Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1630

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан, Гэгээнтэн хотхон 202 байр 2 давхарт 202 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Эм Эй Эф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 22/А-80 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Өнчөөвүүд” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68-33 тоотод оршин суух, Зээрднүүд овогт Ганбатын Гантуяа /РД:ХН85042424/ нарт холбогдох, 

33,119,697 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатарцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа: “Өнчөөвүүд” ХХК /РД:5532817/, Г.Гантуяа /РД:ХН85042424/  нар нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Эм Эй Эф” Банк бус санхүүгийн байгууллагаас №15040096 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, зээлийн гэрээний хавсралт 1-н дагуу төлөх нөхцлөөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон Г.Гантуяа /РД: ХН85042424/-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 19-рхороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 68 байр, 33 тоот хаягт байршилтай 34,75 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай Ү-2205011342 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан №15040096-1 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан, УБЕГ-т барьцааны гэрээг бүртгүүлэн зээл авсан. Гэтэл зээлдэгч “Өнчөөвүүд” ХХК, Г.Гантуяа нь авсан зээлээ зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчин биднийг хохироож байна.  Иймд үндсэн зээл 25,876,707 төгрөг, хүү 6,302,139 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 925,351 төгрөг, нотариатын төлбөр 15,500  төгрөг, нийт 33,119,697 төгрөгийг “Өнчөөвүүд” ХХК, Г.Гантуяа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад              

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК нь хариуцагч “Өнчөөвүүд” ХХК болон иргэн Г.Гантуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,119,697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Шүүхээс хариуцагч “Өнчөөвүүд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал болон хариуцагч Г.Гантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа нарт шүүх хуралдааны товыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-д Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооноос 2014 онд банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байна /хх-4 тал/.

Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 15040096 дугаартай “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, 30,000,000 төгрөгийг, 18 сарын хугацаатайгаар, сарын 3,6 хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15040096-01 дугаартай барьцааны гэрээг Г.Гантуяа нь “Эм эй эф ББСБ” ХХК-тай байгуулан, Г.Гантуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 68-33 тоот 34,75 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, барьцааны зүйлийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна /хх-ийн 5-14 тал/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд “Эм Эй Эф ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 452.3 дахь хэсэгт зааснаар  “Өнчөөвүүд” ХХК болон Г.Гантуяа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг  тус тус шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 18 сар буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл байх ба хариуцагч нар нь энэ хугацаанд үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамт төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүснэ.

Хариуцагч Г.Гантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяад 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, хариуцагч “Өнчөөвүүд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргалд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбараа ирүүлээгүй байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.

Иймд хариуцагч “Өнчөөвүүд” ХХК болон Г.Гантуяа нараас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 25,876,707 төгрөг, зээлийн хүүнд 6,302,139 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 925,351, нотариатын зардалд 15,500 төгрөг нийт 33,119,697 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Эм Эй ЭФ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                             ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Өнчөөвүүд” ХХК болон Г.Гантуяа  нараас зээлийн гэрээний үүрэгт 33,119,697 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эм Эй ЭФ ББСБ” ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эм Эй ЭФ ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Өнчөөвүүд” ХХК болон Г.Гантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 323,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эм Эй Эф ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА