Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1039

 

 

 

 

 

 

 

   2021        10           12                                  2021/ШЦТ/1039

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Д.Уянга,

Шүүгдэгч А.З түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонод овогт Анхмаагийн Зт холбогдох эрүүгийн 2106 00000 1599 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.З нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хард Рок” кафены дэргэд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө өөрийн найз охин О.Түшигжаргал маргалдан улмаар дэргэд нь байсан насанд хүрээгүй хохирогч Б.Маралд уураа гаргаж түүнийг алгадах, үснээс нь зулгаах, цохих зэргээр зодож, тархи доргилт, духанд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, зүүн хацарт цус хуралт зэрэг гэмтлүүдийг учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Б.Маралын өгсөн мэдүүлэг /хх-9-11/, гэрч Ү.Гантулгын мэдүүлэг /хх-13/, гэрч Э.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-20/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6693 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-25/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч А.З нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хард Рок” кафены дэргэд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө өөрийн найз охин О.Түшигжаргал маргалдан улмаар дэргэд нь байсан насанд хүрээгүй хохирогч Б.Маралд уураа гаргаж түүнийг алгадах, үснээс нь зулгаах, цохих зэргээр зодож, тархи доргилт, духанд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, зүүн хацарт цус хуралт зэрэг гэмтлүүдийг учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Маралын “... 2021 оны 07 дугаар сарын 23-ны орой цэцэрлэгт хүрээлэн рүү ээжтэйгээ явж байгаад 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл манай зүс таних Түшигээ гэх найз 2-3 хоногийн өмнө намайг уулзах гээд дуудаад байсан, тэгтэл намайг гэрийнхээ орцны гадаа сууж байхад “одоо яваад очих уу, уулзах уу Би эгчээрээ хүргүүлнэ” гээд 30 минутын дараа 5 шараас ирсэн. Үл таних З гэх хүүхэд нь Түшигийг “гөлөг минь, пизда минь үхэж байсан хүүр минь юугаа хийгээд байгаа юм бэ? чи муу өнөөдөр гэртээ ганцаараа хононо гэж хэлээ биз дээ” гээд янз бүрээр хараагаад байсан. Тэгж байснаа “чи муу хэн бэ? юу болоод Түшигтэй хамт байгаа юм бэ?” гээд Түшигийн цамцны мөрнөөс нь сууж байхад нь татаж цээжний хоёр тал руу нь 2-3 удаа цохиод, “чи одоо юугаа хийгээд байгаа юм бэ? яг одоо дагаад яв, пизда минь” гэхэд Түшиг явахгүй гэхэд “чи одоо юу гээд байгаа юм бэ? гээд түүнийг түлхэж унагаагаад, миний зүүн талын хацар руу 3 удаа алгадахаар нь би доошоо суугаад уйлаад байж байхад “ яг одоо дагаад яв хөөе” гээд миний үснээс татаж босгоод миний зүүн талын нүдний доод талд нэг удаа гараараа цохиод зүүн талын хөмсөг, чихний дээд талд орчим 2 удаа алгадахаар нь “би явахгүй, яах гээд байгаа юм бэ?” гээд түүний өөдөөс хараагаад уйлсан.... тэгтэл З нь найз охиныгоо татаж чирээд “Хард Рок”-ийн хажууд аваачаад дахин над дээр ирээд “яг одоо дагаад яв, хөөе” гээд миний баруун талын нүд, хөмсөг орчимд 1 удаа алгадсан. Би түүнд алгадуулснаас болоод газарт унахдаа турникийн төмөр зүүн талын дагз орчмоороо мөргөөд унасан. Тухайн үед миний нүүрний зүүн талд хавдаж хөхөрсөн, баруун тал нь бас хөхөрсөн, толгой одоо ч хүртэл өвчтэй байгаа. Эдгээр гэмтлийг З гэх хүүхэд гараараа алгадаж цохиж учруулсан. Мөн миний хоёр нүдний ухархай руу хатгаж өвдөөд бүрэлзээд байгаа...” /хх-9-11/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Гантулгын “... Намайг утсаа автал дүү Марал “агаа авраарай, хүмүүс намайг зодоод байна, “Хард Рок”-ийн энд байна” гэж хэлсэн. Тэгэхэд Маралаагийн цаана баахан залуучууд орилоод байсан. Тэгтэл Маралаагийн цаад талд... нэг залуу “чи дагаж явахгүй гээд яах юм” гэж дуугарч байгаа нь утасны цаанаас сонсогдсон” тэгээд би гэрээс гараад машинаа унаад дүүгийн байгаа  газар очсон. Би очтол “агаа намайг зодсон хүмүүс ийшээ гүйчихлээ” гээд, Сэлбэ голын далан дагасан хойшоо явсан замаар хэсэг залуучууд гүйж байсан. Би тэр хүмүүсийн хойноос гүйж очоод тэдгээр залуусын нэгийг нь барьж аваад тэр залуугаас бусдыг нь асууж авсан. Манай дүүгийн биед нь хамар хавдсан, мөн зүүн талын хацар хавдсан, мөн зүүн талын хацар, хөмсөг дух хавдсан, хамрын зүүн тал хавдаж хөхөрсөн. Манай дүү одоо 16 настай юм” /хх-13/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Түвшинжаргалын: “... Маралын биед З халдаж биед гэмтэл учруулсан. Маралын биед өөр хэн нэгэн халдаж нэмтэл учруулсан зүйл байхгүй...” /хх-20/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 6693 дугаартай шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “... Б.Маралын биед тархи доргилт, духанд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсгэгдсэн. Дээрх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-25/ гэх дүгнэлт зэрэг болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч А.Зын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч А.З нь насанд хүрээгүй хохирогч Б.Маралд 175.000 төгрөгийн төлбөрийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сан 100900005406 дугаартай дансанд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тушаасан 175.000 төгрөгийг уг данснаас гаргуулж хохирогч Б.Маралд олгохоор заасан тул шүүгдэгч А.З нь бусдад төлөх төлбөргүй. Насанд хүрээгүй хохирогч Б.Марал нь гэм хорын бусад хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч А.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Зын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо төлсөн байдал, урьд нэг удаа ял шийтгэл эдэлж засран хүмүүжээгүй хувийн байдал зэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч А.З нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, түүний цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд оруулан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор дүйцүүлэн торгох ялын 480.000 төгрөгийг ял эдэлсэнд тооцож, түүний эдлэх торгох ялын хэмжээг 120.000 төгрөгөөр торгож 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч А.Зын холбогдсон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь  2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахаар” заасан тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч А.З нь бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зын цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд оруулан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор дүйцүүлэн торгох ялын 480.000 төгрөгийг ял эдэлсэнд тооцож, түүний эдлэх торгох ялын хэмжээг 120.000 төгрөгөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                А.Зт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Зын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сан 100900005406 дугаартай дансанд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тушаасан 175.000 төгрөгийг уг данснаас гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Марал д олгосугай.

 

            8. Насанд хүрээгүй хохирогч Б.Марал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.З нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА