Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/696

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Д.Батзаяа,     

шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:     

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Ц-ийн  С  холбогдох эрүүгийн 2105018201352 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .....оны .... дугаар сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын угсралтын ажил хийдэг, ам бүл ..... хамт Баянгол .... дугаар хороо .... хороолол...... тоотод оршин суух хаягтай. Одоо Баянгол дүүргийн .... дугаар хороо .... байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Ц-ийн  С  /РД:......................./.   

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.С нь 2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн авто зогсоол дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Г  архи уугаад явчихлаа гэх шалтгаанаар биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж чих, хацар, уруул, хүзүү, шуунд цус хуралт, уруул, өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ц.С нь 2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн авто зогсоол дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Г  архи уугаад явчихлаа гэх шалтгаанаар маргалдан биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж чих, хацар, уруул, хүзүү, шуунд цус хуралт, уруул, өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Г-ийн  өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчим манай ажил тараад манай ажлынхан намайг өөр ажилд шилжиж томилогдсон чинь гаргаж өгөөд нэг газар орж хоол идье гэсэн юм. Би энэ талаараа нөхөр С  гар утсаар дүрстэй яриа /видео кол/ хийсэн тэгэхэд манай нөхөр би гэртээ түрүүлж очоод хүүхдээ хараад байж байя гэж хэлсэн. Тэгээд би ажлынхантайгаа суугаад байж байхад нөхөр залгахгүй байхаар нь намайг ойлгож байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн...Би нөхөр лүүгээ залгаад болсон үйл явдлын талаар хэлэхэд манай нөхөр жоохон ууртай янзтай...битгий өвчин хөдөлгөөд байгаарай гэх зэргээр намайг заналхийлж орилсон...Би С ыг намайг зодох юм байна гэж бодоод байрныхаа гадна очиж машинаа байрлуулаад байж байхад С  ирээд шууд хувцаснаас чирч машинаас гаргаад миний нүүр хэсэгт шууд гараараа учир зүггүй цохиж эхэлсэн би “авраарай туслаарай” гэж орилоход үхсэндээ орилоод байгаа гичий вэ гэж хэлээд машины хойд талын суудал дээр суулгаад миний хоолойг боогоод нүүр лүү цохисон. Миний ам хамар өвдөөд байж байхад 20-25 насны эрэгтэй эмэгтэй 2 хүн хүрч ирээд С ыг надаас салгасан ...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.М-ийн   өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн орой 21 цагийн орчим найз охин Бүжинлхамтай хамт “Өргөө-1” кино театрт кино үзээд 23 цаг өнгөрч байхад кино тараад Бүжинлхамын хамаатны гэрт очихоор Гэмтлийн эмнэлгийн хажуу талын орон сууцны гадна талын сааданд сууж ойр зуурын зүйл яриад байж байхад Гэмтлийн эмнэлгийн онгоц буудаг хэсэг орчмоос эмэгтэй хүн “Амь авраарай, туслаарай, хүн байна уу, хүн аллаа” гээд орилоод байхаар нь хүн орилоод байгаа газар луу очиход 30-35 насны орчим эрэгтэй хүн ойролцоо насны эмэгтэй хүнийг жижиг суудлын машины хойд талын суудал руу суулгах гээд хүчээр түлхэж байхаар нь “юу болоод байна болиоч” гэхэд тэр залуу эмэгтэйгээ түлхэхээ болиход нөгөө эмэгтэй машинаас гарч ирээд бид хоёрын ард зогсоод эгчийн дүү нар туслаарай цагдаа дуудаад өгчих гэхээр нь би цагдаа дуудсан... Тэр эрэгтэй..ахын дүү нар холдоо гэр бүлийн асуудал гээд.. охин бид хоёр чамайг хүлээж байхад чи уугаад явчихлаа гэхэд нөгөө эгч өнөөдөр л ганцхан гарлаа чи байнга гардаг биз дээ гэх зэргээр маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Б-ын өгсөн: “...Гэмтлийн эмнэлгийн хажуу талын орон сууцны сааданд сууж байхад эмэгтэй хүн “амь авраарай туслаарай хүн байна уу хүн аллаа” гээд орилоод байсан. манай найз бид хоёр тэр орилсон газарт очиход 30- 35 орчим насны эрэгтэй хүн нэг эмэгтэйг машины арын суудалд суулгах гээд хүчээр түлхэж байхаар нь манай найз залуу бид хоёр та болиоч гэхэд тэр залуу больсон харин эмэгтэй нь машинаас гарч ирээд бид хоёрын араар ороод цагдаа дуудаад өгөөрэй гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 34/,    

 

Мөрдөн байцаалтад гэрч Ю.М-ийн өгсөн: “...О.Г  тай 2014 оноос хойш нэг нэгнийгээ танина. Гэр ойрхон учраас ойр ойрхон уулздаг болсон. 2 жилийн өмнө шиг санагдаж байна. О.Г  , Э  бид гурав нэг газар орж шар айраг уугаад сууж байхад Гиймаагийн нөхөр нь залгахад би утасны цаанаас сонсчихсон юм Гиймааг хаагуур янхандаад явж байгаа юм гэртээ яаралтай ир гэхэд Гиймаа айгаад гэрлүүгээ явна гэхээр нь Э  бид хоёр Гиймааг хүргэж өгөх үед нөхөр нь Гэмтлийн эмнэлгийн хашаанд архи ууж байна ороод ир гэсэн бид гурав хамт нөхөр дээр нь очиход нөхөр С  нь Гиймааг хаагуур яваад байгаа юм бэ гэж орилоод түлхэхэд газар бараг шидэгдээд унаж байсан... Миний мэдэж байгаагаар Гиймааг 3 жилийн өмнө шинэ жилээр бас зодоод нүүрийг нь хөхрүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,               

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 8767 дугаартай “...О.Г-ийн  биед чих, хацар, уруул, хүзүү, шуунд цус хуралт, уруул, өвдөгт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/,  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.С  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Хохирлын талаар  

 

Хэргийн хохирогч О.Г-ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм. 

 

Шүүгдэгч Ц.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/,

- байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 62/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ц.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ц.С  холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Ц.С ыг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт Ц-ийн  С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.С  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.С  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ