| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01107/И |
| Дугаар | 1637 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 1637
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан хот, 17 дугаар баг, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 7-24 тоотод оршин суух, Борожигин овогт Жигдэнгийн Сонинчимэг /РД:ТЕ68061401/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 39-57 тоотод оршин суух, Дэлгэрхишиг овогт Цэдэндоржийн Хуяг /РД:ТА63022405/-т холбогдох,
14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Сонинчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагч Ц.Хуяг, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сонинчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Сонинчимэг нь 2012 оноос 2016 онд Ч.Батчулуунтай хамтран амьдарч ирсэн. Ч.Батчулуун нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан. Талийгаач маань хуучин эхнэр болох Ц.Хуягтай ярилцаж байгаад өөрийн байр болох Дархан сумын 17-р баг 21-р хороолол 7-р байр 24 тоот 2 өрөө орон сууцаа Дархан-Уул аймгийн Дархан салбарын Худалдаа хөгжлийн банкинд тавьж 15,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Худалдаа хөгжлийн банкнаас сар бүр зээлээ төл гэдэг шаардлага тавьж байсан учраас Ж.Сонинчимэг миний Дархан 8-р баг, Дэвшил 2-5 тоот хаягт орших 505 м кв талбай бүхий газрыг 1,000,000 төгрөгөөр зарж, “Хонда стриим” маркийн 8182 ДАР улсын дугаартай авто машиныг авто ломбарданд 500,000 төгрөгөөр тавьж миний цалин орлого нийлээд 5,500,000 төгрөгийг Ч.Батчулууны нэр дээрх зээлэнд тушаасан. Энэ үед талийгаач маань тодорхой эрхэлсэн ажилгүй цалин орлогогүй байсан юм. Дараа нь Ч.Батчулуун бид хоёр цаашдаа хамтран нэг дороо амьдръя гэсэн бодлоор Ж.Сонинчимэг миний өмчлөлд байдаг, Дархан сум 8-р баг Дэвшилийн 2-5 тоот хаягт байрлах 1555 м.кв газрыг 5,000,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 45,0-65,0 м кв зоорь, сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 3,500,000 төгрөгөөр нийт 8,500,000 төгрөгөөр зарж Ч.Батчулуун, Ц.Хуяг нарын зээлийн үлдэгдлийг 2015 оны 11 дүгээр сард төлж барагдуулсан. Энэ нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай хийсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, 2015 оны 11 дүгээр сард хийсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нотлогддог. Дээрх хүмүүсийн авсан зээлийн төлбөрт хашаа байшин, газраа зараад нийт 14,000,000 төгрөг надаас гарсан. Одоо би орох оронгүй охиныдоо амьдарч байна. Иймд Ц.Хуягаас 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Хуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Батчулуун бид хоёр гэр бүл бөгөөд 24 жил хамт амьдраад 2012 оноос салж тусдаа амьдарцгаасан. Энэ онуудад талийгаач н.Батчулуун нь энэ эмэгтэйтэй хамт амьдарчээ гэдгийг нэхэмжлэлээс мэдлээ. Миний хувьд тэдгээрийн банкнаас авсан зээл өр төлбөр, тооцооны асуудал нь ямарч хамаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ж.Сонинчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ албан ёсны хаягаа бичсэн байр нь талийгаач бид хоёрын дундын хөрөнгөөр СОТ-1 трестээс шагналд надад өгч байсан байр. Гэтэл одоо энэ хүүхэн тэр байранд маань байгаа юм байна. Энэ бол миний байр. Ж.Сонинчимэг гэдэг хүүхэн миний нөхрийг надаас салгаж хамтран амьдарч байгаад нас барсан хойно нь өөрсдийн өр зээлээ надаар төлүүлэх гэж байгаа нь ямарч үндэслэлгүй тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгч нөхөр болох Ч.Батчулуунтай 1987 онд гэр бүл болж 29 жил хамт амьдарсан. Бидний дундаас 2 хүү төрсөн. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр талийгч нас барсан. 2016 оны 5 дугаар сард Худалдаа Хөгжлийн Банкнаас авсан зээлийг төлж дуусгасан. Түүнээс хойш энэ зээлийн талаар ийм зүйл яригдана гэж бодоогүй. Ч.Батчулуун бид хоёр амьдралдаа сална гэж ярьж үзээгүй. Манай 2 хүүхэд Улаанбаатар хотод оюутан байсан учир би 2 хүүхдээ харах шаардлагаар Улаанбаатар хотод байдаг байсан. Тухайн үед Ж.Сонинчимэг гэх хүн бизнес хамт хийе гэж талийгчид хэлсэн байсан. Би нөхрөөсөө асуухад нь хамтарч ажиллаж байгаа гэсэн. Манай нөхөр 2012 онд банкнаас зээл авч компанийн үйл ажиллагааг сайжруулмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би “...чи өөрөө зохицуул” гэсэн. Тэгээд зээл авахаар хөөцөлдөхөд батлан даагч хэрэгтэй гэж байна гэж надаас асуусан. Би чиний компанийн үйл ажиллагаанд оролцохгүй гэж хэлсэн. Ингээд гуйгаад байхаар нь “сар болгон хариуцлагатай төлж өөрөө хариуцаад явна гэвэл болж байна” гэсэн. Ингээд 2012 оны 5 дугаар сарын эхээр батлан даагчаар гарын үсэг зурсан. Зээлээ авсан гэж надад хэлсэн. Би тухайн зээлийг хэзээ хэдэн төгрөг орж юунд зарцуулагдсаныг мэдэхгүй. Би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Уг зээл нь бизнесийн зээл гэж байсан боловч сүүлд дансны хуулгаас харахад хувийн дансанд орсон байсан. Хэрэв Ж.Сонинчимэг нь үнэхээр манай нөхрийн хамтран амьдрагч байсан бол банкнаас зээлж авсан мөнгийг энэ хүн авсан байж таарна. Мөн энэ мөнгө юунд зарцуулагдсан гэдгийг нь мэдэх ёстой. Миний ойлгосноор Ж.Сонинчимэг нь нөхрөөр минь зээл авахуулж хэрэглэсэн гэж бодож байна. Манай нөхөр тийм их мөнгийг юунд зарцуулсан гэдгийг ойлгохгүй байна. Би банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацаанд 11,518,000 төгрөгийг нөхрийнхөө өмнөөс төлсөн. Баримтыг хэрэгт хавсаргасан. Би батлан даагч хэрнээ зээлийн эргэн төлөлтөөс төлсөн. Мөн зээл авахаас өмнө дэмжлэг үзүүлж байна гэж 15,000,000 төгрөг өгсөн. Би 2015 оны 6 дугаар сард хамгийн сүүлд зээлийн эргэн төлөлт төлсөн. Түүнээс хойш өөрөө төл гэж хэлсэн. Ингээд байж байтал 10 сарын эхээр надруу залгасан. Надад “... би Ж.Сонинчимэгээс авлагатай. Тэр мөнгийг аваад зээлээ төлөөд дуусгана санаа зоволтгүй” гэж хэлдэг байсан. Энэ 2 хоорондоо ямар тохиролцоо хийснийг би мэдэхгүй.Түүнээс хойш би зээлээ хаасан байх гэж ойлгож байсан. Гэтэл 2016 оны 5 дугаар сард 1,300,000 төгрөг дутуу байгаа тухай хэлсэн. Тэгээд би түүнийг төлсөн. Энэ баримтыг мөн хавсаргасан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сонинчимэг нь хариуцагч Ц.Хуягт холбогдуулан 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Сонинчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...өөрийн хамтран амьдрагч Ч.Батчулуун нь өмнөх эхнэр болох Ц.Хуягтай хамтран Дархан Уул аймагт байрлах Ч.Батчулууны өмчлөлийн орон сууцыг барьцаалан хүүхдээ Япон явуулах зорилгоор Дархан Уул аймгийн Худалдаа хөгжлийн банкнаас 15,000,000 төгрөг зээлсэн, ...уг зээлийн төлбөрт өөрийн хашаа байшин, газраа зарсан мөнгө болон цалингаасаа нийт 14,000,000 төгрөгийг төлсөн..., Ч.Батчулуунтай ярьж барьцаанд тавьсан байрыг барьцаанаас чөлөөлсний дараа хамтран өмчлөгчөөр бүртгүүлнэ гэж тохиролцсон байсан” гэж тайлбарлаж байх ба шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлаж байна.
Хариуцагч Ц.Хуяг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ “...нөхөр Ч.Батчулуун нь компанийнхаа үйл ажиллагаанд зарцуулмаар байна гээд зээл авсан, зээлийн гэрээнд миний бие батлан даагчийн хувиар гарын үсэг зурсан. Уг зээлсэн мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Зээлийн мөнгө манай нөхрийн дансруу орсон...Банк зээлээ төлөөч гээд утасддаг байсан болохоор миний бие уг зээлийн төлбөрт нийт 11,518,000 төгрөгний эргэн төлөлт хийсэн...Ч.Батчулууныг нэхэмжлэгч Ж.Сонинчимэгтэй хамтран ажилладаг гэж ойлгож байсан...” гэж тайлбарлаж байна.
Ч.Батчулуун болон Ц.Хуяг нар нь 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсныг 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн, Ч.Батчулуун нь 53 настайдаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан болох нь гэрлэлтийн гэрчилгээ болон нас баралтын 0000181313 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
Ч.Батчулуун, Ц.Хуяг нар нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай ЗГ-BCC2014043005-1 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 1,90 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан байх ба уг зээлийн гэрээгээр зээлсэн 15,000,000 төгрөг нь Ч.Батчулууны Худалдаа хөгжлийн банкин дахь 403138715 тоот дансанд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжиж орсон болох нь зээлийн гэрээ болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага бол татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь Ч.Батчулуун болон Ц.Хуяг нарын зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкинд төлсөн гэдгээ нотлохоор 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай байгуулсан ЗГ-BCC2014043005-2-Н2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр С.Ренчинхандтай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 31-ны өдөр “Энхжин инвест” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Д.Дэлгэрмаатай байгуулсан “Газар худалдах худалдан авах” гэрээ зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна /хх-ийн 6-13 тал/.
Нэхэмжлэгч Ж.Сонинчимэгийн 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай ЗГ-BCC2014043005-2-Н2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ээр: ...Ч.Батчулуун, Ц.Хуяг нарын зээлсэн зээлийн үлдэгдэл болох нийт 7,025,512.53 төгрөгийн үүргийг хангуулахаар 000193056 тоот гэрчилгээний дугаар бүхий ,08012918 нэгж талбарын дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, Дэвшил 2-5 тоот хаягт байрлах 1555,0 м2 газрыг банкын өмчлөлд шилжүүлсэн байна.
Харин 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр С.Ренчинхандтай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 31-ны өдөр “Энхжин инвест” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Д.Дэлгэрмаатай байгуулсан “Газар худалдах худалдан авах” гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгийг Ч.Батчулуун болон Ц.Хуяг нарын зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх баримт байхгүй байна.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан “хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Сонинчимэгийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан “...Би Ч.Батчулуунтай ярилцаад өөрийн хашаа байшингаар зээлийн төлбөрийг төлж, барьцааны орон сууцыг чөлөөлөөд, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр тохиролцсон...” гэх тайлбараас үзвэл түүнийг Ч.Батчулуун болон Ц.Хуяг нарын зээлийн төлбөрийг сайн дураар эсвэл андуурч төлсөн гэж үзэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл уг зээлийн төлбөрт өөрийн хашаа байшинг шилжүүлэхдээ зээлдэгч Ч.Батчулуунтай тохиролцож барьцааны зүйлийг чөлөөлөөд түүнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх зорилготой байсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Сонинчимэг нь Ч.Батчулуун, Ц.Хуяг нарын зээлийн гэрээний өр төлбөрийг сайн дурын үндсэн дээр эсвэл андуурч төлсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байх тул Ц.Хуягаас 14,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Сонинчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Хуягаас 14,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Ж.Сонинчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА