Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1732

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 2 дугаар байрны 8 тоотод оршин суух Жадик овогт Хаманы Жамилаш /УУ41101405/-ийн  хүсэлттэй,

Нас тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Жамилаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Х.Жамилаш нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1938 онд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт Хаманы охин болон төрсөн. Миний аав, ээж хоёр Завхан аймгийн Алдархаан суманд багш хүмүүс байсан ба тэд улс төрийн хэргээр цаазлуулсан.  Миний жинхэнэ нэр бол Жамин гэдэг байсан. Эмээ маань надад Жамила гэж нэр өгсөн. Би ээж, ааваасаа өнчин хоцроод Батсүх гэдэг багш намайг асарч хүн болгосон. Ингээд Батсүх багш надад Жамилаш гэдэг нэр өгсөн. Би 1972 онд цэргийн хүнтэй суусан. Би 1942 он хүртэл Завхан аймгийн Алдархаан суманд, 1942 оноос 1972 он хүртэл Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд, 1972 оноос өнөөг хүртэл Улаанбаатар хотод амьдарч байна. Иймд намайг 1938 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад              

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х.Жамилаш нь нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.13-д нас тогтоохоор заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар  хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Х.Жамилашийн иргэний цахим үнэмлэх болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэтгэврийн хувийн хэрэг зэрэг баримтуудад түүний регистрийн дугаарыг УУ41101405  гэж, 1968 оны 07 дугаар сарын 14-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийн овог нэрийг Хаманы Жамила гэж, төрсөн оныг 1948 он гэж өөр өөр байдлаар бүртгэжээ.

Хүсэлт гаргагч нь “...миний бие 1938 онд  төрсөн байхад 1941 онд төрсөн гэж төрсөн оныг буруу бичиж иргэний үнэмлэх олгосон...” гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлж байна.

Шүүх Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний архивын газрын Үндэсний төв архивын 1998 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3278 дугаартай лавлагаа, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/2/913 дугаартай лавлагаанд: “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын  бүртгэлийн 35 дугаар хуудсанд ...Хаманы Жамила эмэгтэй, 6 настай ... гэж бүртгэгдсэнийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч нь 1944 онд явагдсан хүн амын тооллогын бүртгэлд 6 настай гэж бүртгэгдсэн нь түүнийг 1938 онд төрсөн болохын нотолж байна. 

Иймд хүсэлт гаргагч Х.Жамилашийг 1938 онд төрсөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар Жадик овогт Хаманы Жамилашийг 1938 онд төрсөн болохыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА