| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1814000630042 |
| Дугаар | 2018/ДШМ/042 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2018/ДШМ/042
Ж.Бид холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор В.Дэлгэрмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр
Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч В.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №13 дугаар эсэргүүцлээр Ж.Бид холбогдох эрүүгийн 1814000630042 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хар хиргис овогт Ж.Б, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүүлж байгаагүй,
Ж.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 21 дүгээр гудамжны 2 тоот хашаанд байх С.Тын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч авдранд байсан бэлэн мөнгө болох 640.000 төгрөгийг хулгайлан бусдад бага хэмжээний буюу 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Ж.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Хар хиргис овогт Ж.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хар хиргис овогт Ж.Бийг хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар Ж.Б нь хэргийг учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Ж.Бийн эзэмшлийн нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч Ж.Бид буцаан олгож шийдвэрлэжээ.
Прокурор В.Дэлгэрмаа 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №13 дугаар эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг үнэлэлт өгөлгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэгт үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох:
1. Хохирогч С.Тын “...би 2018 оны 2 дугаар сарын 01-ний 16 цаг 10 минутад гэрээсээ ажилдаа явах гээд гарсан, гарахдаа авдарт байсан 660.000 төгрөг байсан тэрнээс 20.000 төгрөг аваад үлдсэнийг нь авдрандаа буцааж хийгээд гэрээ цоожлоод гарсан, тэгээд өнөөдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 02-ны 12 цагийн үед ажлаасаа очоод гэртээ оролгүй хүргэнийдээ унтаж байгаад орой 20 цагийн орчим гэртээ орж дээл авч өмсөх гээд авдраа үзтэл дотор нь байсан 640.000 төгрөг алга болсон байсан..., ...гэрийн хаалганы тав нь хажуу тийшээ түлхээд онгойдог байсан, нийтдээ 660.000 төгрөг үлдсэн байсан, тэрнээс өчигдөр 20.000 төгрөг аваад 640.000 төгрөг үлдсэн зээл аваад бараг 8-9 хонож байсан мөнгө, дандаа 20.000 мянгатын дэвсгэрт байсан, Манай охин Уранчимэг хүргэн Дамдинхорлоо, наана Ж.Б гээд нэг залуу бид нар хамт байж байгаад хийсэн өөр мэдэх хүн байхгүй. Манайд урьд өмнө хэрэг учрал болох үеэс өмнө 5-6 хоногийн өмнө Дамдинхорлоогийн хамт Ж.Б нь манайд орж ирж байсан би тухайн үед би бэлэн мөнгө авдар дотор хийж байх үед Ж.Б манай гэрт байсан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 20-23 дугаар тал/,
2. Гэрч Н.Цэенхандын “...201 тоотод Банзрагч гэсэн нэрээр бүртгүүлээд 5-6 залуучууд орсон...Яг хэн өгсөн талаар мэдэхгүй Б гэх залуу өгсөн гээд байсан сайн санахгүй байна. Ж.Б гэж танихгүй гэхдээ тэр хүн нь 201 тоот өрөөг аваад 5-6 залуутай орсон наад залуучууд 206, 207-р өрөөг авсан хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
3. Гэрч М.Анхбаярын “...тэгээд New star ороод Ж.Б 45.000 төгрөгөөр люкс өрөө авсан, мөн нэг ундаа авсан тэгээд бид нар надтай явсан Хүлгээгийн найзууд нэг том пиво нэг Ерөөл авсан байсан, тэрнээс уучхаад хамт Ж.Бийн авсан өрөөнд ороод 03 цагийн орчим унтсан. Тэгээд өглөө унтаж байгаад 12 цагийн үед буудлаас Ж.Б, Хүлгээ бид нар гарсан тэндээсээ салаад гэр рүүгээ явцгаасан. Мөнгөтэй байсан шөнө эгчээсээ 500.000 гаруй мянган төгрөг зээлсэн гэж байсан шөнө унтахдаа 300.000 төгрөг байна гээд өөрөө тоолчихоод буцааж кармандаа хийгээд унтаад өгсөн. Мөнгөө эгчээсээ 500.000 мянган төгрөг авсан гэж ярьж байсан, мөн хот руу явна гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
4. Гэрч Б.Дамдинхорлоогийн “...манайх 5-21-2 тоотод байдаг манай хадам ээжийнх манай хашаанд байдаг тэгээд гэр нь эзгүй байсан, гэтэл авдарнаас нь 600.000 мянга гаруй төгрөг алга болсон байна гэхээр нь би дуудлага өгсөн. Манай хадам ээж манай эхнэр, би мэднэ, мөн манайд байсан Ж.Б мэднэ өөр хүн мэдэхгүй, харин Ж.Б шөнө манай гэрээс гараад найзтайгаа уулзана гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дугаар тал/,
5. Ж.Бийн яллагдагчаар өгсөн “...би айл руу явлаа гэж гарахдаа хашаан дотор Б.Дамдинхорлоогийн хадам ээж С.Тын гэр нь цоожтой байхаар нь цоожийг тавыг татаж байгаад гэрийг онгойлгож гэрт орсон чинь авдар нь цоожгүй байхаар авдрыг нь онгойлгож авдар дотроос боодолтой мөнгө байхаар нь авч гараад гэрийн цоожны тавыг буцааж түлхэж хаалгыг түгжсэн. Тиймээс би мэдэж байсан 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр би гэрт нь Б.Дамдинхорлоо ахтай гэрт ороод байж байх үед С.Т эгч мөнгө тоолоод авдар дотроо хийж байхыг би харсан уг авдар дотор мөнгө байсныг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дүгээр тал/ зэргийг үнэлэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь ямар учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болж, болохгүй байгааг нь тогтоогоогүй, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж үнэлээгүй гэж үзэхээр байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулан, Ж.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгч Ж.Бийг иргэн С.Тын гэрээс авдранд нь байсан бэлэн мөнгө болох 640.000 төгрөгийг хулгайлсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна хэмээн дүгнэсэн нь хохирогчийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд хэрхэн эргэлзээ төрсөн болон тухайн хэрэг учрал болсон үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй атлаа хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг мэдэгдсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэр томъёог Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэж бичиж буруу хэрэглэсэн зэрэг алдаа гаргасан байгааг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар
зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Бид холбогдох эрүүгийн 1814000630042 дугаартай хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 13 дугаар эсэргүүлийг бүхэлд нь хүлээн авч хангасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Бид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Д.ЭРДЭНЭБИЛЭГ