Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2018/ДШМ/041

 

Х.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Х.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Бд холбогдох эрүүгийн 1714003330020 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Рааш овогт Х.Б, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй,

Х.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг ......... тоот хашааны урд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр засмал зам дээр

архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас араар нь суун зорчиж явсан зорчигч Т.Тийн амь насыг хохироон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Рааш овогт Х.Бг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар Х.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Х.Бы №449807 тоот жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Х.Бы эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль, 5 тооны ямаа зэргийг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Б.Дэлгэрцэцэгийн 2.461.025 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа ба хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Тухайн гэмт хэрэг гарсан өдрөөс одоог хүртэл өөрийгөө буруутгаж, шаналж өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байна. Би хохирогч болон талийгаачийн гэр бүлийнхнээс байнга уучлалт гуйж эмгэнэл илэрхийлж хохирогчийн зүгээс ч миний уучлалыг хүлээн авсан, гомдолгүй гэсэн. Хохирогч уучилсан ч гэсэн

би цаашид гуйсаар л байх болно, талийгаачаас үлдсэн үр хүүхэд гэр бүлийнхэнд нь цаашид дэмжлэг туслалцаа үзүүлж байх болно, үүнийгээ ч талийгаачийн гэр бүлийнхэнд нь хэлсэн, шүүх хуралдаанд ч хэлсэн. Би гэмт хэргийн улмаас хохирогчоос гарсан хохирлыг төлж барагдуулсан, анхан шатны шүүх хуралдаанд хохирлыг шүүхээр тогтоолгосон, учир нь надад тухайн үед байсан мөнгө хүрэхгүй байсан. Тэгсэн хэдий ч би хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх байр суурьтай дотроо бодож байсан. Үүнийгээ ч хохирогчид хэлсэн. Би хохирогчид нийт 7.040.000 төгрөг өгсөн буюу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад 1.040.000 төгрөг, шүүхийн шатанд 4.000.000 төгрөг, анхан шатны шүүх хуралдааны дараа 2.000.000 төгрөгийг тус тус өгсөн.

Би талийгаачтай бага наснаасаа найзалж өдийг хүргэсэн, дотны найзаа харамсалтайгаар өөрийн буруугаас амь насыг хохироосондоо ямар их харамсаж, шаналж байгаагаа би хэрхэн яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Энэ хэргийн улмаас олон хүнд нөхөж болохгүй зовлонг би учруулсан, мөн өөрийн гэр бүлийнхнийгээ ч зовоож байна. Би эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг.

2017 оноос өндөр настай ээж маань биеийн эрүүл мэндийн улмаас намайг бараадан амьдрах болсон. Ээж маань өндөр настай хүн байдаг, Баянхонгор суманд ганцаараа оршин суудаг байсан ба 2017 оноос зүрх нь байнга өвдөж, даралт нь ихсэж, ухаан алдаж унаад байх болсон, харж хандах, хажуудаа авч асрах хүн надаас өөр байхгүй учир би өөр дээрээ авсан. Надаас болж ээж маань байнга бие нь өвдөж, өдрөөс өдөрт л эрүүл мэнд нь муудаж байгаа талаар намайг цагдан хориход эргэж ирсэн хүмүүс хэлсэн, мөн ээж маань намайг эргэж ирсэн, эрүүл мэнд нь нилээдгүй муудсан байгааг өөрийн нүдээр харсан.

Би 2 жил хоригдоод гараад ирэхэд ээж маань намайг хүлээгээд байж чадах болов уу гэж бодсон. Надаас болж ээж маань өөрийн эрүүл мэндээ гаргуунд нь хаяж, зовж шаналсан байгааг нь хараад яах учраа олохгүй энэ гомдлыг бичиж сууна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуульд заасан шүүх 2-оос 8 жил хорих ялтай хэргийг шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан 1 жил болгож болно гэснийг үндэслэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй, өөрийн харилцаа хандлага, ёс зүй зэрэгтээ үнэлэлт, дүгнэлт өгч улс нийгэмдээ хэрэгтэй, гэр бүлийнхэндээ халамжтай, талийгаачийн гэр бүлийнхнийг ч талийгаачийн өмнөөс харж хандаж, дутуугаа гүйцээж амьдрах болно гэдгээ амлаж байна.

Ял шийтгэлээ хөнгөрүүлэх гэж байгаа маань нэг жилийн өмнө ч болтугай хорихоос суллагдчихаад талийгаачийн гэр бүлд дэмжлэг болж өөрийн нүглийг наминчлахыг хүсэж байна. Мөн ээжийгээ эрүүл саруул дээр нь ачийг нь хариулж одооны шаналал зовиурыг нь арилгаж асарч байхыг хүсэж байна. Мөн ааваасаа алхам ч холддоггүй бяцхан үр дээрээ хурдан очихыг хүсэж байна. Эхнэрийн маань хэвлийд бойжиж байгаа 1 сартай хүүхэд дээрээ 1 ойтой болоход нь очихыг хүсэж байна. Хүнд ачаа үүрүүлж, арын бүх ажлыг хариуцаж үлдсэн хүнд хөлтэй эхнэрийгээ 1 жилийн ч өмнө болтугай ачааг нь хөнгөлөхийг хүсэж байна. Давж заалдах шатны шүүх, шүүх бүрэлдэхүүн энэрэнгүй сэтгэлээр хандаж надад дээрх боломжийг олгоно гэдэгт итгэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх миний хувийн байдал, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор заасан Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа гаргасан давж заалдах гомдолдоо: Миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Х.Бд оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлуулан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүсэлттэй байгаа учир гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.З-т “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуул”-ж болохоор заажээ. Тухайн зүйл заалтыг журамлан Х.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна.

Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлэг, цагдаад мэдэгдэхийг бусдад хэлсэн буюу хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлэх боломжийг олгосон, өөрийгөө илчилсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийн сайн дураар төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн Х.Бы гэмт

хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогч болон түүний гэр бүлийнхнээс уучлалт гуйсан, Цаашид талийгаачийн гэр бүл болох эхнэр, үр хүүхдүүдийг эргэж дэмжлэг, туслалцаа үзүүлэх хүсэлтэй байгаа, хохиролд нийт 7.040.000 төгрөгийг сайн дураар буюу өөрийн санаачилгаар өгсөн, 3 хүртэлх насны хүүхэдтэй, асран хамгаалах хүнгүй, ганц бие өндөр настай ээжийгээ асран хамгаалж, эмчлүүлдэг, мөн хохирогч цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд хамааруулж шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогч Б.Дэлгэрцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир миний зүгээс Х.Б нь цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул миний энэ байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэн үзэхийг хүсье. Миний бие гомдолгүй хохирлыг бүрэн барагдуулж авсан тул шүүх хуралдаанд суухгүй болно гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Х.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1.33 хувийн согтолттой байхдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг, 6-3-34 тоотод амьдрах Х.Шүрэнцэцэгийн гэрийн үүднээс өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явах үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг 6-8-38 тоот хашааны үүдэнд зам тээврийн осол гарган, хамт зорчин явсан Т.Тийн амь нас хохирсон үйл баримт болжээ.

Дээрх үйл баримт нь Баянхонгор аймгийн прокурорын газраас түүнд 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэсэн эрүүгийн 1714003330020 дугаар хэрэгт авагдсан хохирогч Б.Дэлгэрцэцэг, гэрч Х.Шүрэнцэцэг, Д.Сэргэлэнбаатар, Б.Цэцэгмаа, Д.Лхагвасүрэн, Л.Амарбаяр, Б.Алтанзул, Ц.Мөнхнаст, Д.Баасанбат нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн автотээврийн үндэсний төвийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17/21 тоот техникийн шинжээчийн дүгнэлт, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8 тоот хохирогчийн нас барсан шалтгаан ба бусад асуудлыг тогтоох зорилгоор хийсэн шинжээчийн дүгнэлт, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 37 тоот зам тээврийн осол дээр гаргасан шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 339 дүгээр шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Х.Б нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх анхан шатны шүүхээр тогтоогдсон үйл баримт нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэг байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хууль тогтоогчоос тухайн төрлийн хэрэгт таван жилээс найман жил хүртэл хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсаны дагуу анхан шатны шүүхээс Х.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд эрх хасах болон хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, ар гэрийн гачигдалтай байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, 3 хүртэлх насны хүүхэдтэй, өндөр настай ээжийгээ асран хамгаалж эмчлүүлдэг зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл хамааруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргасан хэдий ч энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Х.Бг гэм буруутайд тооцохдоо түүний үйлдсэн гэм хэргийн зохих диспозицийг сонгоогүй, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг байтал анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцохдоо санаатай гэмт хэрэг үйлдсэн мэтээр “...хүний амь насыг хохироосон...” хэмээсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд тооцогдохооор байх тул энэ талаар шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Х.Б нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар

зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.5-д тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Рааш овогт Х.Бг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Рааш овогт Х.Бг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ