| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/02020/И |
| Дугаар | 1795 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 1795
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 45/6-48 тоотод оршин суух, Боржигин овогт Загдаагийн Тунгалаг /РД:ЧЖ60021861/-ын хүсэлттэй,
Б.Батдэлгэрийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Тунгалаг миний бие төрсөн хүү А.Ононгийн хамтын өмчлөлийн Орон сууцыг хөлслүүлэхээр 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Батдэлгэртэй харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээг 1 жил буюу 2016оны 07 дугаар сарын 10-аас 2017оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатайгаар байгуулсан. Гэрээгээр орон сууц хөлсөлсний төлбөрт сард 350,000 төгрөг буюу жилд 4,200,000 төгрөгийг хөлслөгч талаас хөлслүүлэгч талд төлөхөөр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу орон сууц хөлсөлсний төлбөрийг сараар буюу тухайн сарын 10-ны дотор төлөх үүргийг хөлслөгч тал хүлээсэн. Иргэн Б.Батдэлгэр нь гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасны дагуу гэрээний төлбөрийг сар бүр төлж байгаад 2017 оны 01 дүгээр сараас хойш орон сууц хөлсөлсний төлбөр, орон сууцны ашиглалтын төлбөр төлөх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй болно. Иргэн Б.Батдэлгэр одоогоор хаана байгаа нь мэдэгдэхгүй, гар утас нь холбогдохгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Тунгалаг нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Батдэлгэрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч З.Тунгалаг нь “Б.Батдэлгэрийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,534,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Б.Батдэлгэр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Бямбаагийн Батдэлгэр нь албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, НААҮ 12 дугаар байрны 2-7 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 19-ний өдрийн 102/ШЗ2017/07112 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Батдэлгэрийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч З.Тунгалагын “Б.Батдэлгэрийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Б.Батдэлгэр нь 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар З.Тунгалагын хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бямбаагийн Батдэлгэрийг эрэн сурвалжилсугай.
2. Бямбаагийн Батдэлгэрийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА