Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1741

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Цоглог, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 201-3 тоотод оршин суух, Жамсрангийнхан овогт Банзрагчын Болд /РД:КЮ82100177/-ын хүсэлттэй,

Э.Пүрэвийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Б.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Болд миний бие Э.Пүрэвийн хүсэлтээр 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлэн Э.Пүрэвийн байгуулсан “Буган-Орд” ХХК-д хувь эзэмшихээр аман гэрээ хийсэн. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлсэн 50,000,000 төгрөг дээр нэмж 100,000,000 төгрөг өгөөд нийт 150,000,000 төгрөгийг тохиролцон дуусгавар болохоор гэрээ хийн график гаргаж Э.Пүрэв өгөхөөр болсон. Энэ хугацаанаас хойш Э.Пүрэв 12,500,000 төгрөг өгсөн боловч сүүлийн 8-9 сарын хугацаанд хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Э.Пүрэвийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Б.Болд нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Пүрэвийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Б.Болд нь “Э.Пүрэвийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Э.Пүрэв нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Э.Пүрэв /РД:КЮ84061417/ нь  албан ёсны бүртгэлтэй хаяг болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 дугаар  баг, 30-16а тоот хаягтаа оршин суудаггүй болох нь  Орхон аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 02-ны  өдрийн 142/ШЗ2016/02273 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Пүрэвийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Б.Болдын “Э.Пүрэвийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                                ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Болдын хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эрдэнэтунгалагын Пүрэв / РД:КЮ84061417/-ийг эрэн сурвалжилсугай.

             2. Эрдэнэтунгалагын Пүрэв/РД:КЮ84061417/-ийг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

 

 

  

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА