Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 978

 

 

 

 

 

 

 

    2021        10          28                                 2021/ШЦТ/978

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 2106 00000 2182 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч:

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Максимус” нэртэй агуулахад, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Уранчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүний баруун хэсэг, баруун өвдөгт зулгаралт, эрүүний баруун хэсэг, хоёр өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                     

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Уранчимэгийн мэдүүлэг /хх-6/, гэрч Х.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-9/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №9671 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-13-14/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Максимус” нэртэй агуулахад, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.Уранчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүний баруун хэсэг, баруун өвдөгт зулгаралт, эрүүний баруун хэсэг, хоёр өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Уранчимэгийн өгсөн: “ ...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны оройн 19:00 цаг өнгөрч байхад найз залуу болох Т.Бгийн ачаа буулгаж байгаа газарт буюу Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Maximus нэртэй агуулахад нь очсон. Тэгээд найз залуу бид хоёрт хамт 2,5 литрийн пиво 2 ширхгийг хувааж уугаад байж байхад найз залуугийн нэг найз нь хүрч ирээд хамт ууцгааж байгаад өглөө болгосон юм. Тэгээд өглөөний 08:00 цагийн үед би найз залуутайгаа маргалдаж эхэлсэн бөгөөд манай найз залуу миний нүүрэн хэсэгт 2-3 удаа гараар цохих үед нь машины хаалга онгойх таараад машинаас унаад нүүрээ зулгалсан юм. Тэр үед Бгийн нэг найз нь хамт байсан ба удалгүй найз залуу машинаасаа бууж ирээд босгоод тэр газраас хамт гарцгаасан бөгөөд Чулуун овооны хойд талын автобусны буудал дээрээс автобусанд суух гэж байгаад гар утсаа хайгаад олоогүй юм. Би ганцаараа буцаад машин дээр нь очоод хайхад олдоогүй бөгөөд эргээд автобусны буудал ирэх үед найз залуу маань найзыхаа хамтаар намайг орхиод явчихсан байсан. Тухайн үед би гомдоод ээж рүүгээ залгаад Б намайг ахиад зодчихлоо гэж хэлчхээд Бгийн гэрт нь буюу Баянзүрх дүүргийн дүгээр хороо Цэргийн хотхон 293 тоотод оройн 19:00 цагт очоод байж байтал оройн 23:00 цагийн үед ээж гаднаас цагдаа нартай хамт орж ирээд  найз залууг маань аваад явцгаасан...”  /хх-6/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Оюунчимэгийн өгсөн “...Би охин Т.Уранчимэгийн хамт амьдардаг. Би хөдөө Дархан-Уул аймагт зам дээр ажиллаж байгаа манай охин 2021 оны 04 дүгээр сард найз залуутай болсон гээд найз залуугийнхаа гэрт амьдардаг болсон. Найз залууг нь Түмэнжаргалын Б гэдэг гэр нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон 293 тоотод уг залуутай амьдардаг болсон. Т.Б гэх залуу нь гурвалжны гүүрний ТЭХ-44 зах дээр ачааны машин барьж ачаа зөөдөг гэсэн.  Манай охиныг найз залуу нь олон удаа зодож байгаа миний мэдэхээр 2021 оны 04 дүгээр сараас хойш 10 гаруй удаа зодож нүд нүүрийг нь хөхрүүлсэн байсан охиноос асуухаар нуугаад хэлдэггүй унаад нүүрээ хөхрүүлсэн гээд хэлдэггүй байсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын эхээр найз залуу нь байнга зоддог гэдгээ хэлдэг ба найз залуу нь дахиж зодохгүй гэж хэлээд л зодоод байдаг гэсэн. Өнөөдөр орой 15 цагийн орчимд охин маань над руу залгаад ээжээ өнөөдөр дахиад Т.Бд зодуулчихлаа нүүр ам хавдчихлаа гэхээр нь би түүний найз залуугийнхан гэрт нь очиход найз залуу нь хоёр эгчтэйгээ болон манай охин бас нэг эмэгтэйтэй нийлээд 5 хүн архи уусан байдалтай байсан. Охин Г.Уранчимэгийн баруун талын нүд нь хөхөрч шанаа нь хавдсан байсан би 10 гаруй хоногийн өмнө ирэхэд зүүн нүд нь хөхөрсөн найз залуудаа зодуулсан гэж байсан. Гэхдээ ямар нэгэн эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Т.Б гэх залуу нь үснээс нь манай охиныг олон удаа ойр ойрхон зодож байгаа манай охин би одоо тэсэхгүй зөндөө олон удаа намайг зодож байна гэж хэлсэн. Өнөөдөр манай охины бие нь өвдөөд өөрийн биеэр ирж мэдүүлэг өгөх чадваргүй байгаа тул цаг хугацаа алдаад яах вэ гэж бодоод охиныхоо өмнөөс өргөдөл гаргаж байна. Миний охиныг удаа дараа зодож гэмтэл учруулж байгаа энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. Би маргааш өглөө охины бие нь зүгээр болбол өөрөө мэдүүлэг өгнө. Манай охин зодууллаа гэхээр нь чөлөө аваад охин дээрээ ирдэг. Одоо би яг хэдэн сарын хэдний өдөр зодуулсан гэдгийг мэдэхгүй байна тухайн үед зодуулсан талаарх зурагнуудыг гар утсан дээрээ авсан байгаа. Манай охин 2015 онд зам тээврийн осолд ороод баруун гарын мэдрэлийн судас нь тасраад түүнээс болоод баруун гар нь мэдээгүй. Үүнээс болоод хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гээд группэд орсон. Ажил хийж чаддаггүй тийм болохоор би тэтгэвэрт гарчхаад дахиад ажил хийж байгаа миний хувьд охиноо олон удаа зодуулж байгаад гомдолтой байна. Би Б гэх залууд хэлэхээр танай охин минь өөрөө унаад гэмтсэн эсвэл машины хаалганд нүүрээ цохисон гэсэн тайлбар хэлээд байдаг. Одоо би охиныгоо аваад хамаатны ахындаа авчирсан байгаа. Өмнө нь нэг удаа дуудлага өгсөн боловч дахин ингэхгүй гомдолгүй гэж цагдаад хэлсэн...” /хх-9/ гэх мэдүүлэг

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9671 дугаартай шинжээчийн: “1.Т.Уранчимэгийн биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүний баруун хэсэг, баруун өвдөгт зулгаралт, эрүүний баруун хэсэг, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй..” /хх-14/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Т.Бгийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн болон бусдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх хууль зүйн үндэслэл бүхий саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Б нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Т.Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Т.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

             6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА