Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1733

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 25-152 тоотод оршин суух, Ээлтэн овогт Оросоогийн Батдулам /РД:МЬ45092009/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 25-152 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 94-14 тоотод бүртгэлтэй, Монголмууд овогт Хайсандайгийн Бүрэнжаргал /РД:ЦЗ84033167/-д холбогдох,

1,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Батдулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Батдулам миний бие 2015 оны 10 дугаар сараас 15-ны өдрөөс хувийн үл хөдлөх хөрөнгийг сарын 180,000 төгрөгийн төлбөртэйгээр Х.Бүрэнжаргалд түрээслэж эхэлсэн. Үүнээс хойш 1 жилийн хугацаанд төлбөрөө төлж байсан ч 2017 оны 01 сарын 15-ны өдрөөс хойшхи 6 сарын төлбөрийг төлөөгүй байгаа тул 1,030,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Х.Бүрэнжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа: О.Батдуламын нэхэмжилсэн 1,030,000 төгрөгөөс 200,000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 830,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүрэн   төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Батдулам нь шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Бүрэнжаргалын тайлбартай танилцлаа. Х.Бүрэнжаргалаас 1,030,000 төгрөг нэхэмжилснээс 200,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 830,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Батдулам нь хариуцагч Х.Бүрэнжаргалаас 1,030,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Батдуламын нэхэмжилсэн 1,030,000 төгрөгөөс хариуцагч Х.Бүрэнжаргал 200,000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 830,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүрэн   төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  29,270  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 14,635 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Батдуламын нэхэмжилсэн 1,030,000 төгрөгөөс хариуцагч Х.Бүрэнжаргал 200,000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 830,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,270  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 14,635 төгрөг, хариуцагч Х.Бүрэнжаргалаас 14,635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Батдуламд олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

   

 

 

 

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА