аваагүй байна. Ажиллаж байх үед унааны мөнгө гэж 1000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгч байгаагүй. Анх Ерта гэх Казак хүнтэй барилга дээр ажиллах гэрээ байгуулж өдрийн 40,000 төгрөгөөр 14 хоног ажиллахаар тохирсон боловч 22 хоног ажиллаж ажлаа дууссан. Иймээс ажлын хөлсөнд 880,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв. Одоо Ерта гэх хүн хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Тухайн үед Г.Батболд нь тэр ажлыг хариуцан хийлгүүлж байсан учраас Г.Батболдоос нэхэмжилж байна гэв.

            Хариуцагч Г.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Би 2015 оны 9 дүгээр сард Алтай констракшнаас барилга хоорондын гараашийн карказ цутгалтын ажлыг авсан. Тухайн үед гараашийн цутгалтийн ажил хийлгэхээр зар өгөхөд уг зарын дагуу н.Эрка буюу н.Эрдэнэчулуун гэх хүн ирж уулзсэн. Уулзаад ажил хийх 15-25 хүн байна гэж хэлж ирсэн. Ингээд тухайн хүмүүсээр ажил хийлгэж 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хавьцаа ажил дууссан байх. Ажлыг 14 хоног хийх ёстой байсан. Ингээд Эркад 9,000,000 төгрөг төлье гэж тохирсон юм. н.Эрка нь ажилчдад урьдчилгаа өгөх хэрэгтэй байна гэсэн. Иймээс ажлын явцад ажилд хэрэглэгдэх материалыг нь авч өгсөн бөгөөд нийт 4,298,000 төгрөг урьдчилгаа цалин гэж н.Эркад өгсөн. Ажил дууссанаас 2 хоногийн дараа тэдгээр хүмүүсийн үлдэгдэл цалинд 3,500,000 төгрөг өгсөн. Би ажилчдад өөрсдөд нь “...н.Эрка нь оршин суух тодорхой хаяггүй юм байна лээ. Та нар энэ тухай мэдэж байгаа юу. н.Эркад мөнгө өгөх өдрөө би та нарт хэлье” гэсэн юм.  3,500,000 төгрөгийг Мишээл экспогийн хажууд н.Эркад өгсөн. Өгсөн даруйдаа нэг ажилтанруу ярьж “...н.Эрка мөнгө аваад явлаа. Цалингаа аваарай” гэж хэлсэн. Би Н.Ганчимэгтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул 880,000 төгрөг өгөх үндэслэлгүй гэв.

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ганчимэг нь хариуцагч Г.Батболдод холбогдуулан 880,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Батболдтой амаар тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 22 хоног Алтай констракшны харъяа Саруул хорооллын С1,С2 барилгын дундах машины гараашийн 1800 м.кв талбай дээр ажилласан ажлын хөлс гэж 880,000 төгрөгийг нэхэмжилсэн бол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Сонин дээр гарсан зарын дагуу Ерта гэх казах залуутай уулзан аман гэрээ байгуулж 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 22 хоног Алтай констракшны харъяа Саруул хорооллын С1,С2 барилгын дундах машины гараашийн 1800 м.кв талбай дээр ажилласан. Тухайн үед Батболд нь уг ажлын талбай дээр байдаг байсан. Ерта гэх залуу хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул Г.Батболдоос ажлын хөлс болох 880,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байна. 

Хариуцагч Г.Батболд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... иргэн Н.Ганчимэгтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй, миний бие 2014 оны 9 дүгээр сарын дундуур Алтай констракшны краказ болон гараашийн угсралтын ажил авсан. Уг ажлыг бригадаар гүйцэтгэх хүн хайж сонинд зар гаргасны дагуу Эрка буюу Эрдэнэчулуун гэх залуу ирж уулзан гэрээ байгуулж, өөрийн бригадын хүмүүсээ ажиллуулсан. Би Эрдэнэчулуунд тохирсон ажлын хөлсөө өгсөн. Эрдэнэчулуун нь ажилчиддаа хөлсийг нь өгөхгүй алга болсон болохоор надаас нэхэх болсон... гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага бол татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин шүүхэд гаргасан шаардлага, татгалзлаа нотлох ямар нэгэн бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болох тул шүүх зохигчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Н.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлага нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэг шаардсан агуулгатай байх ба Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт  заасан хөлсөөр ажиллах гэрээгээр  ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь Алтай констракшны харъяа Саруул хорооллын С1,С2 барилгын дундах машины гараашийн 1800 м.кв талбай дээр ажиллах гэрээг Ерта гэх казак залуутай хийсэн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь Ерта гэх хүнтэй Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан байх тул ажлыг хөлс төлөх үүрэг нь Ерта гэгчид үүссэн байна.

Харин Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Н.Ганчимэг, хариуцагч Г.Батболд нарын хооронд Алтай констракшны харъяа Саруул хорооллын С1,С2 барилгын дундах машины гараашийн 1800 м.кв талбай дээр ажиллах талаар ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Иймд нэхэмжлэгч Н.Ганчимэг нь хариуцагч Г.Батболдоос хөлсөөр ажиллах гэрээний үүрэг шаардах эрхгүй байх тул хариуцагч Г.Батболдоос 880,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Ганчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Батболдоос 880,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч  Н.Ганчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээрсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА