Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/567

 

 

 

 

 

 

 

 

   2021        10         19                                   2021/ШЦТ/567

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Б.Анударь, түүний өмгөөлөгч Э.Батжаргал /ҮД:3078/,

шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан /ҮД:1377/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Ш.Э-т холбогдох эрүүгийн 2103 00000 0119 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 19-ны Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт            тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

  Ш.Э, регистрийн дугаар  .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ш.Э нь  2021 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 15 цаг 35 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Өвөргүнтээс Жигжидийн тойрог орох замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан  “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Toyota Prius” маркийн 12-32 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолоочийн хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болоон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, замын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэн явснаас, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, хөдөлгөөний саад тулгарахад Б.Анударийн эрүүл мэндэд нь хүнд, Л.Жамъяандорж, Б.Жавхлан нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ш.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид нар 2021 оны 05 дугаар сарын 01-ний өмнөх өдөр нь найзаараа лагер дээр байсан. Тэр шөнийг ууж өнгөрөөсөн байгаа. Манай найзуудаас нь тэр шөнө зарим нь унтаагүй, зарим нь унтсан. 05 дугаар сарын 01-ны өдрийн 12 цагийн үед эхлээд хоолны материалд явсан байгаа. Тэгэхэд Жамъяандорж, Жавхлан, Б.Анударь бид 4 явсан. Жамъандорж явахдаа жолоо барьсан. Тэгээд буцахдаа найз нь өнгөрсөн шөнө нэлээн уусан хамгийн гайгүй согтолттой байгаа нь машин барьчих уу гэж асуусан байдаг. Хамгийн гайгүй согтолттой нь би байсан учраас би машин барьсан. Машин бариад Жигжидийн тойргоос гараад Өвөр гүнтийн зам руу ороод 1 километр орчим яваад маш их онхол, донхол ихтэй байсан. Эргэлт тойрч гараад хурдаа аваад явж байхад тогтсон ус байсныг харсан тэгээд усан дээгүүр даялаад гарахдаа цохилт мэдэрсэн. Тэгээд би ухаан алдсан байсан. Ухаан ороод харахад би машин дотор ганцаараа үлдчихсэн байсан. Машины ертөнцийн зүгээр баруун гар талаар нь цонхоор гарахад Б.Анударь хэвтэж байсан хажуу талд нь Жамъяандорж хэвтэж байсан. Удахгүй эмнэлэг, цагдаагийнхан ирсэн. Би Жамъяандорж, Жавхлан хоёрын хохирлыг төлж барагдуулсан. Анударьд 3 009 100 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Анударь хохирогчоос уучлал гуйж байна. Харамсаж байгаагаа хэлье...” гэв.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 11 дүгээр сараас 5 сарын хооронд хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би нүүрэндээ залгаа нэлээн хэдэн төмөр суулгачихсан байгаа. Зургаан залгаа төмөр суулгачихсан байгаа. Нүүрэн дээрээ сорвитой байгаа. Би удахгүй нүүрний төмрөө авхуулаад хагалгаанд орно. Миний зөндөө шүднүүд байхгүй байгаа. Шүд хийлгэх шаардлагатай байгаа. Шүд хийлгэхийн тулд амны хөндийд яс багатай учраас дахиад яс суулгах хагалгаанд орно. Яс суулгах хагалгаанд орж байж шүд хийлгэнэ. Миний хамар байнга битүүрээд байгаа намайг хамраа битүүрүүлж болохгүй гэж хэлсэн. Хамраа битүүрүүлэх юм бол миний нүүрэнд тавьсан төмөр үрэвсэх магадлалтай. Миний гаргасан зардал баримтаар 3.120.000 төгрөг байгаа. Шүүгдэгч Ш.Э нь надад болохоор 3.009.000 төгрөг өгсөн гэж ярьж байна. Надад 2.790.000 төгрөгийг надад төлсөн гэж үзэж байгаа. Үлдэгдэл 322.000 төгрөгийн зөрүү байна.Цаашид шүдний эмчилгээнд яс суулгах, шүд хийлгэх 33.963.000, хамрын намалдаг нь бяцарсан байгаа хамрын хагалгаанд 1.800.000 төгрөг болж байгаа. Би байнга хамрын цацлага авч хэрэглэж байгаа гэх мэт урсгал зардлууд байгаа. Цаашид эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна, гомдол санал байхгүй..” гэв

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-13 дүгээр хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл  “...2021 оны 05 сарын 01-ний өдөр...Ш.Э-ыг драйгер багаж ашиглан шалгахад 1,70% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Л.Жамъяандоржийн “...би бас Ш.Э-ыг хөөе удаан яваарай, эсвэл наанаа зогс гэж хэлтэл удалгүй машин замын хажуу тал руу ороод онхолдсон, хэсэг шоконд ороод сэргээд хартал машин доошоо хараад онхолдсон байсан .... автомашин нь  миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Тухайн үед осол болоход автомашин жолоодож явсан Ш.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Жавхлангийн “... ер нь их хурдтай 80км/цагийн хурдтай явж байсан. Би 2-3 удаа Ш.Э-т удаан явах хэрэгтэй, зөөлөн яв гэж хэлсэн боловч миний үгийг сонсоогүй...би хойшоо Жамъяандорж руу харсан тэр үед машин замаас гарч байсан, тэгээд би юм санахгүй байна...автомашин нь Жамъяандоржийн эзэмшлийн машин байгаа юм. Тухайн үед осол болоход автомашин жолоодож байсан Ш.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ...хурдаа хасаач гэж хэлэхдээ хянах самбар руу харах үед 75км/цагийн хурдтай явж байсан...Ш.Э-т ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3807 дугаартай “...1. Б.Анударийн биед баруун талын нүдний ухархайн гадна ханаас суурь ясны их бага далавчруу үргэлжилсэн зөрөө багатай хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, 2 талын нүдний ухархайн доод хана, 2 талын гайморын хөндийн бүх хана, суурь ясны 2 талын жигүүр сэртэн, хамар яс, этмойд хөндий тагнай яс бяцарсан олон ясны сэлтэрхийт нийлмэл хугарал, доод эрүү яс 2 талын эрүүний үений арын сэртэнгийн зөрүүтэй шаантагласан хугарал, 2 талын гайморын хөндийд, суурийн хөндий цус хуралт, нүүр, мөчдийн цус хуралт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай  тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3752 дугаартай “...1. Л.Жамъяандоржийн биед тархи доргилт, дух, баруун чихний дэлбэн, хэвлий, баруун гарын сарвуу, баруун шилбэний зулгаралт, дагзны хуйх, баруун гарын 4-р хурууны цус хуралт, зулайн хуйх, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ... гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3753 дугаартай “1. Б.Жавхлангийн  биед тархи доргилт, зүүн чамархайн хуйх, зүүн хацрын шонтон, хамрын зулгаралт, дээд уруулын шарх, баруун нүдний алимны цус хуралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2 ... гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ... гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 77-76 дугаар хуудас/,

Ашид Билгүүн ХХК 398 дугаартай “...Эзэмшлийн нэр: Л.Жамъяандорж ... Toyota Prius ...Улсын дугаар: 12-32 УНБ... Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 3.233.000...” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /82-84 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ш.Э-ын “...Би 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр найзуудтайгаа лагер дээр архи, пиво ууж байгаад дэлгүүр орохоор Жамъяандорж, Анударь, Жавхлан бид 4 явсан юм. Ингээд дэлгүүр орж пиво аваад буцаад явах гэтэл Жамъяндорж “нэг нь машин бариад явчхаач, би согтоод байна” гэж хэлэхээр нь би машиныг барихаар болоод жолоочийн суудал дээр суугаад хажуу талд Жавхлан суугаад ар талд Анударь, Жамъяандорж хоёр суугаад явсан юм. Ингээд би жолоо бариад явж байхад зам дээр ус тогтсон байхаар нь тойроод гарах гэтэл машин доогуураа нүхэнд цохигдоод замын хажуу талын брожур дээр гараад замын налуу руу машин онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 105 дугаар хуудас/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 112/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 111/, жолоодох эрхий лавлагаа /хх 106/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 107/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх 108/ зэргийг шинжлэн судаллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн бодить байдлыг зөв тогтоосон, оролцогчийн эрхийг хязгаарласан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Э  нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 35 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Өвөргүнтээс Жигжидийн тойрог орох замд  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан  “Жолоочид дараах зүйлийг хоохирглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Toyota Prius” маркийн 12-32 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон, мөн дүрмийн 12.1-т заасан “Жолоочийн хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, замын нөхцлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй, Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэн явсанаас, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, хөдөлгөөний саад тулгарахад Б.Анударийн эрүүл мэндэд нь хүнд, Л.Жамъяандорж, Б.Жавхлан нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-13 дүгээр хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Л.Жамъяандоржийн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Жавхлангийн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3807 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3752 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-69 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3753 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-76 дугаар хуудас/, Ашид Билгүүн ХХК 398 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /82-84 дүгээр хуудас/, шүүгдэгч Ш.Э-ын мэдүүлэг /хх-ийн 105 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар болон шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Анударийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Улсын яллагч шүүхэд гаргасан санал дүгнэлтдээ: Шүүгдэгч Ш.Э-т 2 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасах, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл заалтад тохирч байх тул шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ш.Э гэм буруугийн тал дээр маргаагүй, хохирол төлбөрөө бүрэн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн хариуцна гэсэн тайлбар, түүний өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх санал дүгнэлт гаргаж, хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн нэмэлт ажиллагаа хийлгэх буюу согтуурлын зэрэг зэрэг тогтоохдоо цусан дахь согтуурлын хэмжээг тогтоох ёстой, гэтэл хуульд заасан шаардлагыг хангахгүй зориулалтын багаж ашиглана гэсэн байгаа, мөн 2 хөндлөнгийн гэрч тодорхойгүй гэсэн үндэслэлээр маргасан болно.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, шүүгдэгчийн согтуурлын зэргийг дахин цусаар тогтоох боломжгүй, мөн шүүх хэрэгт авагдсан согтуурсан талаарх шалгасан тэмдэглэл /хх-16 хуудас/, шүүгдэгчийн өөрийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлогдсон хүрээнд үнэлж, дүгнэн шийдвэрлэсэн болно.

Мөн согтуурлын хэмжээг шалгахад хөндлөнгийн гэрчээр 2 хүн тэмдэглэлд гарын үсэг зурсан /хх-16 хуудас/ бөгөөд энэ талаар шүүгдэгч өөрөө маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа, хамтарсан тушаалд дурдсанаар 2 хүнийг хөндлөнгийн гэрчээр байлцуулан гарын үсэг зурсныг шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ноцтой зөрчил гэж үзээгүй болно.

Иргэний нэхэмжлэгч Б.Жавхлан, Л.Жамъяндорж, Ц.Ганболд нар нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй...”,

Хохирогч Б.Анударь нь баримтаар эмчилгээний зардал болох 3.120.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ш.Э нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ш.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч гэм буруу маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Ш.Э-т холбогдох эрүүгийн хэрэг өршөөлийн хуульд хамрагдаж байх тул шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Анударь нь шүүхийн хэлэлцүүлэгт цаашид эмчлүүлэхэд гарах зардлын баримтаа шүүхэд гаргасан боловч шүүх бодит хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бор адуу овогт Шижирбатын Ш.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ш.Э-т оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Хохирогч Б.Анударь нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ