Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1876

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа  би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 46-29 тоотод оршин суух, Хүрээ мандал овогт Пүрэвийн Аззаяа /РД:ФД87071337/-гийн хүсэлттэй,

Э.Баярааг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч П.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 сараас 08 сарын хооронд Э.Баяраа нь хамтран ажил эрхлэх нэрээр П.Аззаяагаас удаа дараа мөнгө зээлж байсан бөгөөд нийт 20,400,000 төгрөг болсон. Э.Баяраа нь зээлсэн мөнгөө төлнө гэсэн хугацаандаа барагдуулахгүй байсан тул 2015 оны 11 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулахад 2016 оны 01 сарын 29-ний өдөр Прокурор Д.Оюунгэрэл хянаад “Яллагдагч Э.Баяраа нь гэм буруугаа хулээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь өршөөлд хамрагдах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэж 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 152 дугаар Прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэн Э.Баяраа нь уг өршөөлд хамрагдахдаа өр төлбөрийн хэмжээ болон хэдэн сарын хугацаанд төлж барагдуулах талаар баталгаа гаргаж өгсөн юм. Э.Баяраа нь 2016 оны 01 сарын 27-ны өдрөөс хойш учруулсан хохирлоо барагдуулаагүй тул 2016 оны 05 сарын 10-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 102/Ш32016/17518 дугаар захирамжаар “Хариуцагч Э.Баяраад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 66-21 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Иймд Иргэн Э.Баярааг эрэн сурвалжилж өгнө үү гэв. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч П.Аззаяа нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Баярааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч П.Аззаяа нь “Э.Баярааг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 16,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Э.Баяраа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182 дугаартай тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Э.Баяраагийн бичсэн “Баталгаа” гэх баримт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Э.Баяраа /РД:ЧБ86032575/ нь  албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 66-21 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 17-ны  өдрийн 102/ШЗ2016/17518 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Баяраагийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч П.Аззаяагийн “Э.Баярааг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                                                                                           ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар П.Аззаяагийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Олхонууд овогт Энхбаатарын Баярааг эрэн сурвалжилсугай.

             2. Олхонууд овогт Энхбаатарын Баярааг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг олж, тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

  

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА