| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/01024/И |
| Дугаар | 1796 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 1796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Го-Парк, 301-87 тоотод оршин суух Пүрэвгүн овогт Дамдинрагчаагийн Түвшинжаргал /РД:ХК70040710/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Түвшинжаргал нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Түвшинжаргал намайг Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн даргын 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 дүгээр тушаалаар Төмөр замын цагдаагийн хэлтэст гэрээт цагдаагаар томилж, дэд ахлагч цол олгон Төмөр замын цагдаагийн хэлтсийн даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ний өдрийн 47 дугаартай тушаалаар суудлын цагдаа, 2015 оны 6 сарын 08-ны өдрийн Б/35 тушаалаар суудлын цагдаагаар одоог хүртэл ажиллаж байна. Бид тухайн цаг үед хариуцсан чиглэл, маршутын дагуу суудлын галт тэргэнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэйгээр эргүүлийн цагдаагийн чиг үүрэг гүйцэтгэж байсан. Иймд Д.Түвшинжаргал намайг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Түвшинжаргал нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст суудлын цагдаагаар ажилласныг эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Түвшинжаргал нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд амьдардаг болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолтоор нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан шүүхийн харъяаллыг зөрчөөгүй байна.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлээ “...миний бие 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан боловч ажилд орсон болон гарсан тушаалд суудлын цагдаа гэж бичигдсэн тул Цагдаагийн албаны тухай хуульд заасан ажилласан жил дутуу бодогдох нөхцөл байдал үүсээд байна...” гэж тайлбарлаж байна.
Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай тушаалаар Д.Түвшинжаргалыг тус хэлтсийн суудлын цагдаагаар томилон ажиллуулж байгаад Төмөр зам дахь цагдаагийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн б/53 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь дээрх 47 болон б/53 дугаартай тушаал хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 50/2843 дугаартай албан бичигт суудлын цагдаа нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмын хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нийтлэг чиг үүргийн дагуу үүрэг гүйцэтгэдэг тул хэв журмын цагдаагийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар зохицуулагдаж байна гэжээ.
Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч Д.Түвшинжаргал нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай тушаалаар тус хэлтсийн суудлын цагдаагаар томилогдон ажиллахдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэдэг байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 50/2843 дугаартай албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай тушаал, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын газрын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 13-2079 дугаартай лавлагаа, гэрч А.Төмөрбаатар, Х.Сайхнаа нарын тайлбар, мэдүүлэг зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд дээрх дурдсан нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.Түвшинжаргалыг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг Пүрэвгүн овогт Дамдинрагчаагийн Түвшинжаргалыг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА