| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 102/2018/00456/И |
| Дугаар | 001/ХТ2019/00920 |
| Огноо | 2019-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2019/00920
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03578 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 377 дугаар магадлалтай,
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Э” ХХК-д холбогдох,
15.885.200 төгрөг гаргуулах тухай үндсэн,
8.596.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бямбажав, өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн төлөөлөгч Ш.Ганбат, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Э" ХХК нь 2012 оноос 2014 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд манай компаниас барилгын төмөр материалыг 37 удаа төлбөрийг нь дараа төлөх нөхцөлтэйгээр зээлээр авсан. Манай компанийн нийт нийлүүлсэн төмөр материалын үнэ 26.729.600 төгрөгийг 1 удаагийн төлөлтөөр хийж, одоо 25.431.000 төгрөгийн үлдэгдэлтэй, төлбөрөө төлөхгүй байгаа. Хоёр компанийн захирал Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт 3 худаг барьж байгуулан төлбөр тооцоогоо дуусгахаар тохиролцсон боловч нэг удаа өрөмдөөд тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай гээд алга болсон. Худгийн бүх зардлыг "Э" ХХК хариуцах ёстой. Иймд "Э" ХХК-иас төмөр материалын үнэ 25.431.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 70.2000төгрөг, нийт 25.485.200 төгрөгөөс худгийн үнэ 9.600.000 төгрөгийг хасч 15.885.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь "Х" ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11.466.000 төгрөгийн труба, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3.078.000 төгрөгийн труба, нийт 14.544.000 төгрөгийн төмөр труба авсан бөгөөд "Х" ХХК-ийн Төв аймгийн Аргалант сумын нутагт байх тариалангийн талбайд худаг гаргаж өгсөн төлбөрөөс хасахаар 2 тал тохирч байсан. Тухайн үед "Х" ХХК-иас 13.980.000 төгрөгийг худгийн ажлын хөлсөнд суутгаж тооцохоор тохирсон бөгөөд үлдэгдэлд 220 вольтын гүний насосыг 380 вольтын насосоор солиулахаар тохирсон. Нэхэмжлэгч "Х" ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 13-нд 5.415.000 төгрөгийн бараа материал авсан гэж баримт үйлдээд шүүхэд хандсан бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч н.Оюун-Эрдэнэ хуурамчаар үйлдсэн байдаг. Энэ бол Ш.Ганбат миний гарын үсгийг дуурайж зураад шүүхийг төөрөлдүүлэх зорилготой үйлдсэн болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тус компанийн нягтлан н.Оюун-Эрдэнийн дансанд 2.426.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлж бараа материал худалдаж авсан. Уг падааны доор нь нэмж 2.000.000 гаруй төгрөг бичээд шүүхэд гаргаж өгсөн. Би тэр үед өөр газар байсан бөгөөд төлбөрийг мобайл банкаар шилжүүлсэн юм. Энэ нь тухайн өдрийн Хаан банкны хуулгаар бүрэн нотлогдож байгаа бөгөөд манай талаас нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Манай компани 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11.466.000 төгрөг, 2013оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3.078.000 төгрөг, нийт 14.544.000 төгрөгийн труба төмөр авсан бөгөөд үүнийг зөвшөөрч, төлбөрт нь Төв аймгийн Аргалант сумын нутагт гүний худаг гаргаж өгсөн байдлаар төлбөрөө төлсөн нь тогтоогдож байгаа. "Э" ХХК нь "Х" ХХК-д төлөх ямар нэгэн өр төлбөр байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч "Э" ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт байх "Х" ХХК-ийн тариалангийн талбайд 219 мм-ийн диаметр бүхий 3 ширхэг гүний худаг өрөмдөхөөр тохирсон. Өрөмдлөгийн ажлыг 310 метр гүйцэтгэж, түүнээс усны нөөц сайтай нэг цооногт худгийн гүний насос 380 вт, шүүрийн хоолой, ус дамжуулах хоолой, цахилгаан шить болон бусад холболт, монтаж, кабель, таглаа зэргийг суурилуулж, бүрэн худаг хүлээлгэж өгсөн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд 18.000.000 төгрөгийн зардал гарсан ба 5 ажилтан 11 хоногийн турш хийж гүйцэтгэсэн. Уг төлбөр тооцоог манай худалдан авсан бараа материалын төлбөрт суутгахаар тохирсон. Иймд "Х" ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт өрөмдөж гаргасан худгийн ажлын хөлс, материалын зардалд 13.980.000 төгрөг, худгийн цооногт суулгасан 219 мм ган трубаны үнэ 4.050.000 төгрөг, 2.300 литр дизель түлшний үнэ 3.795.000 төгрөг, нийт 21.825.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд "Х" ХХК-нд хийж гүйцэтгэсэн гүний худгийн өрөмдлөгийн ажлын хөлс, бараа материалын төлбөрөөс өмнөх үүргийн гүйцэтгэл болох 14.544.000 төгрөгийг хасч тооцож, үлдэгдэл 8.596.000 төгрөгийн ажлын хөлсийг "Х" ХХК-иас гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 3 худгийн өр зээл яг таарсан гэж тайлбарлаж байна. Гэтэл нэг л худаг гаргасан бөгөөд тэр худаг нь одоо ажиллаж байгаа. Тариалангийн талбайд биш өөр малын бэлчээрт худаг ухсан байгаа гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03578 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Э ХХК-иас 15.885.200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч Э ХХК-ийн нэхэмжлэгч Х ХХК-иас 8.596.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.000 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 377 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03578 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2019 оны 02-р сарын 27 ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 377 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Ш.Ганбат нь өөрийн Хаан банкны 5087178157 тоот хувийн данснаасаа 2.426.000 төгрөг Х ХХК-ний нягтлан Оюун-эрдэнийн Хаан банкны хувийн дансанд шилжүүлж төмөр труба худалдаж авсан бөгөөд худалдан авсан барааны падааныг засварлаж үнийн дүнг нэмж бичээд, гарын үсгийг нь дуурайлган зурж цагдаагийн байгууллага болон шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байсан болно. Энэ үйлдлүүдийг нь цагдаа, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж “Оюун-эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн, Ш.Ганбатын гарын үсгийг дуурайлгасан, хуурамч нотлох баримт, падаан үйлдсэн” талаар Прокурорын тогтоолд тодорхой байгаа ба нотлох баримтаар шүүхээс албан ёсоор Баянгол дүүргийн прокурорын газраас гаргуулсан байгаа билээ. Гэтэл энэхүү үйл баримтыг Х ХХК-ний өмгөөлөгч гэх М.Цэрэндэжид дахин нотлуулахаар гэрч Саранбаатарыг шүүхэд 2 дахь удаагаа гэрчээр оролцуулах гэж хүссэн байгаа бөгөөд түүнийг хангаж өгөхийг давж заалдах гомдлынхоо гол үндэслэл болгожээ. Анхан шатны шүүх Х ХХК-ний өмгөөлөгчийн энэ хүсэлтийг хүлээн авч гэрч Саранбаатарыг шүүх хуралд оролцуулахаар 2 удаа шүүхэд дуудан ирүүлж байсан бөгөөд шүүх хурлын явцад өмгөөлөгч М.Цэрэндэжид нь “гэрч Саранбаатарыг гэрчээр оролцуулахаас татгаизаж бичгээр хүсэлтээ гарган өгсөний дагуу “шүүх хуралдаанд Саранбаатарыг оролцуулаагүй юм. Гэтэл одоо дахин Саранбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байгааг шүүх хангаж шийдвэрлээгүй гэж “шүүхээс өмнө нь хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлтээс өөрийн хүсэлтээр татгалзсан байтлаа дахин энэ хүсэлтийг гаргаж шүүхээр тоглож “хэрэгт огт ач холбогдолгүй, өмнө нь хууль хяналтын байгууллага тогтоосон” байгаа үйлдлийг гаргаж байгаа байдал нь илтэд хууль зөрчиж цаг хугацаа авах бусармаг үйлдэл гэж үзэж байна. Гэрч Оюун-эрдэнийн үйлдэл нь “эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэж гэм буруутай нь тогтоогдсон “ байгаа бөгөөд гэрч Тогтохбаярын 2014 оны 8-р сарын 13 нд “төмөр трубаг Саранбаатар хэлж ачуулсан” гэх гэрчийн мэдүүлгүүдийг хэрэгт ач холбогдолтой гэж шүүх үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Иймд Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 33 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэл Х ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлд тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хянан үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Э” ХХК-с 15.885.200 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа худалдсан трубаны үнэ гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар худаг, цооногийн ажлын хөлс 8.596.000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын байдлаар 20.016.000 төгрөгийн, 2014 оны 8 дугаар сарын 13-ний өдөр 5.415.000 төгрөгийн трубаг хариуцагчид нийлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч нь 1 худаг, 2 цооног гаргах ажилтай холбоотой санхүүгийн баримтаа гаргаж өгөөгүй” гэж дүгнэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.
Хариуцагч нь “Х” ХХК-с барилгын төмөр материал авч байсныг тухайн компанид борлуулагчаар ажиллаж байсан Б.Саранбаатар мэдэх тул түүнээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзахдаа өмнө нь уг хүсэлтээсээ татгалзаж байсан гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-т зааснаар гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх тул анхан шатны шүүх Б.Саранбаатараас гэрчийн мэдүүлэг авахуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй нь учир дутагдалтай болсон, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохихыг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх” талаарх гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 377 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ш.Ганбатын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 237.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ