| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01594/И |
| Дугаар | 1735 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 1735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, Элеганс хотхон, 44с байр, 16 тоот хаягт оршин суух, Хошууд овогт Сэрээтэрийн Одонтуяа /РД:ХБ62093001/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Одонтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.Одонтуяа миний бие 1986 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс Барилгын модон эдлэлийн үйлдвэрт ЗХУ-д сургууль төгсөөд яамны томилолтоор анх ажилд орж ажилласан. 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Барилгын модон эдлэлийн үйлдвэр нь бүтэц зохион байгуулалтанд орж “Цонх” ХК болж нэрээ өөрчилсөн байна. “Цонх” ХК-д ажиллаж байсан талаар баримт хайхад нэг ч баримт байхгүй, архивт шүүлгэхэд баримт олдохгүй байна. Харин хуучин Барилгын модон эдлэлийн үйлдвэрт очиж 1986 онд ажилд орсон тушаал, 1991 оны орон тоо, цалингийн фондын тушаал олсон болно. Иймд намайг 1986 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Барилгын модон эдлэлийн үйлдвэр болон “Цонх” ХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Одонтуяа нь 1986 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Барилгын модон эдлэлийн үйлдвэр болон “Цонх” ХК-д нормчиноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 567, 568 дугаартай тодорхойлолтоор Хаалга цонх ХХК, Цонх ХК болон Барилгын модон эдлэлийн үйлдвэр байгууллагын баримт шилжиж ирээгүй тул С.Одонтуяад холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Барилгын модон эдлэлийн үйлдвэр нь 1992 онд “Цонх” ХК, 1994 онд “Хаалга цонх” ХК болж нэрээ өөрчилсөн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 1986 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 233 дугаартай ажилд томилж, тэтгэмж олгох тухай тушаал, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 1991 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 139 дугаартай ажилд томилох тухай тушаал, Улаанбаатар хотын барилгын модон эдлэлийн үйлдвэр байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Залуу насны дурсамж болсон үйлдвэр” 2013 оны ном, гэрч Ж.Сольрагчаа, Ц.Тамирмаа нарын гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтаар хүсэлт гаргагч С.Одонтуяа нь 1986 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Барилгын модон эдлэлийн үйлдвэр болон “Цонх” ХК, “Хаалга цонх” ХК-д нормчиноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх ба түүний энэхүү ажилласан байдал нь 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Барилгын модон эдлэлийн үйлдвэрээс С.Одонтуяад олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилттэй тохирч байна.
Иймд хүсэлт гаргагч С.Одонтуяагийн 1986 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Барилгын модон эдлэлийн үйлдвэрт /Цонх ХК-д болон Хаалга цонх” ХК/ нормчиноор ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Хошууд овогт Сэрээтэрийн Одонтуяа /РД:ХБ62093001/-г 1986 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Барилгын модон эдлэлийн үйлдвэр /”Цонх” ХК болон “Хаалга цонх”ХК/-т нормчиноор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА