Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1794

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37/Б-7 тоотод оршин суух, Шарнууд овогт Лхамсүрэнгийн Ариунболд /РД:СА78091619/-ын хүсэлттэй,

Н.Нямдоржийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Л.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ариунболд миний бие 2016 оны 11 дүгээр 29-ний өдөр орон сууц түрээслэгч Н.Нямдоржтой 16/01 тоот орон сууцны түрээсийн гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн УБ хот, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 43-46 тоот хаягт байрлах 36 м.кв талбайтай 1 өрөө байрыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр 30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай түрээслэсэн. Хариуцагч нь манай байрыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар түрээслэж байгаад байрыг хүлээлгэж өгөлгүйгээр, урьдчилж мэдэгдэлгүйгээр зугтаж нүүсэн. Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөр, 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын цахилгааны төлбөр, 2016 оны 12 дугаар сарын ус, дулааны төлбөрүүдээ тус тус төлсөн боловч бусад сарын төлбөрүүдээ төлөөгүй. Миний бие байрны түрээсийн төлбөр болон бусад төлбөрийг яаралттай төлөхийг удаа дараа хариуцагчаас шаардахад удахгүй төлнө гэж хугацаа авсан. Улмаар хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр 11-ний өдөр маргааш бүх төлбөрөө төлнө гэж мессэж бичээд сураггүй алга болсон. Маргааш нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлбөрөө төлөхгүй, утсаа авахгүй болохоор нь орой нь байрандаа очиж үзэхэд урьдчилж мэдэгдэлгүйгээр зугтаж нүүсэн байсан ба өнөөг хүртэл нийт 2’051’473 төгрөгийн төлбөрөө төлөөгүй намайг хохироогоод байна. Хариуцагч Н.Нямдорж нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Н.Нямдоржийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Л.Ариунболд нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Нямдоржийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Л.Ариунболд нь “Н.Нямдоржийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор түрээсийн гэрээний үүрэгт 2,051,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Н.Нямдорж нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Нямдаваагийн Нямдорж /РД:ЧС85042776/ нь  албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 1-10 тоот хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 05-ны  өдрийн 142/ШЗ2016/04864 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Нямдоржийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Л.Ариунболдын “Н.Нямдоржийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                                                                                                ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Л.Ариунболдын хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Нямдаваагийн Нямдорж /РД:ЧС85042776/-ийг эрэн сурвалжилсугай.

             2. Нямдаваагийн Нямдорж /РД:ЧС85042776/-ийг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

  

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА